Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Эмэгтэйчүүд, бизнес ба хууль” тайланд Монгол Улс дэлхийн дунджаас +20.6 оноо авсан байна. Ингэснээр манай улс эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хуульчилсан дэлхийн 14 орны нэг болжээ.
Тус тайлан нь эмэгтэйчүүдийн ажил амьдрал, карьерт тухайн улсын хууль тогтоомж хэр ээлтэй байгааг эмэгтэйчүүдийн шилжилт хөдөлгөөн, ажлын байр, цалин, гэрлэлт гэх мэт найман үзүүлэлтийн дагуу үнэлдэг.
Монгол өнгөрсөн онд ахицтай байсан цөөн улсын нэг болсон. Тухайлбал өнгөрсөн онд таван оноо нэмэгдэж 90.6 оноогоор 190 орноос 44-т бичигдэх болов. Тус өсөлтөд эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүстэй ижил хөдөлмөрийн үнэлгээтэй байх боломж болон ээжүүдэд цалинтай чөлөө олгодог зэрэг зохицуулалтууд голлон нөлөөлсөн байна.
Гэхдээ найман шалгуурын долоо нь сайн хангагдаж байгаа ч тэтгэврийн шалгуур дээр сулхан харагдав. Энэ нь эмэгтэйчүүд тэтгэвэрт гарсны дараах тэдний эдийн засгийн баталгааг хангах хуулийн зохицуулалт сул байгааг илэрхийлж байгаа юм. Гэхдээ эмэгтэй ч гэлтгүй ер нь Монголын тэтгэврийн тогтолцоо асуудалтай.
Харин дэлхийн түвшинд “Эмэгтэйчүүд, бизнес ба хууль”-ийн индексийн дундаж оноо 0.5 оноогоор өсөж 77 оноо болов. Ер нь бол удааширсан гэж ойлгоход болно. Тухайлбал, тайланд дурдсанаар 190 орноос бүтэн 100 оноо авсан ердөө 14 улс байсан бөгөөд 12 нь Европын орнууд байв. Харин өнгөрсөн онд дорвитой алхам хийсэн ердөө 18 улс байсан бөгөөд эмэгтэйчүүдийн оролцоог хангасан 34 шинэчлэлийг хуульдаа тусгажээ.
Мальт, Кот-д’Ивуар, Габон зэрэг улсууд анх удаа 90-ээс дээш оноо аваад буй. Тэд юу хийсэн бэ гэхээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тавьдаг байсан янз бүрийн хязгаарлалтыг байхгүй болгож зарим нь оролцоог нь дэмжсэн шинэ зохицуулалттай болсон байна.
Бодит байдал дээрх эмэгтэйчүүдийн бизнес болон эрх зүйн орчин дахь оролцоог сайжруулах улс орнуудын ахиц сүүлийн 10 жилд огцом удааширч буй. Гэсэн ч бага дунд эдийн засагтай орнууд бага багаар ахиц гаргаж байгаа нь гэгээлэг мэдээ юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 19 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14