АНУ-ын шүүх Д.Трампыг 34 зүйл ангиар буруутгасан ч, хэргээ хүлээсэнгүй

Admin | 2023-04-05


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг баривчилсан тухай СNN агентлаг мэдээлжээ. Экс төрийн тэргүүнийг 34 зүйл ангиар буруутгасан. Америкийн түүхэнд анх удаа төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийг гэмт хэрэг хийснийхээ төлөө шүүхээс яллагдагчаар татлаа. Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа Флорида муж улсад амьдарч байсан Д.Трамп өнгөрсөн даваа гарагт Нью-Йорк хотод ирсэн аж. Тэрбээр 2024 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаж байв. Түүнийг буруутгаж байгаа хэргийн нэг бол порно од Сторми Дэниэлст (жинхэнэ нэр нь Стефани Клиффордс) авлига өгсөнтэй холбоотой. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Дональд Трамп өмгөөлөгчөөрөө дамжуулж Сторми Дэниэлст 130 мянган ам.доллар төлжээ. Арван жилийн өмнө түүнтэй харьцаж байсны тухай хэлэхгүй байхыг порно одоос хүссэн байна. Уг төлбөр хууль бус байгаагүй. Гэхдээ улстөрчийн өмгөөлөгч үүнийг хууль зүйн үйлчилгээний төлбөр хэмээн албан ёсоор баримтжуулжээ. Тэр нь Нью-Йорк мужид хууль бус санхүүгийн ажиллагаанд тооцогддог бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.      

Дональд Трамп өөрт нь тохсон хэргүүдийг хүлээн зөвшөөрсөнгүй. Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн прокурорын газарт болсон шүүх хуралд оролцсон Дональд Трамп яллагдагчийн заавал байх ёстой бүх процедурыг давж, асуултад хариулсан байна. Манхэттэний тангарагтны шүүх түүнийг яллах шийдвэр гаргасан тухай мэдээний дараа Дональд Трампын сан нэг өдрийн дотор 4 сая ам.долларын хандив цуглуулжээ.  

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)