Энэтхэг улс хүн амын тоогоор БНХАУ-ыг гүйцлээ. Ингэснээр 1950 оноос хойш анх удаа дэлхийн хамгийн олон хүнтэй орон болж байна. 1950 онд НҮБ дэлхийн хүн амын тооллого явуулж эхэлсэн. Зарим шинжээчид Энэтхэгийн хүн амын тоо өссөн нь тус улсын эдийн засгийн чанарт бас нөлөөлнө гэж ярьж буй. Энэ онд Энэтхэгийн эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй гарч магадгүй.
10 жилийн дараа хүн амын тоо 1.5 тэрбумд хүрнэ
АНУ-ын “Пью Ресерч” (Pew Research Center) судалгааны төвийн мэргэжилтнүүд НҮБ-ын статистик мэдээлэлд үндэслэн Энэтхэгийн хүн амыг хурдацтай өсөлтөд хүргэсэн гол хүчин зүйлсийг нэрлэв. Гэсэн хэдий ч судлаачид албан ёсны Дели 2011 оноос хойг хүн амын тооллого явуулаагүй гэдгийг бас дурджээ. Үүнийг харгалзан үзвэл үнэн зөв найдвартай тоо баримт хэлэх боломжгүй. Өнөөдөр Энэтхэгт 1.4 тэрбумаас илүү хүн амьдарч байна. Энэ нь бүх Европ (744 сая), Хойд болон Өмнөд Америкийн (814 сая) нийт оршин суугчидтай ойролцоо тоо. БНХАУ-ын хүн ам бас 1.4 тэрбумыг давсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд БНХАУ-ын хүн амын тоо цөөрч байгаа бол энэтхэгчүүдийн тоо зогсолтгүй өссөөр байна. НҮБ-ын таамаглалаар Энэтхэгийн хүн амын тоо 2030 оны эхээр 1.5 тэрбумыг давж, 2064 он хүртэл өсөлт нь саарч, 1.7 тэрбумд хүрэх магадлалтай. НҮБ-ын шинжээчид Энэтхэгийн хүн ам зүйн 2065 оноос хойших динамикийг хоёр хувилбараар таамаглаж буй. Хэрэв шинэ төрөлтийн өсөлт өндөр түвшинд хэвээр байвал 2068 онд хүн амын тоо хоёр тэрбумыг давах аж. Харин төрөлтийн коэффицент буурсан тохиолдолд 2047 оноос хүн амын тоо цөөрч, 2100 он гэхэд нэг тэрбум хүртэл буурч болзошгүй.
Дэлхий дээрх 25 нас хүрээгүй таван хүн тутмын нэг нь Энэтхэгт оршин суудаг
Энэтхэгийн хүн амын өсөлтийн таамгийг тус улсад оршин суудаг 25 нас хүрээгүй залуучууд маш их байгааг үндэслэж баталж болно. Тэдний эзлэх хувь 40 хувиас давдаг. Барууны шинжээчид үүнийг маш өндөр үзүүлэлт гэж дүгнэжээ. Дэлхий дээрх 25 нас хүрээгүй таван хүн тутмын нэг нь Энэтхэгт оршин суудаг. Үүний ачаар Энэтхэгийн хүн амын дундаж нас 28 болж байгаа. Бусад улстай харьцуулж үзвэл, дээрх үзүүлэлт АНУ-д 38, БНХАУ-д 39 нас байгаа аж.
Хүн амын тоогоор Энэтхэгийн дараа бичигдэж байгаа БНХАУ болон АНУ-д ч хүн ам нь хурдан хөгширч буй. 65-аас дээш настай хүмүүсийн эзлэх хувьд Энэтхэгт долоон хувьтай бол, БНХАУ-д 14, АНУ-д 18 хувь болсон. Уг ангиллын энэтхэгчүүдийн эзлэх хэмжээ 2063 он хүртэл 20 хувиас буурч, 2100 он гэхэд 30 хувьд ойртож магадгүй. Энэтхэг улс төрөлтийн хувьд ч БНХАУ болон АНУ-ын үзүүлэлтээс өндөр байна. Гэсэн хэдий ч сүүлийн 10 жилд Энэтхэгт төрөлтийн коэффицент буурчээ.
Сүүлийн үеийн мэдээллээр, энэтхэг эмэгтэйчүүд дунджаар хоёр хүүхэд төрүүлдөг. Уг үзүүлэлтээр ч БНХАУ (1.2) болон АНУ-аас (1.6) илүү байна. Гэсэн хэдий ч энэ нь 1992 оны (3.4) болон 1950 оны (5.9) үзүүлэлтээс хамаагүй бага аж. Мөн статистикаас харахад хотод оршин суудаг энэтхэг эмэгтэйчүүд хөдөө тосгоны эмэгтэйчүүдтэй харьцуулахад ууган хүүхдээ 1.5 жилээр орой төрүүлдэг. Хотод амьдардаг 25-49 насны энэтхэг эмэгтэйчүүдийн анхны хүүхдээ төрүүлэх дундаж нас нь 22.3 бол, хөдөө газар уг үзүүлэлт 20.8 нас байна.
Сүүлийн 30 жилд Энэтхэг улсад нярайн эндэгдлийн түвшин 70 хувь буурсан. Гэсэн хэдий ч бүс нутаг болон олон улсын дунджаас олон хэвээр байгаа. Түүнчлэн Энэтхэгт ирэх цагаачдаас тус улсыг орхин гарч буй хүмүүсийн тоо их. НҮБ-ын мэдээлснээр 2021 онд Энэтхэгээс 300 мянга гаруй хүн гадаадад цагаачилжээ. НҮБ-ын дунд хугацааны таамаглалаар 2100 он хүртэл тус улсыг орхин явах хүмүүсийн эзлэх хувь илүү байх аж.
2023 онд Энэтхэг хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орон болно
Гадаадын шинжээчдийн үзэж буйгаар энэ онд Энэтхэг улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орон болно гэж таамаглаж байна. Хурдацтай нэмэгдэж буй гадаадын хөрөнгө оруулалтын ачаар үйлдвэрлэлээс гадна зээл олголт болон хэрэглэгчдийн худалдан авах чадвар огцом нэмэгдэхэд хүргэж магадгүй. 2022 онд үйлдвэрлэлд шаардлагатай эд ангийн хомсдол болон мөнгөний хүүгийн өсөлт, тус улсын мөнгөн тэмдэгт болох рупийн ханшны уналтаас болж импортын үнэ нэмэгдсэн.
“Deloitte” консалтинг компанийн шинжээчид 2023 онд Энэтхэгийн эдийн засаг өсөхөд “дотоодын хүчин зүйлс” их байгаа гэж үзэж байгаа. Түүнчлэн Энэтхэг гурван асуудалтай тулгарна гэж таамаглажээ. Нэгдүгээрт, энэ онд инфляц өндөр хэвээр байж магадгүй. Хоёрдугаарт, эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын төв банкууд мөнгө-зээлийн бодлогоо чангаруулсан. Энэ нь Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй. Энэ нь дотоод хөрөнгө оруулалт болон хэрэглэгчдийн эрэлтэд нөлөөлнө. Гуравдугаарт, Энэтхэгийн хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал сайжрахгүй байна. Түүнчлэн ковид-19-ийн цар тахал дахин давтагдаж магадгүй гэсэн эрсдэл хөдөлмөрийн зах зээл эргэн сэргэхэд саад болж буй. Гэсэн хэдий ч “Deloitte”-ын мэргэжилтнүүд 2023-2024 оны санхүүгийн улиралд Энэтхэг улс 5.8-6.3 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглав.
ОУВС-гийн ямар таамаг дэвшүүлэв?
Олон улсын валютын сангийн (ОУВС) шинжээчид Энэтхэгийн эдийн засгийн ойрын ирээдүйн боломжийг өөдрөгөөр үнэлж байна. Эдийн засгийн өсөлт 2023 онд 6.1 хувь болж, 2024 он гэхэд 6.8 хувьд хүрнэ гэж таамаглажээ. Өөрөөр хэлбэл, энэ нь 2022 оны үзүүлэлттэй адил гэсэн үг. Харин АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт 2023 онд 1.4 хувь болно гэсэн таамаг бий. Европын бүсийн өсөлтийн таамаг ч 2022 оны аравдугаар сарын 0.5 хувиас 0.7 хувь хүртэл нэмэгдсэн. ОУВС Европын орнууд эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлтөд хүлээж байснаас хурдан хугацаанд дасан зохицож байна гэж мэдээлэв.
Түүнчлэн ОУВС Хятадын эдийн засгийн өсөлтийн таамгийг 2022 оны аравдугаар сард гаргасан 4.4 хувиас 5.2 хувь хүртэл нэмэгдүүлжээ. 2022 онд Бээжингийн явуулсан “Тэг ковид” бодлого тус улсын эдийн засгийн өсөлтийн хурдыг 3 хувь орчмоор удаашруулсан. Үүний улмаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн 40 жилд анх удаа дэлхийн дундаж түвшнээс доошоо орсон билээ.
Энэтхэгийн эдийн засаг хурдацтай өсөж байгаа нь дэлхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг маш ихээр татаж байгаа. Манай гарагийн хамгийн олон хүн амтай тус зах зээлийн өсөлт ойрын 10 жилийн хугацаанд ч хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татам хэвээр байх болно. Гэхдээ Энэтхэг улс хил залгаа оршдог БНХАУ-ын амжилтыг давтаж чадах болов уу. Үүнийг цаг хугацаа харуулна.
М.ХҮСЛЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө