Монголчуудын дундаж цалингийн ялгаа

Admin | 2023-03-15


Манай улсад нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өнгөрсөн оны IV улирлын байдлаар 21.7 хувь өсөж 1.7 сая төгрөг болжээ. Нийт ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 оноос 200 хувь нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 36.7 хувь л өссөн аж. Дундаж цалингийн талаарх сонирхолтой статистикуудыг харцгаая.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 1.9 сая, эмэгтэйчүүдийнх 1.6 сая төгрөг байгаа юм. Түүнчлэн дундаж цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд ч асар том ялгаа бий.

Тодруулбал, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн их буюу 5.2 сая төгрөг бол, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу дунджаар 1.1 саяын цалин авдаг аж.

Дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл, хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 2.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 20 хувь их байна. Харин орон нутгийн өмчит газарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн бага буюу 1.3 сая төгрөг.

Түүнчлэн дундаж цалинг бүсээр авч үзэхэд Улаанбаатар хотод 1.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 7.2 хувь их байхад бусад бүсэд улсын дунджаас 2.1-33.1 хувь доогуур байна. Тэр дундаа баруун бүсийнх хамгийн бага буюу 1.2 сая төгрөг байгаа аж.

Дундаж цалин хаа сайгүй маш их ялгаатай байгаа нь нийгэм, эдийн засгийн ялгааг томруулж буй. Түүнчлэн салбар хоорондын цалингийн ялгаа нь ур чадвартай хүмүүсийг бага цалинтай салбараас өндөр цалинтай салбар руу шилжихэд хүргэдэг. Тийм ч учраас манай чадварлаг залуус уул уурхай руу шуурах болсон. Иймэрхүү байдлаар үргэлжилсээр байвал шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчин үлдэх нь үү?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)