Хүнсний топ гурван компани 2022 онд 139.3 тэрбумын ашигтай ажиллажээ 

Admin | 2023-03-02


 

Манай улсын хүнсний үйлдвэрлэлийн хамгийн том компани болох АПУ, Сүү, Талх чихэр гэсэн топ гурав өнгөрсөн онд 139.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Топ гурван хувьцаат компанийн өнгөрсөн жилийн гүйцэтгэлийг харъя. 

АПУ ХК-ийн зардал нэмэгдэж, ашиг багасав

Монголын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй шингэн хүнс үйлдвэрлэгч АПУ хувьцаат компанийн борлуулалтын орлого өнгөрсөн жил 25.3 хувь өсөж 838.8 тэрбум төгрөг болсон ч, ашиг нь 18.7 хувиар багасч, 124.8 тэрбум төгрөг болсон байна. Борлуулалтын орлого өссөн ч, ашиг яагаад хорогдов гэхээр компанийн зардал нэмэгдсэн нь нөлөөлжээ. Тодруулбал, борлуулалтын өртөг 41.5, маркетингийн зардал 36.9, ерөнхий ба удирдлагын зардал 42.1 хувиар тус тус нэмэгдсэн байна. 
Мөн 2022 онд АПУ компанийн хувьцааны үнэ 19.8 хувиар унасан. Гэсэн хэдий ч хувьцаа эзэмшигчдийн тоо 27.6 хувиар нэмэгдэж, 16.7 мянга болсон байна.    

Сүү ХК-ийн ашиг 25 хувиар буурчээ

Манай улсын сүүний ууган үйлдвэрийн борлуулалтын орлого өнгөрсөн жил 8.4 хувь нэмэгдэж 108.8 тэрбум төгрөгт хүрсэн ч, нийт хөрөнгө нь 3.4 хувиар буурч 87 тэрбум төгрөг, ашиг нь 25 хувиар багасаж 8.1 тэрбум төгрөг болсон байна. Учир нь, өнгөрсөн онд Сүү ХК-ийн маркетингийн зардал 35.1 хувиар буурсан ч, борлуулалтын өртөг 7.1 хувь, ерөнхий ба удирдлагын зардал нь 2.1 дахин өссөн юм. 
Түүнчлэн Сүү ХК 2022 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд нийт 1.5 хувийн өгөөжтэй ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчдийнх нь тоо 59 хувь буюу 1.6 дахин өсөв.

Талх Чихэр ХК-ийн бүх үзүүлэлт өсжээ

Өнгөрсөн онд хүнсний манлай үйлдвэр Талх Чихэр ХК-ийн бүхий л үзүүлэлт өсжээ. Тодруулбал, борлуулалтын орлого нь 33.1 хувь өсөж 100.9 тэрбум төгрөг болсноор ашиг нь 25.5 хувиар нэмэгдээ 6.4 тэрбум төгрөгт хүрсэн аж. 2022 онд компанийн зах зээлийн үнэлгээ болон өдөр тутмын гүйлгээний хэмжээ МХБ-д бүртгэлтэй бусад тэргүүлэгч компаниудаас багассан тул ТОП 20 индексээс хасагдсан билээ. Талх чихэр ХК-ийн хувьцааны үнэ 2022 онд 18.2 хувь өссөн ч, хувьцаа эзэмшигчдийнх нь тоо 0.2 хувиар буурсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)