Тогтвортой хөгжлийн зорилт хугацаандаа биелэхгүй нь

Admin | 2023-03-30


2022 онд Ази, Номхон далайн бүс нутгийн Тогтвортой хөгжлийн зорилтын ахиц дөнгөж 14.4 хувьд хүрчээ. Ийм хурдаар бол тус бүс нутаг зорилгодоо хүрэхэд дахин 42 жил шаардлагатай аж. Гэтэл тус хөтөлбөр дуусахад долоон жил л үлдээд байдаг. НҮБ-аас “Тогтвортой хөгжил-2030” хэмээх урт хугацааны хөтөлбөрөөр нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин гэсэн гурван тулгуурт суурилсан 17 зорилтыг дэвшүүлсэн билээ.

Өнгөрсөн онд Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд хүртээмжтэй цэвэр эрчим хүч болон дэд бүтэц, инновацыг хөгжүүлэх зэрэг зорилтуудад хамгийн их ахиц гаргажээ. Харин уур амьсгалын үр нөлөөг бууруулах зорилтод бараг ямар ч ахиц гарсангүй.

Харин Монгол Улсын хувьд 2021 онд Тогтвортой хөгжлийн зорилтын индексэд 63.5 оноо авч 163 орноос 106-д эрэмбэлэгдэж байсан. Түүнчлэн Монголын Тогтвортой хөгжлийн зорилтын индексийн оноо өнгөрсөн 21 жилд 3.6 оноогоор буюу жилд ердөө 0.17-оор л нэмэгджээ.

Монголд чанартай боловсролыг дэмжих зорилт хангагдсан буюу тус индексээс гялайж гялтайх ганц сайн үзүүлэлт нь байв. Гэхдээ үүнийг үнэлэхдээ боловсролын чанар гэхээсээ илүү бичиг үсэг тайлагдалт, хүртээмжийг онцолсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Цаашлаад ахиц үзүүлж байгаа зорилтуудад ядуурлыг устгах, Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх түншлэл зэрэг багтав.

Харин инновац болон дэд бүтцийн хөгжил, ээлтэй хот болон иргэдийн оролцоог дэмжих, өлсгөлөнг зогсоох зэрэг зорилтууд хамгийн асуудалтай нь. Дээрх хэд ч яах вэ асуудалтай ч засахаар ажиллаж байгаа зорилтууд шүү. Тэгтэл уг 17 зорилтоос муугийн мууд уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилт тодров. Энэ нь мэдээж нүүрсний хэрэглээтэй шууд холбоотой.

Цар тахал дайн гээд л ер нь улс орнуудын Тогтвортой хөгжлийн зорилтуудын ахиц сүүлийн хоёр жилд дараалан буурсаар 2021 онд 66.8 оноонд хүрсэн. Үүнд буурай болон эмзэг орнуудын нөхцөл байдал улам хэцүүдсэн, мөн баян орнууд уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилт дээр ахиц гаргахгүй байгаа нь дундаж оноог зулгаасан юм.

Ар араасаа гарч ирж буй глобал асуудлаас болж Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хугацаандаа буюу 2030 он гэхэд биелүүлж амжихааргүй болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)