Молдав улс румын хэлийг албаны болгов

Admin | 2023-03-23


Молдавын Ерөнхийлөгч Майя Санду гуравдугаар сарын 22-нд албан ёсны хэлээ румын болгож өөрчлөх тухай зарлигт гарын үсэг зурав. Тус улсын парламент өнгөрсөн долоо хоногт хуулийн төслийг баталсан аж. Өмнө нь төрийн албан ёсны хэл молдав гэж заасан байв. Майя Санду “Facebook” хуудсандаа румын хэл нь олон нийтийг нэгтгэж, тус улсыг Европын холбоотой интеграцчлахад туслах болно хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “Арав гаруй жилийн хугацаанд Молдавын иргэд румын хэлээр бус “молдав” хэлээр ярина гэсэн хүмүүс биднийг хагаралдуулахыг хичээсэн. Биднийг хагалан бутаргах гэсэн хүмүүс хэл шинжлэлийн талаар огт бодоогүй, тэд Молдавын ирд иргэдийг хоорондоо муудалцуулахыг хүссэн” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

Зарим хэл шинжлэлийн мэргэжилтнүүд молдав хэл гэж байгаагүйг, Румын болон Молдавын ард иргэд румын хэлээр ярьдаг гэдэг. Зарим судлаачид молдав болон румын хэл хоорондоо төстэй гэж үздэг. ЗХУ-ын үед тус улс албан ёсны хэлээ молдав болгож, латин цагаан толгойгоо киррил руу шилжүүлсэн. Харин 1989 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарсны дараа эргээд латин үсэг руу шилжсэн аж. Энэ удаа Молдавын эрх баригчид хэлийг бүрэн өөрчлөөгүй, зөвхөн нэрийг нь сольжээ.

Румын улс Европын холбооны гишүүн. Харин Молдав 2022 онд Европын холбоонд элсэхээр хүсэлт гаргасан. Молдавын иргэдийн олонх нь, үүний дотор Ерөнхийлөгч Майя Санду ч Румыны иргэншилтэй.

ОХУ-ын дэмжлэгээр өөрсдийгөө тусгаар улс хэмээн зарласан “Приднестровийн бүгд найрамдах улсад” албан ёсны хэл нь “молдав хэл” хэвээр үлдэнэ. Гэхдээ тус бүс нутагт орос хэлийг голлон хэрэглэдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)