Ганц бие хүмүүсийн тоо нэмэгдэж буй нь БНСУ-д том асуудал болжээ

Admin | 2023-03-02


   Ази тивийн хамгийн өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад сүүлийн жилүүдэд шинээр мэндлэх хүүхдийн тоо эрс багасч, хүн амын дунд хөгшин хүмүсийн эзлэх хувь нэмэгдсэн нь маш том асуудал болоод буй.  

Өмнөд Солонгосын одоогийн бодит нөхцөл байдалд тус улсын хүн ам зүйн нөхцөл байдал мэдэгдэхүйц өөрчлөлтөд орж байна. Сүүлийн хэдэн арван жилийн турш тус улсад хүн амын идэвхтэй хөгшрөлт тасралтгүй нэмэгдэж, эмэгтэйчүүдийн төрөлтийн үзүүлэлт багасч, түүнчлэн ганц бие амьдрахыг илүүд үздэг хүмүүсийн тоо өссөөр байгаа нь анзаарагддаг. БНСУ-ын нийгэмд ганц бие хүмүүсийн тоо нэмэгдсэн шалтгаан болон үүнд нөлөөлөх асуудлын талаар тоймлон хүргэж байна.  

 

Хүн амын тоо гурван жил дараалан буурав 

 

“Statista” цахим хуудсын мэдээлснээр, 1953 оноос эхэлж 1990-ээд он хүртэлх хугацаанд Өмнөд Солонгосын оршин суугчдын тоо янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр огцом өссөн. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд өсөлт мэдэгдэхүйц буурсан. 2020 онд тус улсын хүн амын тоо ойролцоогоор 51.78 сая байсан бол, нэг жилийн дараа 51.6 сая болж багассан байна. Статистикийн мэдээллээс харахад, 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар БНСУ-д бүртгэгдсэн оршин суугчдын тоо 51.4 сая болжээ. Энэ нь жилийн өмнөх үзүүлэлтээс 0.39 хувиар бага. Ингэснээр гурван жил дараалан тус улсын хүн амын тоо уруудаад байгаа нь харагдах аж. Өөрөөр хэлбэл, шинээр мэндэлсэн хүүхдээс нас барсан хүний тоо илүү байгаа гэсэн үг. 

 

Өмнөд Солонгос 2025 онд “хэт хөгшрөлттэй” улс болно

 

Төрөлтийн түвшин буурч, хөгшин хүмүүсийн эзлэх хувь эрс нэмэгтэж буй нь өнөөдөр Өмнөд Солонгостой нүүр тулгарч байгаа хамгийн том асуудлын нэг болж хувирлаа. Сүүлийн жилүүдэд солонгосчуудын дундаж наслалт 80-аас 83 болж нэмэгджээ. Харин эсрэгээр нь 2021 онд тус улсад төрөлтийн түвшин 0.81-ээр буурав. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт аж. 

Өнөөдөр тус улсад хөгшин хүмүүсийн эзлэх хувь байнга нэмэгдсээр байгаа. 2025 он гэхэд Өмнөд Солонгос 65 болон түүнээс дээш насны хүмүүс нийт хүн амын 20-иос илүү хувийг эзэлдэг “хэт хөгшрөлттэй” нийгэм болно гэсэн таамаг бий.     

 

Цөөн хүнтэй гэр бүл нэмэгдсээр...

 

Сүүлийн 10 жилийн дотор Өмнөд Солонгосын нийгмийн гэр бүлийн бүтэц ч өөрчлөлтөд өртөж байгаа. Одоогоос 40 жилийн өмнө нэг гэр бүлд дунджаар дөрвөөс илүү хүн байсан бол, өнөөдөр ердөө 2-3 хүнтэй аж. Оршин суугчдын нийт тоо буурсаар байгаа бөгөөд 2022 онд ганц бие амьдардаг эсвэл нийгмээс тусгаарлагдан амьдрах хэв маягтай хүмүүсийн тоо 9.71 сая болж өсчээ. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс 260 мянгаар их тоо. 

БНСУ-ын “The Korea Herald” сонин тус улсын Статистикийн агентлагийн эх сурвалжаас эш татан мэдээлснээр, 2021 онд Өмнөд Солонгост ганц хүнтэй гэр бүлийн эзлэх хувь түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Гэр бүлийн нийт тоонд эзлэх хувь 2020 онд 31.7 хувь байсан бол жилийн дараа 33.4 хувь болж нэмэгджээ. Статистикийн агентлагийн урьдчилсан таамаглалаар 2030 он гэхэд ганц бие солонгосчуудын тоо нийт гэр бүлийн 35.6, харин 2050 онд 39.6 хувьд хүрнэ. 

Дээрх тоо баримт нь улс орны хүн ам зүйн өөрчлөлтөд орсны нотолгоо. Түүнчлэн Статистикийн агентлаг гэрлэлтээ түр хойшлуулж, эсвэл санхүүгийн хүндрэл, нийгмийн халамжийн өөрчлөлтөөс бол гэр бүл болохгүй ганц бие яваад байгаа залуучуудын тоо эрс нэмэгдсэн гэдгийг онцолжээ. 2021 оны дүнгээр БНСУ-д 20-иос дээш насны гэр бүл болоогүй ганц бие залуучуудын тоо 19.8 хувийг эзэлжээ. Тэгвэл 70-аас дээш настай ганц бие хүмүүс 18.1 хувьд хүрсэн байна. Ганцаараа амьдрахыг илүүд үзсэн 30-аас дээш насныхнан 17.1 хувь болсон аж. Харин 60-аас дээш настай хүмүүсийн 16.4 хувь нь ганцаараа аж төрдөг.      

 

Ганцаараа амьдрах шалтгаан

 

Хүн ам зүйн судалгаа хийдэг мэргэжилтнүүд ганц бие хүмүүсийн тоо олширч байгааг гэрлэлтийн бүртгэлийн түвшин буурсан, гэр бүл салалт ихэссэн, мөн залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн зэрэг олон шалтгаантай холбон тайлбарлаж байна. Санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг шаарддаг Өмнөд Солонгосын нийгмийн амьдралын хэв маяг, өндөр өртөг зэрэг олон асуудал ганц бие амьдрах хүмүүсийн тоо нэмэгдэхэд түлхэц болдог. Гэр бүлийн харилцааны сүүлийн үеийн чиг хандлагын дагуу тус улсад гэр бүл зохиох дургүй залуучууд ихэссээр. 20-иос дээш насны гэрлээгүй охид бүсгүйчүүдийн тоо өссөөр байгаа. Түүнчлэн эхнэртэй болохоос татгалзаж буй 30-50 насны эрчүүд ч олширсоор.   

      

Ковид-19-ийн цар тахлын улмаас эдийн засаг хямралд өртөж, орон сууц болон түрээсийн үнэ, хүнс, хувцас, ерөнхий барааны үнийн өсөлт, инфляци гээд залуучууд санхүүгийн хүндрэлд өртөх болсон. Мөн залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин өндөр байгаа. Тиймээс тэд хайр сэтгэлийн романтик учрал, болзоо, гэр бүл болж хурим хийх, хүүхэд өсгөхөөс татгалзаж, ганцаараа амьдрахыг илүү үздэг.  

Ганцаараа амьдрах хүсэл эрмэлзэл Өмнөд Солонгосын хүн амын бүхий л бүлгээс анзаарагдана. Ганц бие хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь зөвхөн нийгмийн төдийгүй Өмнөд Солонгосын төр засгийн хувьд ч хурц асуудал болоод байгаа.     

Нэмж дурдахад, БНСУ сүүлийн 16 жилийн хугацаанд төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор 210 тэрбум ам.доллар зарцуулсан. Уг мөнггийг хүүхэд асрах тэтгэмж, мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сүлжээг өргөтгөхөд зарцуулсан. Түүнчлэн залуу гэр бүлүүдэд орон сууц худалдаж авахад нь зориулж бага хүүтэй зээл ч олгожээ. Гэсэн хэдий ч тус улсад хүн ам зүйн нөхцөл байдал сайжрахгүй байна. 

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс БНСУ-ын Засгийн газар нэг нас хүрээгүй хүүхдийн эцэг эхэд сар бүр олгодог тэтгэмжийн хэмжээг 300 мянгаас 700 мянган вон (570 ам.доллар) хүртэл, 1-2 насны хүүхдэд 350 мянган вон (284 ам.доллар) болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл 2024 оноос эхэлж тэтгэмжийн хэмжээ нэг сая болон 500 мянган вон хүртэл өснө. Үүнээс гадна Засгийн газар хүүхэд асрахтай холбоотой эцэг эхийн хоёуланд нь олгох амралтын хугацааг нэг жилээс 1.5 жил болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

 

М.ХҮСЛЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)