БНСУ-д Монголын 53 мянга гаруй иргэн ажиллаж, амьдардаг. Өмнөд Солонгос улс дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны зөвлөх Пүрэвсүрэнгийн Майнбаяртай ярилцлаа.
БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны зөвлөх Пүрэвсүрэнгийн Майнбаяр:
-Танай байгууллага хэзээ байгуулагдсан. Ямар чиглэлээр ажилладаг талаар яриагаа эхлэх үү?
-БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо 2010 оны наймдугаар сарын 22-нд анх үүсгэн байгуулагдсан. 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай холбооны гол зорилго Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монгол эмэгтэйчүүдэд туслах, зөвлөгөө өгөх, тэдэнтэй хамтран ажиллах. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 53.000 гаруй Монголын иргэн сурч, ажиллаж, амьдарч байгаа гэсэн тооцоо бий.
-Солонгост ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүдэд тулгарч байгаа гол асуудал юу байна?
-БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол эмэгтэйчүүдийн хувьд гэвэл, тус улсад эхэлж очих үеэр нэгдүгээрт, хэлний бэрхшээл их байдаг. Хоёрдугаарт, соёлын асар их ялгаа байдаг. Жишээлбэл, солонгос хүмүүс хүндэтгэлийн хэллэгээр ихэвчлэн ярьдаг. Настай хүмүүс ч юм уу, өөрөөсөө дээд албан тушаалтай хүнтэй хүндэтгэлийн хэллэгээр ярих ёстой. Тэрийгээ илэрхийлж мэддэггүйгээс болоод хоорондоо үл ойлголцол үүсдэг тал бий. Бас нэг асуудал гэвэл эмэгтэйчүүд маань ажлын байран дахь дарамт, хүчирхийлэлд их өртдөг.
-Дарамт, хүчирхийлэлд өртсөн хүмүүс танайд хэр их ханддаг вэ?
-Манай холбоонд байнга ханддаг. Дарамт, хүчирхийлэлд өртсөн монгол эмэгтэйчүүдэд манай байгууллагын зүгээс хууль эрх зүйн туслалцаа үзүүлж, тэдний эрхийг хамгаална. Тухайлбал, жирэмсэн ээжүүд манайд ханддаг. Жирэмсэн болгосон залуучууд хариуцлага хүлээхгүй алга болдог тохиолдол маш их гардаг юм байна лээ. Манай холбооны хувьд өнгөрсөн жил гурван жирэмсэн эмэгтэйд тусалсан. Гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвтэй хамтраад тухайн эмэгтэйчүүдийг эсэн мэнд амаржуулахын тулд эмнэлэгт үнэгүй төрүүлж өгөх, дээрээс нь төрсөн хойно хүүхдийг нь вакцинд хамруулах, үнэгүй байрлуулах зэрэг тусламж үзүүлдэг. Зургаан сар хүртэл үнэгүй байрлах байр саваар хангаж, дээр нь хүнсний болон бусад тусламжид хамруулдаг. Ер нь зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол хүмүүст манай байгууллагын зүгээс чадах чинээгээрээ тусалж байгаа.
-БНСУ дахь ЭСЯ-тай хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Элчин сайдын яамтай манай байгууллага нягт хамтран ажилладаг. Байнгын харилцаа холбоотой.
-Солонгос хүнтэй гэр бүл болсон хэчнээн монгол эмэгтэй байдаг вэ?
-2000 гаруй монгол эмэгтэй солонгос иргэнтэй гэр бүл болсон гэсэн албан ёсны тооцоо байдаг. Хэдэн жилийн өмнө манай эмэгтэйчүүд БНСУ-ын иргэнтэй гэр бүл зохиох явдал их байсан. Харин сүүлийн жилүүдэд уг хандлага эрс багассан. Учир нь хоёр орны иргэдийн хооронд соёлын асар их ялгаа байна. Мөн хэлний бэрхшээл бий гээд нэлээд асуудал үүссэн юм билээ. Гэрлэсэн хүмүүс хоорондоо салж нийлэх асуудал ч их гарч байсан болохоор БНСУ-ын зүгээс, ялангуяа тус улсын Гэр бүлийн болон Хууль зүйн яамнаас гадаад иргэдтэй гэр бүл болох хууль журмыг чангатгаж, нарийн шалгууруудыг бий болгосон аж.
-БНСУ-д ял эдэлж байгаа монгол эмэгтэй байгаа юу?
-Ял эдэлж байгаа нэг эмэгтэй бий. Тэр бол БНСУ-ын хууль дүрмийг мэдэхгүй байсны улмаас хэрэгт холбогдсон. Дансаараа их хэмжээний мөнгө оруулаад гаргачихсан. Өөрөөр хэлбэл, тус улсын хууль дүрмийг мэддэггүй байсны улмаас гэмт хэргийн золиос болсон байна.
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 22 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14