Цагаан сарын барилдаанд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсан билээ. Тэгвэл шинжилгээний хариу гарч нэг бөхөөс допинг илэрчээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл түүний ээж А.Адъяасүрэн “Би юу ярих вэ. Хэлэх зүйл надад алга” хэмээн “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт ярьжээ. Харин Монгол Улсын арслан Э.Оюунболд тайлбар өгөхөөс татгалзжээ. Түүнийг өвдөгний бэртэлтэй, хагалгаанд орох заалттай байсан талаар багш болон бэлтгэл хамт хийдэг бөхчүүд нь хэлж байгаа аж. Мөн бэлтгэлийн явцад эмчилгээ хийлгэж байжээ.
Ямартай ч Монгол Улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн нь бөх сонирхогчдын эгдүүцлийг хүргээд байна. Учир нь тэд нэг бөхөөс дахин дахин илэрч байгаа нь ямар нэг явуулга хэмээн шүүмжилж Монголын үндэсний бөхийн холбоог шинжилгээний хариуг ил болгохыг шаардаж байгаа юм.
Түүний хувьд 2019 онд улсын наадамд түрүүлсэн боловч допинг илэрч аварга цолоо хураалгаж байв. Улмаар 2021 онд дахин допинг илэрч барилдах эрхээ 8 жилээр хасуулсан юм. Гэвч тэрбээр энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан. Энэ тухай Э.Оюунболд “Надад допингийн шинжилгээний хариуг биеэр хүлээлгэж өгч байсан удаагүй. Шууд л эрх хасчигдаг. Хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн шүүхэд хандаж улмаар барилдах эрхээ сэргээлгээд байсан юм. Харамсалтай нь түүнийг допинг хэрэглэсэн гэх асуудал дахиж сөхөгдөв бололтой. Одоогоор Монголын үндэсний бөхийн холбооноос нэг бөхөөс допинг илэрсэн нь үнэн гэх тайлбар өгч байгаа бөгөөд ямар нэг нэр зарлахгүй гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 10 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14