Л.Алтанцэцэг, М.Энхжаргал нар өнөөдөр орой мөнгөн медалийн төлөө тулалдана

Admin | 2023-03-23


Энэтхэгийн Нью-Делид хотод болж байгаа боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. Өчигдөр 1/4 шигшээ тулаанууд явагдаж, дэлхийн аваргын медаль хүртэх боксчдын нэрс тодорлоо. Шөвгийн найм буюу хүрэл медалийн төлөөх тоглолтод манай улсаас анх удаа гурван эмэгтэй тамирчин шалгаран үлдсэн. Тэдгээр гурван тамирчнаас хоёр нь ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангалаа. Энэ нь манай улсын эмэгтэй боксын хувьд түүхэн амжилт боллоо. Учир нь Монголын эмэгтэй боксчид насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас ганц хүрэл медаль хүртэж байсан. 

48 кг-ын жинд хүч үзэж байгаа Лутсайханы Алтанцэцэг шөвгийн наймд Узбекистаны Фарзона Фозиловатай өрсөлдөж, шүүгчдийн 5:0-ийн саналаар ялж, манай тамирчдаас энэ удаагийн ДАШТ-ий анхны медалийг авах нь тодорхой болсон. Түүний дараа рингэнд гарч 52 кг-д тулалдаж буй Оюунцэцэгийн Есүгэн Италийн Сирине Чарабитай хүрэл медалийн төлөө хүч үзсэн аж. Эхний хоёр үеийг итали бүсгүй онооны илт давуугаар ялсан. Ингээд шийдвэрлэх сүүлийн үед О.Есүгэн цаг дуустал ажиллаж, дайрсан ч онооны зөрүүг арилгаж чадсангүй, ялагдлаа. Манай гурав дахь боксчин болох 54 кг-д хүч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Энхжаргал өрсөлдөгч Италийн О.Савчукийг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Эхний үед таван шүүгч бүгд итали боксчинд ялалтыг өгсөн. Харин удаах хоёр үед М.Энхжаргал дайчин тоглож, өрсөлдөгчөө илүүрхсэнээр дэлхийн медальтны эгнээнд нэгдсэн юм. 

Өнөөдөр орой Улаанбаатарын 20:30 цагаас хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тоглолт эхэлнэ. Хамгийн түрүүнд рингэнд гарах 48 кг-ын Л.Алтанцэцэг мөнгөн медалийн төлөөх тулаанаа Мароккогийн Ясмин Моуттакитай хийнэ. 54 кг-д тоглож байгаа М.Энхжаргал Колумбийн Йени Аристай нударга зөрүүлнэ. Ялалт байгуулж чадвал аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох аж.

Энэ удаагийн ДАШТ-д 75 орны 376 тамирчин оролцсоноос 19 улсын боксчин медаль хүртэх болзлоо хангаад байна. Хагас шигшээд хамгийн олон тамирчинтай баг нь Хятадын шигшээ. Тэд долоон медаль аваад байгаа юм. БНХАУ-ын багийн араас Казахстан  6, Энэтхэг  Колумби  4, Франц, ОХУ, Австрали тус бүр 3, Монгол, Марокко, Итали, Тайланд, Тайвань, Бразил тус бүр хоёр тамирчинтай үлдсэн бол, Вьетнам, Беларусь, Япон, БНСУ, Алжир, Азербайжанаас  тус бүр нэг ширэн бээлийтэн медаль авах нь тодорхой болов.

Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган “ногоон” гардана.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)