АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт Украины нийслэл Киев хотод хүрэлцэн ирлээ. Түүний Украины нийслэлд хийх айлчлалыг урьдчилан зарлаагүй аж. Хоёрдугаар сарын 20-ны үдээс хойш Жо Байден болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын Киев хотын Михайлов сүмд очсон видео бичлэг тархлаа. Украины хэвлэлүүд АНУ-ын төрийн тэргүүн Михайловын сүмд дайнд амь үрэгдсэн украин иргэдэд хүндэтгэл үзүүлэхээр очсон тухай бичжээ. Дараа нь В.Зеленский “Телеграм” сувагтаа “Жо Байден, Киевт тавтай морилно уу. Таны айлчлал – Украины ард түмэнд том тусламж” хэмээн талархал илэрхийлсэн байна. Цагаан ордны тэргүүн ч “АНУ ардчиллыг, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал болон тусгаар тогтнолыг дэмжиж байгааг батлахын тулд” Киевт ирсэн гэж мэдэгдэв.
Украины Гадаад хэргийн яамнаас Киев барууны “гол” түншийн нэг орны удирдагч ирнэ гэж өмнө нь мэдээлсэн. Украины Гадаад хэргийн дэд сайд Андрей Мельник ОХУ Украинд түрэмгийлсний нэг жилийн ойн өмнөхөн “сюрприз” бэлдэж байгаа гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёрдугаар сарын 21-нд Польш улсад айлчлахаар төлөвлөж байв. Цагаан ордон Жо Байден Украинд очих талаар мэдээлээгүй аж. Украины агаарын орон зай хаалттай байгаа учраас барууны удирдагчид Киевт айлчлахдаа төмөр замаар зорчсон. Харин Жо Байден Украинд юугаар очсон нь тодорхойгүй.