Туркийн сөрөг хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг зарлалаа

Admin | 2023-03-07


Хэдэн сарын турш үргэлжилсэн ширүүн маргааны эцэст Туркийн сөрөг хүчний зургаан намын эвсэл (Ардын холбоо) ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэг хүнийг сонгосон байна. Бүгд найрамдах ардын намын дарга, 74 настай Кемаль Кылычдароглуг сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо гэж Аз жаргалын намын тэргүүн Темель Карамоллаоглу мэдэгджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний дараа К.Кылычдароглу Анкарад цугларсан олон мянган дэмжигчдийнхээ өмнө “Бидний цорын ганц зорилго бол улс орноо хөгжил цэцэглэлт, амар амгалан, баяр баясгалан руу хөтлөх явдал юм. Бид зөвлөлдөж, зөвшилцсөний үндсэн дээр Туркийг удирдана” хэмээсэн байна.   

“Ардын холбоо” эвсэлд нэгдсэн сөрөг хүчний намууд хамтран Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хүн нэр дэвшүүлэх талаар удаан хугацааны турш санал нийлэхгүй байсан. Сүүлийн өдрүүдэд сөрөг хүчний эвсэл задрах шинж тэмдэг хүртэл гарч эхэлсэн аж. Эвсэлд багтсан таван нам Кемаль Кылычдароглу төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихийг дэмжжээ. Харин Сайн намын дарга Мерал Акшенер түүнийг нэр дэвшихийг эсэргүүцсэн байна. М.Акшенер Станбул хотын захирагч Экрем Имамоглу, эсвэл Анкара хотын дарга Мансур Яваш нарын аль нэгийг санал болгожээ. Тэд бас Бүгд найрамдах ардын намын гишүүд аж. Сүүлийн мөчид тохиролцсон гэрээний дагуу хэрэв К.Кылычдароглу сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд сөрөг хүчний бусад таван намын удирдагч Дэд ерөнхийлөгч болно. Үүнээс гадна эвсэлээс Станбул, Анкара хотын захирагчдыг “тохиромжтой нөхцөлд” Дэд ерөнхийлөгчөөр томилохыг томилохыг зөвшөөрчээ. 

Турк улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх тавдугаар сарын 14-нд болно. Одоогийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган өнгөрсөн онд эрх мэдлээ хадгалж, дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Сөрөг хүчний эвсэд хэрэв ялалт байгуулсан тохиолдолд парламентын засаглалын хэлбэр рүү буцахыг хүсч байгаа. Хэдэн жилийн өмнө Р.Эрдоган Турк улсыг парламентын засаглалаас Ерөнхийлөгчийнх рүү шилжүүлсэн билээ. Үүнээс гадна “Ардын холбоо” эвсэл инфляцтай тэмцэх зорилготой бөгөөд улсын төв банкны бие даасан байдлыг сэргээж, Туркийн Европын холбоонд элсэх замыг үргэлжлүүлэхийг зорьж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)