АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Дундад Азид айлчилж байна

Admin | 1 Жилийн өмнө


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр Казахстанд албан ёсны айлчлалаар хүрэлцэн очсон байна. Тэрбээр Астана хотод Дундад Азийн таван бүгд найрамдах улсын Гадаад хэргийн сайд нартай С5+1 форматаар уулзалт хийнэ. “Энэ бол Э.Блинкений Жо Байдены засаг захиргааны ахлах дипломатчийн хувьд тус бүс нутагт хийж буй анхны айлчлал” гэж “Reuters” агентлаг мэдээлэв. АНУ-ын Төрийн бичгийн даргын Дундад Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нартай хийх уулзалт ОХУ Украин руу түрэмгийлсний нэг жилийн ойтой давхцаж байна. Улс төр судлаачдын үзэж буйгаар, энэ дайн Дундад Ази дахь хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудыг өөрийн нөлөөллийн бүс гэж үздэг Оросын геополитикын бодлогын хувьд том сорил болж байгаа аж. Астана руу нисэхээс өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “Twitter” хуудсандаа “Дундад Азийн орнуудтай хийх түншлэлийн харилцаагаа цаашид ч хөгжүүлнэ гэдэгт найдаж байна” гэж жиргэжээ. Энтони Блинкен Астанад айлчилсны дараа Ташкентийг зорьж, Узбекистаны удирдагчидтай уулзалт хийнэ. Тэндээс цаашаагаа Энэтхэг улс рүү нисч, Нью-Дели хотод болох G20-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)