Даваа гарагт Турк болон Сирид газар хөдөлж, 11 хүн амь үрэгджээ

Admin | 2023-02-21


Турк болон Сири улсын хил орчмоор энэ сарын 20-нд буюу өнгөрсөн даваа гарагт хүчтэй газар хөдөлж, 11 хүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн 700 гаруй хүн шархаджээ. Энэ тухай “Reuters” агентлаг уламжлав. Туркэд зургаан хүний амь эрсэдсэн тухай тус улсын байгалийн гамшгаас хамгаалах газрын эх сурвалжаас эш татан “Hurriyet” сонин мэдээлжээ. Мөн 294 хүн гэмтэж бэртсэн байна. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Хожагийн хэлснээр, 18 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэднийг Адана болон Дортиол хотын эмнэлэгт хүргэжээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.    

“Al Arabiya” телевизийн мэдээлснээр, Сирид болсон гамшгийн үеэр хүмүүс сандралд орж эмх замбараагүй байдал үүссэний улмаас Алеппо болон Тартус хотод дөрвөн хүн олны хөлд дарагдаж амиа алджээ. “Sky News Arabia” телевизийн уламжилснаар, Газар дундад тэнгисийн эрэгт байдаг Латакия хотод бас нэг эмэгтэй амь үрэгджээ. Газар хөдлөлтийн төв цэг Туркийн Хатай мужийн ойролцоо бүртгэгдсэн байна. Рихтерийн шаталбараар 6.4 болон 5.8 баллын хүчтэй хоёр удаагийн хүчтэй хөдлөлт болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)