Манай улсын ББСБ-ын салбарын орлого нэг ихнаяд төгрөгт дөхөв

Admin | 2023-03-01


Манай улсын банкны салбарын өнгөрсөн оны ашиг орлого нэг их наяд төгрөгт хүрсэн тухай арилжааны банкуудын 2022 оны тайлангаас харагдсан. Тэгвэл Монголын банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын салбарын ашиг өнгөрсөн онд 49 хувь өсөж 312.9 тэрбум төгрөгт хүрчээ. Өнгөрсөн жилийн хугацаанд тус салбарт үйл ажиллагаа явуулж буй 513 ББСБ нийт 2.7 их наяд төгрөгийн зээл олгосон нь 2021 онтой харьцуулахад 35.3 хувь нэмэгдсэн үзүүлэлт аж. Зээл олголт нэмэгдсэнтэй холбоотойгоор уг салбарын зээлийн чанаргүйдэл 0.6 нэгж хувиар өсөж чанаргүй зээлийн хэмжээ 7.6 хувьд хүрсэн байна. Саарын хажуугаар сайн байлгүй л яах вэ. Гол үйл ажиллагаа өргөжсөн нь хүүгийн орлогыг 66.5 хувь өсгөж 702 тэрбум төгрөгт хүргэжээ. Энэ эрчээрээ ирэх жил энэ салбарын хүүгийн орлого 1 их наядад хүрч магадгүй.

 

Технологийн дэвшлийг ашиглаж байна

Технологийн дэвшлийг эрчимтэй нэвтрүүлж буй энэсалбарт 2021 онд 28 ББСБ дижитал зээл олгодог байсан бол өнгөрсөн онд 37 ББСБ бүртгэгджээ. Тэд өнгөрсөн онд нийт 461 тэрбум төгрөгийн зээлийг нийт зээлдэгчдийн 78.8 хувьд олгосон ба нэг зээлдэгчид дунджаар 492.6 мянган төгрөгийн зээл олгосон аж. Гэхдээ өнгөрсөн онд 49.7 хувь нэмэгдсэн дижитал зээлийн өсөлт нь өр, орлогын харьцааг 70 хувь байхаар тогтоосонтой холбоотойгоор энэ оноос удаашрах эрсдэлтэй байгаа.

 

Хувьцаа гаргасан ББСБ-ууд хэр ашигтай ажиллав

Олон нийтэд хувьцаагаа гаргасан ББСБ-ын нийт цэвэр ашиг 49 хувь өсөж 312.9 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь ББСБ тус бүрд дунджаар 609.9 сая төгрөгийн цэвэр ашиг ногдож байгаа гэсэн үг. Гэхдээ салбарын нийт цэвэр ашгийн 14.6 хувийг нээлттэй таван ББСБ бүрдүүлсэн бөгөөд тэднийг “Инвескор” ББСБ (INV) 32.9 тэрбум төгрөгийн ашигтайгаар тэргүүлсэн бол шинэхэн гишүүн “Сэндли” ББСБ (SEND) 3.1 тэрбумын ашигтайгаар зарим хууччуулыг ардаа орхижээ. Харин нээлттэй таван ББСБ-ын үнэлгээ өнгөрсөн онд дунджаар 10.8 хувь унасан бол он гарсаар 2.4 хувь өсөөд байна.

М.ХҮСЛЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)