Монголын хүн амын 50.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж, тэд дунджаар 76 насалж байна

Admin | 2023-03-08


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Анх 1908 онд Нью-Иорк хотноо 15 мянган эмэгтэй ажлын цагийг богиносгох, цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагыг тавьснаар дэлхий нийт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй болох суурь нь бий болсон гэдэг. Америкийн Социалист нам энэхүү хөдөлгөөнөөс яг жилийн дараа Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсноо зарлажээ. Харин энэхүү өдрийг олон улсад тэмдэглэх санааг коммунист идэвхтэн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин 1910 онд Копенгагенд болсон Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн бага хурлын үеэр гаргаж, 17 орны 100 эмэгтэйн дэмжлэгийг авчээ. Үүнээс хойш буюу 1975 онд НҮБ албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон түүхтэй. Манай улсад Ардын их хурлын шийдвэрээр эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэж байжээ.

Манай улс 3.5 сая хүн амтай бөгөөд нийт хүн амын 50.7 хувь буюу 1.7 сая нь эмэгтэйчүүд. Тэдний гуравны хоёр нь буюу 69.6 хувь нь хот суурин газарт, үлдсэн гуравны нэг нь буюу 30.4 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна гэсэн судалгаа бий.

Эдүгээ манай улсад хөдөлмөрийн насны 2.1 сая хүн байгаа бөгөөд нийт ажиллагсдын 48 хувь нь эмэгтэйчүүд гэсэн статистик судалгаа бий. Хөдөлмөрийн насны хэрнээ хөдөлмөр эрхлээгүй 978 мянган хүн байгаагаас эдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд аж.

Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуй, боловсрол эрүүл мэнд, үйлчилгээний салбарт түлхүү ажиллаж байна. Тодруулбал эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт ажиллагсдын 82 хувь, боловсролын салбарт 80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн тоо баримт бий. Цалин хөлсийг аваад үзвэл эмэгтэй ажиллагсдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 350.5 мянган төгрөгөөр доогуур гэсэн үзүүлэлтийг ҮСХ-ноос гаргажээ. Энэ нь улсын дунджаас 10 хувь, эрэгтэйчүүдийнхээс 18 хувиар бага үзүүлэлт юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)