Нэг өрх дунджаар хоёр сая гаруй төгрөгийн зардал гаргана

Admin | 2023-02-16


   Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр гурав хоногийн дараа болох гэж байна. Өв соёл, уламжлалыг тээдэг энэхүү баярыг жил бүр иргэд цомхон, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ хэмээн ярьдаг ч ачир дээрээ өөр сонголт хийж, сэтгэл хөөрлөөр ханддаг нь нууц биш. Иргэдийн дийлэнх нь хэт өөдрөгөөр баярын бэлтгэлээ базаадаг. 2020-2021 онд ковид-19-ийн цар тахлын дэгдэлттэй холбоотой гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэсэн. Мөн нутгийн, байгууллагын гэх мэт хавтгайруулан золгодог арга хэмжээг бүгдийг албан ёсоор цуцалж байв. Тэгвэл энэ жилийн хувьд ковидын дараа буюу хамгийн өргөн тэмдэглэх цагаан сар гэдгээрээ онцлогтой. Энэ хэрээрээ өрхийн цагаан сарын төсөв нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Жилээс жилд цагаан сарын өртөг нэмэгдэж байгаа нь тодорхой.

Монголчуудын 60 гаруй хувь нь цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг гэсэн судалгаа бий. Тухайлбал, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй айлуудын 25 хувь, 30-39 насны өрхийн тэргүүнтэй айлуудын 45 хувь, 40-49 настай бол 65 хувь, 50-59 насныхны 85 хувь, 60-аас дээш насныхны 95 хувь нь Цагаан сарын баярт ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Айлууд тус бүр  дунджаар 2 сая төгрөгийг баярт зарцуулбал улсын хэмжээнд хоёр орчим их наяд  төгрөгийн зардлыг гаргана гэсэн үг. Үндэсний Статистикий хорооноос нэг өрх дунджаар 1.2 сая төгрөгийг цагаан сард зарцуулахаар байна хэмээн мэдээлсэн ч амьдрал дээр доод тал нь 2.0 сая, түүнээс дээш төгрөгөөр цагаан сардаа бэлтгэж байгааг иргэд хэлж байна. Айл бүр 1.2-3.5 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Санхүүдээ тулгуурлан айл бүрийн зарцуулалт өөр өөр бөгөөд олон хүн ирдэг настайчуудын хувьд 4-5 сая төгрөг зарцуулж байгаа аж. Харин залуучуудын хувьд харьцангуй бага зардлаар цагаан сараа тэмдэглэнэ. 

Үнэндээ монголчууд сар шинийн баяртаа өндөр ач холбогдол өгдөг. Цагаан сар дөхмөгц үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бэлэн мөнгийг бэлгэнд өгнө хэмээн жил бүр ярьдаг ч цагаа тулахаар импортын бараа бүтээгдэхүүнийг сонгож буй нь хэд, хэдэн  шалтгаантай.Тухайлбал үндэсний үйлдвэрлэгчид нэг үеэ бодвол бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулсан ч үнийн хувьд импортын бараанаас хэт өндөр байгаа нь өөр сонголт хийхэд хүргэдэг байна. Улмаар хүний хэрэгцээг хангах бүтээгдэхүүн ховор, улиг болсон нэр төрөлтэй гэдгийг хэрэглэгчид шүүмжилдэг. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ стандартад анхаарч, нэр төрлөө олшруулан зах зээлийн зарчмаар өртөг, зардлаа бодитоор тооцож үнэ тогтоох нь импортын барааг хазаарлах хөшүүрэг болно. Нөгөөтэйгүүр дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн төрийн бодлого байх шаардлагатай аж. Тиймээс дотоодын үйлдвэрлэлээс илүүтэй импортын бараа буюу бэлэг сэлтэнд айлууд цагаан сарын баярт төсөвлөсөн мөнгөний 50 хувийг зарцуулдаг. Үүнээс үзэхэд дор хаяж нэг их наяд төгрөг гадагшилж, гадаад валютын урсгалыг тэлэхээр байна. Манай улсын импортын барааны 36  хувийг БНХАУ, 30 хувийг ОХУ бүрдүүлдэг бол үлдсэн нь Турк, Солонгос, Япон, АНУ, Герман, Энэтхэг, Франц, Польш зэрэг орнуудад ногддог.

Цагаан сарын баяр нь дотоодын үйлдвэрлэгчдийн, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд гол борлуулалтын үе гэж хэлж болно. Цагаан сарын баярын тавгийн идээ (хэвийн боов, ааруул, чихэр), баярын гоёлын хувцас (дээл), гарын бэлгийн (оймс) үйлдвэрлэл яг энэ үед хамгийн өндөр байдаг. 

Цагаан сарын баяраар ахмад настнаа хүндэтгэн золгохдоо гар хоосон золгодоггүй уламжлалын дагуу хадаг, торго зэрэг бэлэг, сэлт барьж золгодог байсан. Энэ уламжлалт бэлэг нь орчин үед “шинэ” мөнгөн дэвсгэрт болон солигдсон. Үүнтэй холбоотой цагаан сарын баярын өмнө шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихсэх болсон. Монголбанкнаас цагаан сарын баярын өмнө бусад саруудтай харьцуулахад илүү их бэлэн мөнгийг гүйлгээнд гаргадаг байна. 

 

Сар шинийн үеэр иргэдэд хамгийн их ачаалал нэмдэг нь үнийн хөөрөгдөл юм. Худалдаачдын зүгээс шатахуун, инфляц, валютын ханшийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд нөлөөлөө хэмээн тайлбарладаг ч үүнийг бодитоор тооцсон тоон мэдээлэл байдаггүй. Энэ мэтчилэн худалдаа эрхлэгчдийн аман тайлбараар үнэ хөөрөгдөх асуудлыг цэгцлэхээс эхлээд үнэд хяналт тавих бодитой зохицуулалт шаардлагатай байгааг жил бүрийн цагаан сар илтгэж байна.  Энэ жилийн хувьд бараа бүтээгдэхүүн, хүнсний үнэ хэд дахин нэмэгдсэн нь иргэдийн төсөвт хүндрэл учруулж буй. Тухайлбал ҮСХ-ны мэдээллээр энэ сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 6.4 хувь, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар өсчээ. Үүнийг иргэд сар шинийн эрэлтээс үүдэлтэй өсөлт хэмээж байна.

 

Мөн сар шинээр  юань болон ам.долларын эрэлт нэмэгддэг нь импортын бараа бүтээгдэхүүний таталтай холбоотой аж. Тухайлбал он гарснаас хойш юанийн төгрөгтэй харьцах ханш дөрвөн хувиар чангарсан. Энэ мэтчилэн цагаан сарыг тойрсон эдийн засгийн үзүүлэлтүүд өсөлтөөр илэрхийлэгдэж буй юм. Нэг өрх идээ шүүсний зардалд  багадаа дунджаар нэг сая орчим төгрөг зарцуулах тооцоо байна. Үүн дээр хувцас хэрэгсэл, бэлэг сэлт нэмэгдэнэ. Мөн зарим өрхүүд шинэ сарыг угтан гэрийн тавилга, эд хэрэгслээ сольдог. Энэ тооцоог нэмбэл өрхийн зардал тэлнэ. Сар шинийн төсвийг иргэд хаанаас бүрдүүлдэг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Монголчуудын дийлэнх буюу ахмадууд цагаан сарынхаа бэлтгэлээ базаахын тулд цалин болон тэтгэврийн зээл авдаг байна. Сарын өмнөөс эхлэн цалин тэтгэвэрийн зээл авалт нэмэгдсэн хэмээн банкныхан хэлдэг. Зээлдэгчдийн статистикээс үзвэл  2018 онд 520 мянган иргэн, 2019 онд 584 мянган иргэн, 2021 онд 451 мянган иргэн цалин, 2022 онд 524 мянган иргэн цалин, тэтгэврийн зээл авчээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)