Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Москвад айлчилж байна

Admin | 2023-03-21


БНХАУ-ын дарга бөгөөд тус улсын эрх баригч Хятадын Коммунист намын удирдагч Ши Жиньпин ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Москвад очсон байна. Түүний айлчлал гурван өдөр үргэлжилнэ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар айлчлал хийж буй. Ши Жиньпиний онгоц Внуково нисэх онгоцны буудалд орон нутгийн 13:00 цагт газарджээ. БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд багтсан бусад албаны хүмүүсийн хөлөглөсөн онгоц үүнээс өмнө Оросын нийслэлд очсон байна. Өчигдөр БНХАУ болон ОХУ-ын удирдагчид албан бусаар уулзжээ.

Ши Жиньпиний айлчлалын өмнө Хятадын “Жэньминь жибао” сонинд В.Путины “Орос ба Хятад – ирээдүйг харсан түншлэл” гэсэн өгүүллэг нийтлэгдсэн аж. Уг материалыг орос хэлээр Кремлийн цахим хуудаст бас гаргажээ. Уг нийтлэлд В.Путин Хятадын удирдагчтай хийх хэлэлцээрт “асар их найдвар тавьж байгаагаа” бичсэн. “Бид жинхэнэ найз бөгөөд төрсөн ахан дүүс шиг” хэмээн Кремлийн тэргүүн өгүүлсэн байна. ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш Хятадын дарга Орост анх удаагаа айлчилж буй.    

Харин Оросын “РИА Новости” агентлаг болон “Российская газета” сонин Ши Жиньпиний өгүүллэгийг нийтэлжээ. Уг нийтлэлдээ Хятадын удирдагч “Хятад болон Орос улс хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хөгжүүлж, өвөрмөц хувь заяаг тодорхойлох шинэ хамтын нийгэмлэг, олон улсын харилцааг бий болгохыг дэмждэг” гэж бичсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Кремльд хийсэн албан бус хэлэлцээ 4.5 цаг үргэлжилж өндөрлөжээ. Хоёр удирдагчийн нүүр тулсан яриа хэлэлцээ Москвагийн цагаар 16:30 цагийн орчимд эхэлж, дараа нь оройн зоогийн үеэр үргэлжилсэн байна. Хоёр улсын удирдагч нар хоёр талын хамтын ажиллагаа болон Украины нөхцөл байдал, мөн Бээжингийн санал болгож буй энхийн төлөвлөгөөний талаар ярилцжээ. В.Путин, Ши Жиньпин нарын албан ёсны уулзалт өнөөдөр  Кремлийн Их ордонд Москвагийн цагаар 15:00 цагт эхэлнэ.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)