Газрын тосны компаниудын ашиг хоёр дахин нэмэгджээ

Admin | 2023-02-15


Дэлхийн газрын тос олборлогч том компаниудын 2022 оны санхүүгийн тайлан гарч байгаа. Тэдний өнгөрсөн оны ашгийн нийлбэр 223.9 тэрбум ам.долларт хүрсэн нь 2021 оныхоос хоёр дахин их дүн юм. ОХУ газрын тос, байгалийн хийн хамгийн том экспортлогч байсан учир дайны дараа их хэмжээний нийлүүлэлтийн хомсдол үүссэн. Орос Украин руу түрэмгийлсний маргааш л гэхэд нэг баррель нефтийн үнэ 100 ам.долларыг давж, өнгөрсөн оны гуравдугаар сард 127 “ногоон” болж тэнгэрт хадсан. Тиймээс л 2020 онд алдагдалд орж байсан газрын тосны томчууд 2022 онд их хэмжээний ашиг олжээ. 

“ExxonMobil” Секундэд 13.117 ам.доллар олсон

Компанийн 2022 оны орлого 1.4 дахин өсөж 413.7 тэрбум ам.доллар болсон. Энэ нь секунд тутамд дунджаар 13.117 “ногооны” орлого олжээ гэсэн үг. Улмаар тэдний цэвэр ашиг 57.5 тэрбум болж барууны газрын тосны салбарын түүхэн дээд амжилтыг тогтоогоод буй. 

“Chevron”-ы шинэ рекорд

Тэдний өнгөрсөн жилийн цэвэр ашиг 2021 оныхоос 2.3 дахин нэмэгдэж 35.5 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2011 онд тогтоосон өмнөх дээд амжилтаас 36 хувь өссөн дүн аж. Түүнчлэн “Chevron”-ы үйл ажиллагаандаа оруулсан хөрөнгө оруулалт 75 хувь нэмэгдсэнээр Америкаас олборлох газрын тосны хэмжээ нь өдөрт 1.2 сая баррельд хүрсэн байна.

“Shell”-ийн ашиг бас хоёр дахин нугарчээ

Европын газрын тосны акул “Shell”-ийн өнгөрсөн оны цэвэр ашиг хоёр дахин нугарч 40 тэрбум ам.долларын босгыг давав. Сонирхуулахад тэдний жилийн орлогын 40 хувийг шингэрүүлсэн байгалийн хийн орлого бүрдүүлсэн байна. Түүнчлэн компани 4 тэрбумаар хувьцаагаа халааслахаас гадна нэгж хувьцааны ногдол ашгаа 15% нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаад буй. 
Өнгөрсөн долоо хоногт Орос газрын тосны олборлолтоо бууруулахаа мэдэгдсэн. Дайн намжиж, газрын тосны нийлүүлэлт нэмэгдэхгүй бол нэг талдаа бидний бензиний зардал нэмэгдэж, нөгөө талдаа акул компаниудын халаас зузаарсаар байх нь.

 

М.ХҮСЛЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)