Турк улс яагаад 1999 оны Измитийн газар хөдлөлтөөс сургамж аваагүй вэ 

Admin | 2023-02-15


 

-Хамгийн их сүйрэл дагуулсан газар хөдлөлтийн түүх-

Туркийн зүүн өмнөд хэсэгт оршдог Кахраманмараш мужийн ойролцоо энэ сарын 6-нд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. 10 хоногийн турш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аврагчид тэнд ажиллаж байна. Гэсэн хэдий ч хугацаа өнгөрөх тусам нурангид дарагдсан хүмүүсийг аврах боломж багассаар. Турк улсад гэхэд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 35 мянгыг давлаа. Газар хөдлөлт маш хүчтэй байсан бөгөөд чичирхийлэл нь зөвхөн Туркэд төдийгүй хол ойрын орнуудад ч мэдрэгдсэн аж. Хил залгаа Сири улс ч гамшигт нэрвэгдэж 5000 гаруй хүн нас барлаа. 1999 оны наймдугаар сарын 17-нд Туркийн Измит хотод хүчтэй газар хөдлөлт болж 17 мянга гаруй хүний амийг авч одсон. Түүнээс хойш наймдугаар сарын 17-ныг тус улсад гашуудлын өдөр болгосон. Анкарагийн эрх баригчид одоогоос 24 жилийн өмнө тохиолдож байсан уг гамшгаас сургамж аваагүй байгаа нь энэ удаа батлагдлаа. Измит хотод болсон газар хөдлөлтийн улмаас хэчнээн хүн амь үрэгдсэн, нийгэм-эдийн засгийн уршиг, гамшгийн дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай уншигчдад хүргэж байна.    

Измитийн газар хөдлөлтөд 17 мянга гаруй хүн амь үрэгдсэн

Турк газар хөдлөлт байнга болдог сейсмикийн идэвхтэй бүс нутагт оршдог. Тус улс Африк болон Евразийн тектоник хавтангийн мөргөлдсөн цэгт байрладаг. Энэ нь байнга газар хөдлөх идэвхийг бий болгодог аж. Тийм учраас Туркэд газар хөдлөлт байнга тохиолддог. Гэсэн хэдий ч судлаачдын ярьж буйгаар, байгалийн гамшигт бэлэн байх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил маш их доголдолтой байна. Учир нь 1999 оны Измитийн газар хөдлөлтөөс Турк улс ямар ч сургамж авсангүй. 

Мэргэжилтнүүд 2023 оны хоёрдугаар сарын 6-нд болсон байгалийн гамшгийг 1999 онд Истанбулын зүүн хэсэгт 90 км-ын зайд оршдог Измит хотод тохиосон 7.7 магнитудын газар хөдлөлтөөс хойших хамгийн том гамшиг гэж үзэж байна. Одоогоос 24 жилийн өмнө буюу 1999 оны наймдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Туркэд орон нутгийн 03:02 цагт Мармарын тэнгисийн эрэгт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Эхний хүчтэй хөдлөлтийн хойш 45 секундийн дараа 150 удаагийн чичирхийлэл бүртгэгдсэн аж. Газар хөдлөлтийн голомт Истанбулаас зүүн тийш 90 км-ын зайд оршдог аж үйлдвэр өндөр хөгжсөн Измит хотын ойролцоо болсон. 

Измит нь Туркийн Мармара бүс нутагт, Истанбулаас 90 км-ын зайтай газар оршдог том хот. Тухайн үед 300 мянган хүн амтай байсан. Хэд хэдэн томоохон газрын тос боловсруулах болон химийн үйлдвэр төвлөрсөн хот аж. Газар хөдлөлтийн гамшиг Измит хотыг газартай тэгшилсэн. Зөвхөн албан ёсны мэдээллээр гэхэд 17 мянгаас илүү хүн амиа алдаж, 44 мянга гаруй хүн шархдсан. Түүнчлэн 600 мянга гаруй хүн орон гэргүй болж байжээ. НҮБ-ын Байгалийн гамшгийн аюулыг бууруулах хөтөлбөрийн мэдээлснээр, газар хөдлөлтөд нэрвэгдсэн газар нутгийн хэмжээ 31.250 хавтгай дөрвөлжин км болсон.    

Измитийн газар хөдлөлт Туркийн эдийн засагт яаж нөлөөлөв

Мэргэжилтнүүдийн ярьснаар, 1999 онд болсон газар хөдлөлт Туркийн эдийн засгийг сүйрүүлсэн. Уг эмгэнэлт явдлын дараа Турк улсын 1999-2000 оны улсын төсвийн алдагдал гурван тэрбум ам.долларт хүрч байв. Харин газар хөдлөлтийн хохирол эхний тооцооллоор 25 тэрбум ам.долларыг давсан. Гэтэл дараа нь дээрх тооцоонд дахин 5-7 тэрбум ам.доллар нэмэгдсэн гэж мэдээлж байв. Тэгэхээр 1999 оны гамшгийн нийт хохирол 30 тэрбум ам.доллароос даваад явсан аж. Газар хөдлөлтийн гамшгийн үр дагаврыг арилгахын тулд Туркийн Засгийн газар Олон улсын валютын сангаас (ОУВС) 500 сая ам.долларын санхүүжилт хүсч байв. 

Түүнээс гадна газар хөдлөлтийн улмаас орон нутгийн 2.5 тэрбум доллароор үнэлэгддэг “Түпрас” газрын тос боловсруулах үйлдвэр их хэмжээний алдагдал хүлээсэн. “Түпрас” нь Турк болон Европын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг байв. Тус үйлдвэрт түүхий нефтиэс бензин, дизель түлш, нисэх онгоцны керосин болон бусад тос тослох материал болон химийн бүтээгдэхүүнийг боловсруулна. Компани түүнчлэн Турк даяар шатахуун түгээх станцын сүлжээтэй байжээ. НҮБ-ын гаргасан тайланд компанийн тухай “1964 онд Японд болсон газар хөдлөлтөөс хойш дэлхий дахинд нэг ч газрын тос боловсруулах үйлдвэр тийм хэмжээний хохирол амсаагүй” гэж тэмдэглэгдсэн. Үйлдвэрийг сэргээн босгосон аж.   

Түүнчлэн газар хөдлөлтийн голомт болсон Измит нь Станбултай ойрхон байрладаг тул гамшгийн уршиг Туркийн хамгийн том хотод ч нөлөөлсөн. Тухайн үед Станбул хот ч гэрэл цахилгаангүй болж байв. Ер нь 1999 оны газар хөдлөлт зөвхөн Туркэд төдийгүй, тус улстай хил залгаа хэд хэдэн оронд нөлөөлсөн. Тухайлбал, 2-3 баллын чичирхийлэл Анапа, Кишинев, Симферополь болон Крымын хойгийн Хар тэнгисийн эрэгт бүтнээрээ мэдрэгдсэн. 

1999 оны гамшгийн дараа барилгын стандартад тавигдах шаардлагыг чангатгав

Турк улсад газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх болон гамшгийн үр дагаврыг арилгах асуудалтай холбоотой дүрэм журам хатуу чанга биш. Мэргэжилтнүүдийн ярьснаар, Турк 1939 онд тохиож байсан бас нэг аймшигт газар хөдлөлтийн дараа барилгын салбарын хуулийг чангатгасан ч, ихэнх тохиолдолд хэрэгжээгүй аж. Хязгаар нутагт амьдардаг хүмүүс болон Засгийн газраас хүлээн зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулдаг ард түмний эмзэг бүлгийг хуульд тусгаагүй. Газар хөдлөлтөөр нурсан барилгын ихэнх нь урт хугацааны эрсдэлийг тооцолгүй баригдсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. НҮБ-ын судалгааны тайланд “Туркийн хүн ам хурдтай өсч байгаа болон хот суурин газар, үйлдвэрүүд гамшгийн эрсдэлтэй газар нутагт олноор бий болж буй нь асуудал дагуулж байна. Энэ нь хүн амын болон материаллаг хохиролд маш их гарахад хүргэнэ. Түүнчлэн байгаль орчныг бохирдуулах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ийм асуудлын үр дагавар нь Измитэд болсон газар хөдлөлтийн урьдчилсан нөхцөл байв” гэж онцолжээ. Мөн 1995 онд Измитийн бүс нутагт явуулсан судалгаанаас эш татаж, хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бол 1999 оных шиг олон хүний амь нас болон эдийн засгийн хохирол учрахгүй байсан гэж НҮБ-ын тайланд бичсэн аж.   

Өнөөдөр Туркийн газар нутагт баригдах барилга байшинтай холбоотой шинэ дүрэм журам, стандарт бий. Тэдгээр нь барилгын стандартыг шинэчлэх, газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй бүс нутгийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах болон онцгой байдлын удирдлага, шинжлэх ухаан-судалгааны туршилтын ажил, ард иргэдийг мэдээллээр хангах, боловсрол олгох зэрэг аж. Гэсэн хэдий ч энэ бүхнээс үл хамааран газар хөдлөлт тус улсад ихээхэн аюул заналхийлсээр байна. 

2030 он хүртэл дахин аймшигт газар хөдлөлт болох магадлал өндөр байгааг судалгаагаар тогтоосон

2030 он хүртэл Туркэд дахин аймшигт газар хөдлөлт болох магадлал өндөр байгааг судалгаагаар тогтоож байжээ. Тодруулбал, Станбул хотын захиргаа болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн (JICA) 2008 онд хийж байсан судалгаанд Туркийн Измит хотод тохиолдсон үйл явдал ойрын 20 жилд буюу 2030 он хүртэл дахин давтагдах магадлалтай хэмээн тодорхой бичигдсэн байна. Судалгааны тайланд Туркийн газар нутагт 7.5-7.7 баллын газар хөдлөлт болж магадгүй гэж анхааруулжээ. Түүнчлэн гамшгийн улмаас 70-90 мянган хүн амь үрэгдэж, нэг сая гаруй оршин суугч гэр оронгүй болж магадгүй гэдгийг сануулсан байв.  

Ер нь Турк улс газар хөдлөлт байнга болдог бүс нутагт байрладаг гэдгийг дээр дурдсан. Гэхдээ зохих арга хэмжээг урьдчилан авснаар түүний үр дагаврыг арилгах боломжтой гэж эрдэмтэн судлаачид хэлж байна. Тэдний хэлснээр, Туркэд барилгын стандартыг чангаруулсан ч, хууль журам өнөөдрийг хүртэл хангалттай хэрэгжихгүй байгаа аж. Тийм учраас мэргэжилтнүүд туркууд 1939, 1999 оны байгалийн гамшгаас сургамж аваагүй гэдгийг дахин дахин онцолсон. 2023 оны хоёрдугаар сарын 6-ны газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 35 мянгыг давсан бөгөөд аврах ажиллагаа дуусаагүй учир хохирлын хэмжээ цаашид ч нэмэгдэх магадлалтай. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркийн 10 мужид 170 мянган барилга байшин эвдрэн сүйдэж, 25 мянга гаруй нь бүрэн нурж газартай тэгширсэн. Тийм олон барилга нурсан нэг гол шалтгаан бол авлига гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Туркийн Засгийн газар газар хөдлөлтийн үеэр барилга нурсантай холбоотойгоор 113 хүнийг баривчлах тушаал өгсөн. Тухайлбал, Туркийн Хатай мужид газар хөдлөлтийн явцад бүрэн нурсан “Rönesans Rezidans” нэртэй орон сууцны хорооллын ерөнхий архитекторч эх орноосоо зугтах гэж байгаад Станбулын онгоцны буудал дээр баригдсан. 

Ард иргэд олон мянган хүний амийг авч одсон газар хөдлөлтийн үр дагавар болон шалтгааныг бүрэн судалж, буруутай этгээдүүд зохих шийтгэлээ авна гэдэгт итгэлтэй байна...

М.ХҮСЛЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)