Хуулийн дагуу Ерөнхийлөгч Х Богдыг батламжлах зохицуулалттай

Admin | 2023-03-13


Сүүлийн өдрүүдэд олон жилийн өмнөөс дүр нь тодорсон хэмээн үе үе шуугисаар ирсэн Х Богдын гэгээн дүр ил болсон тухай мэдээлэл олны анхаарлыг татав. Өмнө нь "Тэрний ач хүү Х Богдоор тодорч гэнэ" гэх зэрэг олон мэдээлэл гарч байсан ч тэр дороо үгүйсгэгддэг байсан аж. X Богдыг тодруулах тухай асуудал 2016 оноос эхэлж, энэ цагаас хойш албан бусаар маш их мэдээлэл түгсэн байдаг. Хамгийн сүүлд туулай жилийн цагаан сарын шинийн 3-ны өдөр X Богдыг төв ганданд залж, мөргүүлсэн гэх. Цаашид энэ мэтээр бага багаар олонд таниулах тактиктай ажиллаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байсан.

Харин энэ удаад УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннарын хүү Х Богдоор тодорсон тухай мэдээлэл гарлаа. Үүнийг хэн ч үгүйсгэсэнгүй. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд удахгүй албан ёсоор мэдээлэл өгөхөө мэдэгдсэн. Ямартай ч Х Богд Монголд төрсөн нь тодорхой болж байгаа бололтой.

IX Богд бие нь чилээрхүү болж жанч халахаасаа гурван жилийн өмнө буюу 2010 онд манай улсад урилгаар ирж Монгол Улсын иргэн болсон юм. Тэрээр дахин хувилахдаа Монголд төрнө гэж амласан гэдэг. Мөн Далай лам түүний “Хаана ахин төрөх вэ” гэсэн асуултад нь “Монгол төрөөрэй гэж захисан” гэдгээ хэлж байжээ. Богдыг жанч халснаас хойш гурван жилийн дотор дараагийн дүрийг нь тодруулдаг уламжлалтай. Үүний дагуу Далай лам 2016 онд Монголд айлчилсан. Далай лам буцахаасаа өмнө Их тэнгэрт сэтгүүлчидтэй уулзахдаа “X Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” хэмээн хариулж байв.

X Богдоор тодорсон хүү Ч.Алтаннар, Н.Мөнхнасан нарын ихэр хүүхдийн нэг ажээ

2023 оны гуравдугаар сарын 8-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНЭУ-д дөрөвдүгээр Далай ламын айлдварт УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав охин Э.Мөнхнасан, зээ хүүгийн хамт сууж буй талаарх мэдээлэл түгсэн. Мөн энэ үеэр Далай лам "Энд аравдугаар богд  ирсэн" гэж хэлсэн тухай мэдээлээд байгаа юм.

Далай ламын айлдвартай холбогдуулан Х Богдоор тодорсон гэх хүүгийн талаар судалж үзэхэд хэд хэдэн мэдээлэл олджээ. Уг үйл ажиллагаанд Ц.Гарамжав, охин Н.Мөнхнасан, хүргэн Ч.Алтаннар, зээ хүүгийн хамт оролцсон байна. Энэ хүүхэд бол Ч.Алтаннар, Н.Мөнхнасан нарын хоёр дахь хүүхэд болох ихрүүдийн нэг аж.

Хоёр ихэр хөвүүнийг А.Агуйдай, А.Ачилтай гэдэг. 2015 онд АНУ-д төрсөн.  Давхар иргэншилтэй. Хөвгүүд дээрээ хоёр эгчтэй гэнэ. Чухам энэ хоёрын хэн нь тус айлдварт очсон нь тодорхой бус байгаа юм. Харин хөвгүүдийн нэг нь яг Х Богдоор тодорсон эсэх талаар эх сурвалжуудаас тодруулахад, 2016 онд хэд хэдэн хүүхэд тодруулсан бөгөөд Далай лам тэдгээр хүүхдүүдэд даалгавар өгч, шинжиж явсаар энэ ихрүүдийн нэгийг сонгосон гэх. Ингээд хойд дүрээр зарлах гэтэл хүүгийн аав Ч.Алтаннар зөвшөөрөөгүйн улмаас Богдын асуудал эргээд намжжээ. Харин энэ удаад хүүгийн гэр бүл нэрийг ил зарлахаас түдгэлзээгүй учраас Далай лам нээлттэй ярьсан байж болохоор байна.

Төвдийн хэвлэлд Х Богдын талаар юу гэж бичив

Тэгвэл “RFA Tibetan” хэмээх Төвөдийн бурхан шашны хэвлэлд, Монголоос ирсэн Халх Жэцүндамба Ринбүчид Чакрасамварагийн авшиг хүртээлээ гэж мэдээлсэн байна. Жэцүндамба Ринбүчи гэж Богд Зонховаг хэлдэг. Богд Зонховын түүхийг сөхвөл, түүнд багад нь ном зааж өгсөн Чожэй Дондруб-ринчен лам дөрвөн авшиг хүртээсэн байдаг. Хамгийн эхлээд Чакрасамвара бурхны, дараа нь Хэважра, Ямандаг, Очирваань бурхны авшиг хүртээсэн гэж тэмдэглэгдсэн байдаг.

Харин XIV Далай ламыг Халх Жэцүндамба Ринбүчид хамгийн эхэн шатны (preliminary) авшиг буюу Чакрасамварагийн авшгийг хүртээсэн гэж дээрх хэвлэлд мэдээлсэн байгаа юм. Үүнээс харахад, Богд Зонховын хойт дүрийг тодруулсан нь үнэн, түүнд эхний авшгийг хүртээж эхэлсэн гэж ойлгогдож байна.

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, түүний охин Н.Мөнхнасан нь нөхөр Ч.Алтаннарын хамт эл авшиг хүртээх ёслолд ирж суусан байгаа нь дээрх мэдээллүүдийг бататгаж байна.

Богдын хойт дүр тодорсон Ц.Гарамжавын гэр бүл

Ц.Гарамжав хоёр охинтой. Тэднийг Н.Мөнхнасан, Н.Уртнасан гэдэг. Охидын аав Г.Нармандах гэж математикч хүн байсан бөгөөд 35 насандаа таалал төгссөн гэдэг. Н.Мөнхнасанг ээж нь 14 настайд нь АНУ руу сургахаар явуулсан учраас тэр багаасаа биеэ даасан, хэрсүү хүүхэд болж төлөвшсөн. Харин бага охин Н.Уртнасан бие сул хүүхэд байсан тул ээж нь илүү их анхаарч, цаг заваа зарцуулан өсгөсөн аж. Н.Мөнхнасангийн нөхөр Ч.Алтаннар нь хэрэглээний математикч мэргэжилтэй. Дэлхийн алдартай шинжлэх ухааны сэтгүүлд редактор, банкны зөвлөх, "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан. Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн, доктор, профессор ба эрдэм шинжилгээний бүтээлүүд нь дэлхийд данстай бөгөөд Их Британи улсын “Imperial college”-д багшилж байсан цорын ганц Монгол эрдэмтэн гэгддэг.

Үндсэн хуульд “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заажээ

Богд гэдэг ойлголт монголчуудад XVI зууны үеэс бий болсон. Анхдугаар Богд болох Өндөр гэгээн Занабазар Чингисийн алтан ургийн хүн. Богд гэдэг бурхан шашны тэргүүнтэй дүйцэхүйц ойлголт. Үе үеийн богдууд тодорч явсаар VIII Богд 1924 онд таалал барьсан. Социализмын үед тухайн үеийн нам засгийн бодлогоор богдыг болон хутагт хувилгаадыг тодруулахгүй байсаар 1990 оны ардчилсан нийгэмтэй золгосон.

Ардчилсан нийгэмд шилжсэнээр монголчуудын нэг чухал эрх сэргэсэн нь шашин шүтэх, эс шүтэх эрх. 1999 онд IX Богдыг Монголд анх залж ирсэн. IX Богд тодорхой хугацаанд Монголд амьдарч байгаад улс төрийн нөхцөлөөс шалтгаалан Монголоос явсан. Үүний дараа 2009 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж IX Богдыг Монгол Улсад залж, 2010 онд иргэн болгож, 2011 онд Монгол бурхан шашны тэргүүн хэмээн зарласан. Богд 2012 оны гуравдугаар сарын 1-нд таалал барьсан. Таалал барихын өмнө өөрийнхөө гэрээслэлд дараагийн дүр буюу Х Богд Монголоос төрнө гэж айлдсан. Энэ үеэс эхлэн дараагийн дүр хэрхэх вэ гэдэг асуудал эрдэмтэд, лам хуврагууд болон сүсэгтэн олны анхаарал татсан.

2016 оны арваннэгдүгээр сард Дээрхийн гэгээн XIV Далай багш Монголд айлчилсан. Айлчлалынхаа сүүлийн өдөр Буянт-Ухаа нисэх буудалд хэвлэлийн бага хурал хийж, “Х Богд тодорсон. Нас нь бага учир нэрийг нь дурьдахгүй байя” гэж зарласан. Тэгэхээр долоон жилийн дараа зарлаж байна гэсэн үг.

Монголчууд эрт дээр үеэсээ бурхны шашны тэргүүнээ тойрон хүрээлж, эвлэж нэгдэж байсан. Үүний нэг том нотолгоо нь 1911 онд 220 жил Манжийн дарлалд байсан монголчууд оюун санаа, шашин шүтлэг нэгтэй байсан учир нэгдэж, тусгаар тогтнолоо олж чадсан түүхтэй. Бурхны шашны маш нарийн уламжлалаар үе үеийн богдуудыг дээрхийн гэгээн Далай лам нар тодруулдаг уламжлалтай.

Монгол Улс Үндсэн хуульдаа “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын чиг үүргийг зохицуулахдаа шашны асуудлыг Ерөнхийлөгч хариуцна гэж тусгасан. Тэр ч утгаараа 2009 онд IX Богдыг Монголд залж, Монгол Улсын иргэн болгож, Монголын бурхны шашны тэргүүнээр зарласан. Энэ хуулийн дагуу Ерөнхийлөгч Х Богдыг батламжилж, албан ёсоор зарладаг зохицуулалттай аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)