ЦЭВЭГИЙН БАЙДЫД АРДЫН ЗУРААЧ ЦОЛ ХҮРТЭЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байдыд Монгол Улсын Ардын зураач цол хүртээв.
Тэрбээр Монголын соёл урлагийн салбарт тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө уран зураг, зураасан зургийн салбарт мэргэшин, “Улаан од”, “Үнэн” сонин болон “Тоншуул” сэтгүүлд зураач, уран сайхны редактороор үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шог зургаар чадварлаг илчлэн шүүмжилж, Монголд анх удаа шог зургийн бие даасан үзэсгэлэнг гаргасан нь үзэгч олны таашаалд нийцэж, мэргэжлийн өндөр ур чадвараар бүтээсэн шог зургуудаараа үе үеийн залуу зураачдыг сурган хүмүүжүүлж, Монгол орны үзэсгэлэнт байгаль болон шог зургийн “Тэнгэр заяат нутаг минь”, “Их Монголын талд” “Наран дуулал” зэрэг олон арван үзэсгэлэнг дэглэж, БНХАУ, ЗХУ, Япон, Солонгос, АНУ, Итали, Франц, Англи, Алжир зэрэг улсад зохион байгуулагдсан олон улсын зураачдын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчлан таниулсан юм.
БҮДЭЭГИЙН РАВАГТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Хошой аварга малчин, Монгол Улсын гавьяат малчин, Увс аймгийн Тэс сумын ахмад малчин Бүдээ овогтой Равагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Тэрбээр Увс аймгийн “Лениний зам” нэгдлээс ажлын гараагаа эхэлж мал аж ахуйн салбарт тасралтгүй 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа 27 жилд нь эх мал маллаж, мал сүргээ үйлдвэрлэлийн даалгавраас давуулан өсгөж, сүүлийн арван жилд олон мянган төл малыг хорогдолгүй бүрэн бойжуулж, малд тарга тэвээрэг авахуулах, малаас авах ашиг шимийг өсгөх болон мал сүргийн бүтцийн зохист харьцааг бий болгох, малын үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхааран уйгагүй хөдөлмөрлөж, БНМАУ-ын хошой Аварга малчин, хошой Энх сүрэгтэн, Мянгат малчин цолыг хүртсэн байна.
Мөн төрөлх сумандаа хүмүүнлэгийн ажлыг өрнүүлэн баг болон сумынхаа 30 гаруй айл өрхийг 1,000 гаруй толгой халуун хошуут малаар малжуулж, мал маллах уламжлалт арга ухааныг залуу малчдад өвлүүлж, малчдын залуу халааг бэлтгэн хойч үедээ үлгэрлэж, хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан юм.
РҮВЖИРИЙН САНДУЙЖАВД АРДЫН ЭМЧ ЦОЛ ХҮРТЭЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган АШУҮИС-ийн Хавдар судлалын тэнхимийн зөвлөх профессор, Хавдар судлалын төвийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч Рүвжирийн Сандуйжавт Монгол Улсын Ардын эмч цол олголоо.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт тасралтгүй 44 жил ажиллахдаа АШУҮИС-ийн Хавдар судлалын тэнхимд багшаас тэнхимийн эрхлэгч хүртэл шат дараалан дэвшиж, халдвар судлалын нарийн мэргэжлийн мэс заслын арга зүйг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, мэс ажилбарыг боловсронгуй болгоход анхааран ажиллахдаа эмчилгээний шинэ аргуудыг клиникийн практикт нэвтрүүлэн, мэс заслын 100 гаруй арга технологийг нутагшуулж, давхардсан тоогоор 726 мянган иргэнд үзлэг оношлогоо, 90 орчим мянган өвчтөнд мэс засал хийснээс 18,500 өвчтөнд элэгний хорт хавдрын мэс заслыг амжилттай гүйцэтгэж, 2011 оноос “Элэг шилжүүлэн суулгах баг”-ийг удирдан зохион байгуулан, амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслуудыг амжилттай хийж, ард олны дунд “Элэгний” хэмээн нэрлэгдэж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тасралтгүй хийж, эмчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, оюутан, эмч, мэргэжилтэн бэлтгэх 100 гаруй хөтөлбөр, сургалтын шинэ стандартуудыг боловсруулж, олон арван эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлүүлсэн юм.