НҮБ: Украины дайнд амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо 8000 давжээ

Admin | 2023-02-28


   Украины дайнд амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо 8000 давсан тухай НҮБ-аас мэдээлжээ. Тус байгууллагын Хүний эрхийн асуудлаарх дээд комиссарын газрын өнгөрсөн сард гаргасан тайланд дээрх тоог дурдсан тухай “ВВС” агентлаг уламжлав. “21.580 хүн янз бүрийн нөхцөл байдлаар сураггүй алга болсон бөгөөд тэдгээрийн 8101 нь амь үрэгдсэн. Амиа алдсан хүмүүсийн дотор 2127 эмэгтэй болон 488 хүүхэд байна” гэж НҮБ-ын тайланд тусгажээ. “Ихэнх нь агаарын цохилтын үеэр, их бууны галд өртөж, мөн үй олноор хөнөөх тийрэлтэт пуужинд өртөж амь үрэгдсэн” гэж “ВВС” мэдээлэв. 
НҮБ-ын Хүний эрхийн асуудлаарх дээд комиссарын газар Украины энгийн иргэдийн нөхцөл байдлын тухай сард нэг удаа тайлан тавьдаг аж. Уг тайланд амь үрэгдсэн гэдэг нь тодорхой болж баримт бичигт тусгагдсан хүмүүсийн бодит тоог оруулдаг. Украины дайнд алагдсан энгийн иргэдийн тоо дээрхээс хамаагүй их байж магадгүй. Учир нь сүүлийн хэдэн сарын турш байнга ширүүн тулалдаан явагдаж буй хот суурин, тосгоноос (Мариуполь, Северодонецк, Лисичанск, Соледар болон Бахмут хот зэрэг) бүрэн мэдээлэл авах боломжгүй байгаа.

М.ХҮСЛЭН
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)