Washington Post: АНУ Украинд дайны шийдвэрлэх үе ирсэн гэдгийг сануулав

Admin | 2023-02-15


   АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Украины эрх баригчдад дайн шийдвэрлэх үе шатанд орсныг, украины арми барууны орнуудаас томоохон хэмжээний цэргийн тусламж авч байгааг, фронтын талбарт амжилтад хүрэх ёстой гэдгийг сануулсан байна. Энэ тухай “Washington Post” сонин эх сурвалжаас эш татан уламжлав. Ирэх саруудад нөхцөл байдал хэцүү хүнд болно гэдгийг нэгдүгээр сард Киевт айлчилсан Америкийн түшмэд анхааруулж байв. Сонинд тайлбар өгсөн эх сурвалж АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын олонх болдог Бүгд найрамдахчууд Украинд үзүүлэх цэргийн тусламжийг багасгах бодолтой байгаа гэсэн мэдээлэл өгчээ.

Ирэх зун Украинд үзүүлэх тусламжийн хөтөлбөр дуусгавар болно. Цаашид Киевт туслалцаа дэмжлэг үзүүлэх хэцүү болно. Жо Байдены засаг захиргаа одоо Украинд дахин 10 тэрбум ам.доллар хуваарилахын тулд Конгресстэй хамтран ажиллаж байгаа. Уг тусламжийн багцыг ОХУ Украин руу түрэмгийлсний нэг жилийн ойн үеэр зарлаж магадгүй. Сонинд ярилцлага өгсөн Жо Байдены засаг захиргааны түшмэл ирэх хавар ОХУ-ын арми давшиж, Украин булаан эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авахын тулд сөрөг довтолгоо эхлүүлж магадгүй гэжээ.      

Америкийн түшмэдийн үзэж буйгаар, Украины арми Донецк мужийн Бахмут хотыг хамгаалж, цаашаа давшихыг нэгэн зэрэг хийхэд хүндрэлтэй байгаа гэнэ. “Хэрэв Украин нэгэн зэрэг дайралт хийж эхэлбэл энэ нь Москвад ашигтай болж магадгүй” хэмээн ярилцлага өгсөн түшмэл ярьсан байна. Үүнээс гадна АНУ-ын тагнуулын алба Украин ОХУ булааж авсан Крымын хойгийг эргүүлэн авч чадахгүй гэсэн шийдвэрт хүрчээ. Харин Киев Украины эзлэгдсэн бүх муж, түүний дотор Крымын хойгийг ч эргүүлэн авах зорилготой байгаа аж.    

М.ХҮСЛЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)