Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 10 жилийн зөрүүтэй

Admin | 2023-03-24


Манай улсын эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт хоорондоо бараг 10 жилийн зөрүүтэй. Тодруулбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9 байгаа бол эмэгтэйчүүдийнх 74.3 байна. Учир нь эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 21 хувь их байгаа юм. Яагаад ийм нөхцөл үүсэв?

Биеийн эрүүл мэнд: Жендэрийн үндэсний хороо (NCGE)-ны судалгаагаар Монгол эрчүүдийн 52 хувь нь 60 нас хүрдэггүй. Энэ тоо ч үндэслэлтэй бөгөөд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага байдаг. Нэн ялангуяа идэр залуу буюу 25-34 насны бүлгийнхэн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамгийн бага хамрагддаг аж. Үүнээс гадна хорт зуршил гээд жагсаавал явж өгнө.

Сэтгэцийн эрүүл мэнд: Монгол Улс бол дундаж насжилтын зөрүү хамгийн ихтэй 15 улсын нэг. Үүнд нийгмээс үзүүлэх дарамт, жинхэнэ ЭР ХҮН бай! гэсэн хэвшмэл ойлголтууд нөлөөлсөөр эрэгтэйчүүдийн амиа хорлолт нэмэгдэх болсон.

Гунигт үнэн: Нас баралтын бүртгэлээс харахад эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдээс 5.8 дахин их байгаа бөгөөд ихэнх нь хөдөлмөрийн насандаа нас барж байгаа юм.

Мөн эрэгтэйчүүдийн 21.3 хувь нь хөдөлмөрийн насандаа амь насаа алдсан буюу энэ нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2.8 дахин илүү үзүүлэлт юм. Монгол Улсад сүүлийн 10 жилийн дунджаар 16.8 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс 60.4 хувь нь эрэгтэйчүүд, 39.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд шалтгаанаар авч үзвэл зүрх судасны тогтолцооны өвчин (31.2 хувь), хавдар (21.3 хувь), осол гэмтэл, гаднын шалтгаант (15.2 хувь) зонхилж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)