Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин усан туулай жилийн сар шинийн барилдаан Бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилж, битүүний орой түрүү бөх тодорлоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Намсрайжавын Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий нар долоо давж, үзүүр түрүү булаацалдахаар үлдсэн. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын залуу заан Баярхүүгийн Бат-Өлзий цагаан сарын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2018 онд улсын харцага цолтой байхад Сар шинийн барилдааны түрүүг хүртэж байсан аж.
Шөвгийн дөрөвт даян аварг Н.Батуурь аварга О.Хангайг амлан авч давсан бол, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл тунаж барилдсан юм. Дунд шөвөг буюу шөвгийн наймд улсын харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарав. Аймгийн арслан Я.Бумбаяр дөрвийн даваанд аварга Ч.Санжаадамба, тавын даваанд аварга П.Бүрэнтөгс нарыг өвдөг шороодуулж “Улаанбаатар хивс” компанийн нэрэмжит шагналыг хүртлээ.
Цагаан сарын барилдаанд дээгүүр зодоглоно гэж бөх сонирхогчдын тааварт багтаж байсан бөхчүүд эхний даваануудад өвдөг шороодож байв. Өнгөрсөн жилийн Цагаан сарын түрүү бөх Э.Мөнхжаргал нэгийн даваанд бүдэрсэн. Мөн улсын харцага Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон, улсын начин Э.Даш, Д.Амарсайхан зэрэг ид барилдаж буй, дээшээ үзнэ гэсэн бөхчүүд нэгийн даваанд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, улсын харцага Л.Лха-Очир, Х.Гантулга, улсын начин Н.Мустафа нар хоёрын даваанд унасан. Гурвын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ц.Одбаяр, Б.Серик, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ улсын начин Ч.Батчулуун нар өвдөг шороодов.