АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Майк Помпеогийн намтар ном саяхан хэвлэгдсэн билээ. “Америкийн дуу хоолой” агентлагийн сэтгүүлч ноён М.Помпеогоос номынх нь тухай ярилцжээ.
-Та номынхоо нэг бүлгийг коммунист засаглалын аюулын тухай өгүүлжээ. Та бүр Хятадын төрийн тэргүүнийг “дэлхийн хамгийн аюултай хүн” гэж нэрлэсэн байна. Яагаад тэгсэн вэ?
-Одоогийн Хятад орон урьдных шиг биш. Ши Жиньпин ганцаараа захирч буй. Би цэргийн сургуульд суралцаж байхдаа өрсөлдөгчөө үнэлэхийн тулд түүний хүч чадал болон чиглэлийг харах хэрэгтэй гэдгийг сурсан. Бид Хятадын сансар судлал, батлан хамгаалах, интернэтийн салбар дахь хүч чадлыг харж байна. Тэрбумаас хол давсан хэрэглэгчтэй томоохон эдийн засагтай хүчирхэг улс. Зөвхөн Америкт төдийгүй дэлхий дахинд нөлөөлж чадна. Явж буй чиглэлийг нь харвал, Ши даргын дэлхий дахинд нөлөөлөх гэсэн сонирхол ил болж байна. Уг зорилгоор эрчимтэй ажиллаж буй. Бидний оюуны өмчийг хулгайлж, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийг булааж эхэлсэн. Шударга өрсөлдөөн гэдгийг аль хэдийн мартсан. Урьд нь бид манай үнэт зүйлс ижил төстэй биш ч гэсэн, худалдааны харилцаагаар Америкийн эрх ашгийг бодно гэж найдаж байсан. Өнөөдөр тэд эсрэгээрээ ажиллаж байгааг бид харлаа. Ши Жиньпин дарга бол дэлхий дахин нүүр тулж буй хамгийн хүчирхэг өрсөлдөгч. Бидний хойч үеийнхний америк амьдралын хэв маягийн хамгийн том аюул.
-Украины дайн эхэлсний нэг жил болж байхад БНХАУ Орост цэргийн зэр зэвсэг өгнө гэсэн мэдээлэл гарсан. Та В.Путинтэй уулзаж байсан. Түүний болон тойрон хүрээлэгчдийг нь сайн мэднэ. Тухайн үед В.Путины шийдвэрийг буцаах боломж байсан уу. Өнөөдөр дайныг зогсоох механизм бий юү?
-Манай Д.Трампын засаг захиргааны үед хийж гүйцэтгэж байсан ажлууд В.Путиныг айлгаж байсан. Гэхдээ тэр өөрчлөгдөөгүй. Тэр бол Зөвлөлт Холбоот улс задарсныг хамгийн том гэмт хэрэг гэж үздэг. Оросыг Европоос дээгүүр тавихыг хүсдэг. Бүх зүйл аюулаас болгоомжилсноос улбаатай. Барак Обамагийн үед В.Путин Украины газар нутгийн тавны нэгийг эзэлж авсан. Харин Д.Трампын үед цөөм газар ч аваагүй, Европт ч заналхийлж чадаагүй. Гэхдээ шинэ Ерөнхийлөгч сонгогдсоны дараа В.Путин харгис дайныг эхлүүлсэн. Хөгшин тивд ч аюул занал учруулж байна. В.Путиныг хазаарлаж болох байсан. Бид тухайн үед түүнд буруу алхам хийвэл ямар хор уршигт хүргэх тухай нэг бүрчлэн ойлгуулсан. Жо Байден Цагаан ордонд ирснээс хойш В.Путин АНУ-ын зүгээс аюул байхгүй гэж үзсэн. Европт дайн зарласан.
-Номынхоо Хойд Солонгостой холбоотой хэсгийн талаар яривал?
-Тийм ээ. Миний ихэнх цаг хугацаа Хойд Солонгос болон тус улсын удирдагчид зарцуулагдсан. Бид БНАСАУ-ын удирдагчийг цөмийн зэвсэг хийхээс татгалзвал, аз жаргалтай амьдарч болно гэдэгт итгүүлэхийг хичээсэн. Нүүр тулж уулзах үеэр түүний ард түмнээ боддоггүй харгис удирдагч гэдгийг нь ойлгосон. Би БНАСАУ-д анх 2018 онд очсон. Тэр үед Тагнуулын төв газрын дарга байв. Нэгэн америк залуу Хойд Солонгосын шоронд эрүүдэн шүүгдэж, АНУ-д очсоны дараа шархаа даалгүй нас барсан. Уг явдал надад хүнд туссан.
Хоёр дахь удаагаа очсон маань Америкийн гурван иргэнийг хууль бусаар баривчилсантай холбоотой. Би Хойд Солонгосын удирдагчид хандаж, гурван иргэний суллахыг, тэднийг авч явахаар ирсэн гэдгээ хэлсэн. Уулзалт өндөрлөж, нисэхэд хэдхэн минут дутуу байхад Америкийн гурван иргэнийг онгоцны буудалд авчирсан. Бид ямар нэгэн наймаа хийгээгүй. Тэд надтай хамт АНУ-д эсэн мэнд буцаж ирсэн аж. Уг үйл явдал хэнийг ч болов баярлуулсан нь дамжиггүй.
-Та Хойд Солонгос, ОХУ, БНХАУ-ын удирдагчидтай, бүр Ираны алдартай генералтай хүртэл уулзаж байсан. Америкт хэн нь хамгийн аюултай вэ?
-Миний бодлоор Хятадын удирдагч. Тэр маш хүйтэн, ширүүн хатуу хүн. Тэрбээр эрх мэдлээ хэрхэн ашиглахаа мэднэ. Өөртөө тулгарч буй бэрхшээлийг сайн мэддэг. Хүн амын бодлогын хямралыг ч, өөрийнх нь эрхэ мэдэлд тулгарах аюул гээд бүгдийг үнэлж чадна. Өнөөдөр тэр бүх насаараа даргаар ажиллахаар шийдсэн. Өөрийнхө тавьсан зорилгыг биелүүлэх ажилдаа орсон. Үүний дотор Тайванийг БНХАУ-д нэгтгэх зорилго ч бий.
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 18 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14