Нэрт зохиолч, Холокостын амьд гэрч Майкл Грюнбаум 92 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тухай “The Boston Globe” сонин хэд хоногийн өмнө мэдээлсэн. Тэрээр 80 насандаа бичсэн дурсамж номондоо фашистууд Чехословакийг, өөрийнх нь хүүхэд насыг хэрхэн сүйтгэснийг болон өсвөр насандаа дөрвөн удаа үхлээс хэрхэн амьд үлдсэн тухай бичсэн аж.
“Холокостыг даван туулах нь том хариуцлага, санан дурсаж, хэлж ярьж, хэзээ мартаж болохгүй. Би та бүхнийг Холокостын сургамжийг байнга санаж энэ ертөнцөд болж байгаа буруу зүйлийг засахыг уриалж байна” хэмээн Грюнбаум бичсэн байдаг. Түүнчлэн тэрээр ертөнцийг илүү сайхан болгохын тулд хүн өөрөөсөө эхлэх ёстой гэсэн. 92 настай зохиолч нас барах өдөр Бруклин дэх гэртээ “Zoom” хөтөлбөрөөр хоёр хичээл явуулжээ. Грюнбаум зүрхний өвчнөөр таалал төгсчээ.
Майкл Грюнбаум 1930 оны наймдугаар сарын 23-нд мэндэлж, Прага хотод өссөн. Хүүхэд байхдаа хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байв. Гэвч түүний мөрөөдөл биелсэнгүй. 1939 онд Германы нацистууд Чехословак руу түрэмгийлсэн. Уг явдал Грюнбаумын санаанаас хэзээ ч гараагүй.
Грюнбаумын гэр бүл бүх хөрөнгө, мөнгөө фашистуудад тушааж, Прага хотын нэгэн жижиг орон сууц руу нүүв. 1941 онд түүний аав Карл баривчлагдаж, фашистуудад алуулжээ. Дараа жил нь 12 настай Майклыг ээж болон эгчтэйгээ хамт Чехийн Терезин нэртэй фашистын концлагерь руу илгээсэн байна. Тэнд дотуур байрны умгар өрөөнд 40 гаруй эрэгтэй хүүхдийг байруулжээ. Хожим нь тэдний ихэнх нь янз бүрийн өвчин болон өлсгөлөнгийн улмаас амиа алдсан аж.
Майклын гэр бүл болон өөрөө Освенцим руу илгээх хүмүүсийн жагсаалтад гурван удаа орж байв. Гэхдээ ээж Маргаретийн ачаар тэд аймшигтай тавилангийн савраас мултарч чадсан. Майклын ээж Терезинд фашист офицеруудын хүүхдүүдэд бамбарууш хийж өгдөг байжээ. Түүний гэр бүл жагсаалтад орох бүрдээ, хэрэв өөрийг нь байхгүй бол бамбарууш хийх хүнгүй болно гэсэн шалтгаан хэлдэг аж. Ээж нь 1974 онд нас баржээ. Хийсэн тоглоомынхоо нэгийг хүүдээ өгчээ. Тоглоомыг Саша гэж нэрлэсэн байна. “Би энэ тоглоом бамбаруушын ачаар амьд явж байна. Холокостын үеэр Саша миний амьдралыг аварсан” гэж Майкл ярьжээ.
М.Грюнбаум дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ руу нүүж, Массачусетсын технологийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй дүүргэсэн. Дараа нь Йелийн их сургуульд магистр хамгаалжээ. Эхнэрийнхээ хамт Бруклинд суурьшиж, гурван хүүтэй болсон байна. Түүний хүү Дэвид эцгийнхээ гайхалтай хүн байсан тухай дурсжээ. “Концлагерийг даван туулж чадсанаараа амьдралынхаа сүүлч хүртэл өөдрөг үзэлтэй байв. Аав бидэнд тууштай бөгөөд тэвчээртэй байхыг зааж сургасан. Өөрийнхөө хүссэн зүйлээс хэзээ ч битгий татгалз гэдэг” хэмээн хүү нь ярьжээ. Майкл Грюнбаумын “Орчлонгийн хаа нэгтээ нар байдаг” нэртэй дурсамж ном нь 19 хэлээр орчуулагдан хэвлэгдсэн аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 16 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14