V-Dem хүрээлэнгээс улс орнуудын ардчиллын үзэл баримтлалыг тодорхойлж, хэмжих зорилгоор Ардчиллын тайланг долоо дахь жилдээ гаргаж байгаа. Тэдний 2023 оны тайлангаас харахад Монгол Улс ардчиллын индексээр 0.43 оноо авч 179 орны жагсаалтаас 77-д жагсжээ.
Ардчиллын индексийг сонгууль, улс төрийн нам, гүйцэтгэх засаглал, шүүх, иргэний эрх чөлөө, бие даасан хараат бус байдал, хэвлэл мэдээлэл зэрэг судалгаа, асуулга хосолсон 71 үзүүлэлтээр үнэлдэг аж.
Энэ удаагийн ардчиллын индексийн жагсаалтыг Дани тэргүүлжээ. Харин Монголын хувьд 2012 оноос хойш ардчиллын индекс нь эрчимтэй буурсан Орос, Беларус, Киргиз зэрэг 7 улсын нэгд багтаад буй. Манайх 179 орноос 77-д жагсаж байгаа нь өмнөх тайлангийн үр дүнгээс 16 байр ухарсан үзүүлэлт юм. Ухарсан шалтгаан нь мэтгэлцээнгүй сонгууль, нэг намын хэт ноёрхол, хүний эрх, ардчиллын үндэс суурьтай зөрчилдсөн хууль, дүрэм журмууд гэдэг нь ойлгомжтой.
Дэлхийн ардчиллын дундаж түвшин 1986 оны түвшин рүү буурсан аж. Тухайлбал өнгөрсөн жил дарангуйлал руу шилжсэн улсын тоо 42 болж шинэ дээд амжилт тогтоосон бол ардчиллыг ердөө 14 улс л сонгосон аж. 35 жилийн хугацаанд Ази Номхон далайн бүс нутгийн орнууд ардчиллаас томоохон ухралт хийжээ. Түүнчлэн дэлхийн 47 оронд төрөөс хэвлэл мэдээлэлд тавих цензур улам ихсэв.
Автократ дэглэмтэй улсын тоо нэмэгдэж дэлхийн эдийн засгийн 46 хувийг бүрдүүлэх болов. Учир нь Ази, Номхон далайн бүс нутагт 10 хүн тутмын бараг 9 буюу 89 хувь нь автократ улсад амьдардаг аж. Түүгээр ч зогсохгүй ардчилсан орнуудын хоорондын худалдаа 47 хувь болсон бөгөөд 24 жилийн өмнө л гэхэд 74 хувь байсан билээ.
Freedom House: Дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөөний түвшин 17 дахь жилдээ дараалан буурлаа
Хүний эрхийн "Freedom House" байгууллага "Дэлхийн эрх чөлөө-2023" шинэ тайлангаа өнгөрсөн пүрэв гарагт танилцуулсан. Тайлангаас үзвэл, дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөөний түвшин 17 дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлттэй гарсан байна.
"Украины эсрэг ОХУ-ын цэргийн түрэмгийлэл тус улсад хүний эрхийн олон зөрчил гарахад хүргэсэн. Мөн өнгөрсөн онд зөвхөн Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудад бус өөр орнуудад ч иргэний эрх чөлөөний түвшин буурч байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, төрийн эргэлт хийх, хууль ёсны дагуу сонгогдсон засгийн газрыг огцруулах оролдлого өнгөрсөн нэг жилийн хугацаанд Буркина-Фасо, Тунис, Перу, Бразил зэрэг улсуудыг тогтворгүй болгов" гэж тайланд дурджээ.
Тайланг гаргагчдын онцолсноор, улс төрийн болоод иргэний эрх чөлөөний үзүүлэлт нь сайжирсан болон дордсон улс орнуудын тоо хоорондын зөрүү сүүлийн 17 жилийн хугацаанд байгаагүйгээр ойртсон байна. Тодруулбал, Никарагуа, Тунис зэрэг 35 оронд эрх чөлөөний түвшин буурч, Кени, Косово зэрэг 34 оронд сайжирчээ. 2022 онд 195 орноос 84 улс эрх чөлөөт орон гэдэг тодорхойлолтод багтсан байна.
Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 4 оноо авахаас 0 үнэлгээ авсан улс орон, нутаг дэвсгэрүүдийн тоо 2005 онд 14 байсан бол өнгөрсөн онд 33 болж нэмэгджээ. 2022 онд наад зах нь 157 улс орон, нутаг дэвсгэрт хэвлэлийн эрх чөлөөг хавчин боогдуулжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 21 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14