Нийслэл Улаанбаатар хотын утаа, түгжрэл, стресс, бохирдол, автомашины зогсоол болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж зэргээс шалгаалж хөдөөг зорих иргэд сүүлийн жилүүдэд цөөнгүй нэмэгдэж байна. Энэ хүрээнд “Хөдөө нүүлээ” хөдөлгөөн хүртэл өрнөж, ид хөдөлмөрийн насны голдуу залуус гэр бүлээрээ орон нутгийг зорьдог болсон. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд иргэдийг нийслэлээс хөөх бус харин орон нутагт очиж амьдрах орчин, санхүү, татварын боломжийг нь бүрдүүлээд урьж ирүүлэх чухал.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2015-2020 оны хооронд нийт 43478 иргэн Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжсэн байна. Хамгийн олон иргэн шилжсэн нь Төв аймаг /4665/ байгаа бол дараагаар нь Орхон /3350/, Дархан-Уул /3052/ орсон байна. Харин иргэд хамгийн бага шилжсэн аймгуудад Говьсүмбэр /780/, Баян-Өлгий /628/ багтжээ.
Засгийн газар ч залуучуудыг хөдөө рүү чиглүүлэх асуудалд анхаарал хандуулж, цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөж буй.
Тухайлбал,
-Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгох, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даахаар зохицуулжээ. Мөн хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор төсвийн тодотголд тусгажээ.
-Дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлнө.
-Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна.
-Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно.
-Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ гэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр болжээ.
Дээрх ажлууд бодитой хэрэгжиж чадвал хөдөөг зорих иргэдийн тоо огцом ихсэхгүй ч бага ч болов хэмжээгээр өсөн нэмэгдэнэ.
Залуучуудыг хөдөө рүү чиглүүлсэн Ерөнхий сайдын амлалт юу байв
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, JCI, МЗХ-той хамтран зохион байгуулсан төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулганд 1400 орчим хүн оролцсон бөгөөд цахимаар 1000 гаруй санал, санаачилгыг иргэдээс ирүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, дэд сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар уг чуулганд оролцсон юм. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн болон өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхий сайд чуулганы эхэнд танилцуулсан. Хөдөө амьдрах сэдэл төрүүлэх, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд Засгийн газар анхаарах, иргэд төдийгүй төрийн байгууллагууд ч хөдөөгийн талаарх хандлагаа өөрчлөх шаардлагатайг тэрбээр тэмдэглээд сүүлийн үед орон нутаг руу шилжиж бизнес эрхэлж, ажиллаж, амьдарч буй гэр бүлийн тоо нэмэгдэх болсонд олзуурхаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Өнөөдрийн байдлаар манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Монгол Улсын газар нутгийн 0.3 хувьд байршдаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдардаг. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4, нийт автомашины 84 хувь нь төвлөрч байна.
Монгол Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байна. Тиймээс аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг цаашид орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухал хөшүүрэг болжээ.
Улсынхаа нийслэлд хүн амын хэт бөөгнөрөл бий болсон нь эрх зүйн талаасаа Үндсэн хуулийн зарим зүйл, заалтаас шууд хамаарч байгаа аж. Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ, Монгол Улс нь нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэсэн байдаг нь төрийн байгууллагуудыг нийслэлээс гаргах боломжийг хааж байгаа учир үүнийг засахын төлөө Засгийн газар иргэдээсээ дэмжлэг авч, манлайлж ажиллана гэлээ.
Орон нутагт шилжин суурьшсан иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшигчдын амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлогоор бодитой дэмжих төлөвлөлтийг Засгийн газар хэрэгжүүлэх гэж байгааг ч хэллээ.
Тухайлбал, төвлөрлийг сааруулж, аймгууд хүн амаа өсгөх зорилтын хүрээнд томоохон суурьшлын бүсийн хүн амыг 20 хувь, аймгуудын хүн амыг 10 хувь нэмэгдүүлнэ. Шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон ажлын байр нэмэгдүүлбэл уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ. Орон нутагт шилжин суурьшсан иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно. Орон нутаг руу шилжсэн аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгоно. Дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөх зэрэг боломжийг Засгийн газар хэрэгжүүлэхэд бэлэн болсныг танилцууллаа.
Ямар ч байсан Засгийн газраас орон нутагт шилжин суурьших иргэдийг төрөөс бодлогоор дэмжинэ гэдгийг илэрхийллээ. Гол нь дээрх амлалтууд бодит байдалд биелж, ажил хэрэг болох нь чухал.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 20 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14