Эдийн засгийн сайд асан Черногор улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Admin | 2023-04-03


Черногор улсад өнгөрсөн ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Европыг дэмжигч эдийн засагч Яков Милатович ялалт байгуулсан байна. “Европ өнөөдөр” хөдөлгөөнөөс нэр дэвшсэн, тус улсын Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Я.Милатович сонгогчдын 60 хувийн саналыг авчээ. Энэ тухай дөрөвдүгээр сарын 3-ны даваа гарагт шилжих шөнө сонгуулийн явцыг ажиглаж буй Хяналтын төвөөс (CeMI) мэдээлэв.  

Одоогийн төрийн тэргүүн Мило Жуканович сонгуульд ялагдал хүлээв. Тэрбээр 1991 оноос хойш Черногорын Ерөнхий сайдаар таван удаа томилогдож, төрийн тэргүүнээр хоёронтоо (1998-2002 он болон 2018 оноос одоог хүртэл) сонгогдож байв. Шинэ Ерөнхийлөгч тавдугаар сарын 21-нд тангараг өргөж ажилдаа орно. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Яков Милатович таван жилийн дотор улс орноо Европын холбоонд оруулна гэж амласан аж.

Я.Милатович 2020-2022 онд Черногорын Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн жил “Европ өнөөдөр” намыг үүсгэн байгуулжээ. Черногор улс шийдэмгий алхам хийж, Мило Жукановичийн хуучирсан дэглэмээс саллаа. Манай улс Европ руу, улам сайхан, шударга Черногор руу алхам ойртлоо” хэмээн тэрбээр сонгуульд ялсны дараа мэдэгдсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)