Сүүлийн таван жилийн хугацаанд Европын орнуудын зэвсгийн импорт 47 хувиар нэмэгдсэн байна. Энэ тухай Стокгольмын энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгээс (SIPRI) жил бүр гаргадаг тайланд онцолжээ. “Хэдийгээр дэлхийн хэмжээнд зэвсгийн борлуулалт багассан ч, ОХУ-ын хийж буй дайны улмаас Европт нийлүүлж байгаа зэвсгийн хэмжээ огцом нэмэгдсэн” хэмээн SIPRI-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Питер Веземан хэлж байна. Орос Украинд түрэмгийлсний дараа Европын орнууд зэвсгийн импортоо улам нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр мөн дурджээ. Дайны улмаас ОХУ дэлхийн зэвсгийн зах зээл дэх байр сууриа аажмаар алдаж эхэлж байна.
Орос зэвсгийн зах зээл дэх байр сууриа алдаж байна
Удаан хугацааны турш Вашингтон, Москва хоёр зэвсэг нийлүүлэх зах зээлд ноёрхож байсан. Гэхдээ сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-ын байр суурь нэмэгдсэн. Харин зэвсгийн экспортоор гуравт ордог Франц улс Оростой зөрүүгээ мэдэгдэхүйц багасгажээ. Америкийн зэвсгийн экспорт 14 хувиар өссөн бол, Оросынх 31 хувиар буурав. Таван жилийн өмнө ОХУ дэлхийн зэвсгийн зах зээлийн 22 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 16 хувь болсон.
Франц улс сүүлийн таван жилийн хугацаанд зэвсгийн борлуулалтаа нэмэгдүүлж, зах зээлд эзлэх хувиа 7.1-ээс 11 хувьд хүргэжээ. “Оросын зэвсгийн экспорт тухайлбал, Энэтхэгт буурсан. Харин Франц зэвсгийн зах зээлд том байр суурь эзэлдэг болсон. Өнгөрсөн оны сүүлчээр Франц ОХУ-аас хамаагүй их зэвсгийн гэрээ хэлцэл хийсэн” хэмээн Веземан мэдэгдэв.
Орос улс зэр зэвсгийн гол худалдан авагч 10 орныхоо наймд нь экспортоо бууруулсан. Сүүлийн таван жилийн хугацаанд ОХУ хамгийн том худалдан авагч болох Энэтхэгт нийлүүлсэн зэр зэвсэг өмнөхөөсөө 37 хувиар буурчээ. Харин бусад долоон оронд худалдсан зэвсэг нь дунджаар 59 хувиар багассан байна. Харин 2018-2022 оны хооронд БНХАУ руу нийлүүлсэн зэвсэг 39 хувиар нэмэгджээ. Мөн Египетэд хийсэн экспорт 44 хувиар өссөн аж. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ Египетэд зэвсэг нийлүүлээгүй байна. Мөн 2020-2022 онд Хятад руу тээвэрлэсэн зэвсэг 2018-2019 онтой харьцуулахад хамаагүй бага түвшинд байсан. “Ирэх жилүүдэд ч дээрх хоёр орны захиалга буурах магадлалтай” гэж SIPRI-гийн шинжээчид урьдчилан таамаглажээ. Мөн мэргэжилтнүүд Бээжин Оросын зэвсгийн импортоос хараат болж, өөрийн үйлдвэрлэлээ хөгжүүлж байгааг тэмдэглэв.
Украины дайнтай холбоотой Орос улс зэвсгийн экспортоо үргэлжлүүлэн бууруулж, өөрийн армиа хангахаа нэн тэргүүний зорилт болгох төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн зэвсгийн зах зээл дэх Оросын эзлэх хувийг бууруулах өөр нэг хүчин зүйл нь АНУ болон түүний холбоотнуудаас гуравдагч орнуудад үзүүлэх хориг, шахалт байх болно гэж SIPRI тайландаа бичжээ.
Украин зэвсгийн импортоор дэлхийд гуравт жагслаа
2022 онд Украин улс зэвсгийн импортын хэмжээгээр дэлхийд Катар болон Энэтхэгийн дараа гуравт жагслаа. 2018 оноос хойших таван жилийн хугацаанд Украин дэлхийн зэвсгийн зах зээлийн хоёр хувийг эзэлж 14 дүгээр байранд оров. Киевт зэр зэвсэг нийлүүлдэг гол хангагчид АНУ (34%), Польш (17%) болон Герман (11%) болжээ. Украинд хийх Америкийн зэвсгийн экспорт ОХУ-ын түрэмгийллийн дараа огцом өссөн. Гэсэн хэдий ч АНУ-аас Кувейт, Саудын Араб, Катар болон Японд нийлүүлэх зэвсгийн хэмжээнээс доогуур хэвээр байна. Үүний гол шалтгаан нь АНУ дээрх орнуудад байлдааны нисэх онгоц, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг илүү дэвшилтэт, үнэтэй зэвсгийг нийлүүлж байгаатай холбоотой гэж SIPRI бичжээ. Харин Украинд Пентагоны агуулахад байсан хуучин зэвсгүүдийг нийлүүлсэн гэнэ.
Европ зэвсэглэлээ нэмэгдүүлж байна
Умард Атланын цэргийн эвслийн (НАТО) гишүүн Европын орнууд сүүлийн таван жилд зэвсгийн импортыг 65 хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь Оросын тус бүс нутагт явуулж буй бодлогын улмаас аюулгүй байдалд авч буй хариу арга хэмжээ гэж SIRPI-гийн тайланд дурджээ. Европын зэр зэвсгийн хамгийн том импортлогч нь АНУ бөгөөд зах зээлийн 65 хувийг эзэлж байна. Дараа нь Франц (8.6%) болон Өмнөд Солонгос (4.9%) оржээ.
“Ойрын жилүүдэд Европын зэвсгийн импорт өссөөр байх болно. Украины дайнтай холбоотой худалдан авалтын процесс хурдасна” гэж SIRPI-ийн мэргэжилтнүүд урьдчилан таамаглав. Жишээлбэл, 2018-2021 онд Польш улс АНУ-аас 32 байлдааны нисэх онгоц, дөрвөн агаарын довтолгооноос хамгаалах систем захиалсан. Харин Орос Украин руу түрэмгийлсэн 2022 онд Варшав АНУ-аас 394 танк, 96 нисдэг тэрэг, 12 ширхэг агаарын довтолгооноос хамгаалах систем авахаар тохиролцжээ. Үүнээс гадна БНСУ-аас 48 байлдааны нисэх онгоц, 1000 танк, 672 өөрөө явагч их буу, 288 тийрэлтэт артиллери авахаар болсон байна.
“Оросууд Украин руу довтолсноос хойш Европын орнууд их хэмжээний зэр зэвсэг хурдан хугацаанд импортлохыг хүсч байна” гэж SIPRI-ийн ахлах ажилтан Питер Веземан дүгнэв.
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 19 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14