
“Би ээжээрээ бахархаж явдаг. Миний ээж насаараа гагнуурчин хийсэн гайхамшигтай хөдөлмөрч хүн. Гагнуурын ажил эмэгтэй битгий хэл эр хүн ч хийхээс халгамаар хэцүү ажил шүү дээ” хэмээн ярих энэ эгэл хүүгийн сэтгэлд ээж нь үргэлж эрхэм, нандин санагдана. Ээж хэмээх энгүй цагаан тавилан энгэрээсээ ангир шар уургаа үр хүүхдээ амлуулж, энэхэн заяаныхаа тавиланг үрийнхээ төлөө зориулдаг болохоор, бид ээждээ хайртай байдаг байх. Сайн хүн болж өсвөл ээжийнхээ нэгэн шөнө бүүвэйлсэн ачийг нь хариулсантай тэнцэнэ гэдэг. Сайхан түмнийхээ өмнө алдар цолоо дуудуулбал мянган шөнө нойргүй хоносон ачийг нь хариулсантай тэнцэх биз ээ.
Энэ эгэл амьдрал дунд ээжийнхээ ачийг хариулж, ээжийгээ дурсан ярьж суугаа нэгэн хүү бол Монгол Улсын начин Ю.Алтансүх юм. Энэ хүү Монгол төрийн их баяр наадамд тав давчихаад анх удаа Завхан аймгийн Ургамал сумын харьяат, Төв аймгийн Атар САА-н бөх гэж дуудуулж байхдаа сэтгэлдээ эмээ, ээж, хань, нутаг руугаа яарч байсан гэдэг. Баярлаж догдлох алтанхан агшин бүрдээ хүн хайртай бүхэн рүүгээ чин сэтгэлээсээ тэмүүлдэг байх. Тэр үзүүргүй торгон сэтгэлийнхээ өнгөөр ийнхүү гэр лүүгээ яар ч байсан Монгол Улсын залуухан начны нэг нь Ю.Алтансүх. Он цагийн торгон тооллыг сөхөж, олныхоо өмнө магнайгаа тэнийтэл баярласан тэрхүү алтан хормыг эргэн санахад аль хэдийн 30 жил өнгөрчээ. Гэвч тэр жилийн монгол төрийн их баяр наадмын түрүү морьдын хөлс нь хатаагүй хэвээрээ, тэнхээт хүчит бөхчүүдийн цолонд хүрсэн барилдаан өндөрлөөгүй янзаараа, хүүгээ улсын цолонд хүрснийг сонссон үзсэн, ар гэрийнх нь хэн бүхний сэтгэлийн догдлол өнөөдөр ч гэрэлт сайхан дурсамжид яг тэр өдрийнхөөрөө оршиж буй.
Улсын начин Ю.Алтансүхийн гэртээ харих зам урт санагдсан гэдэг. Уг нь Улаанбаатар хотоос баруун тийш Атар САА буюу одоогийн Төв аймгийн Баянхангай сум хүртэл 100 километр. Шинэхэн начин маань сум руугаа аймгийн спорт хорооны дарга Д.Оргодол багшаараа хүргүүлэх зам зуураа Нөхөрлөл САА-н “Ар дулаан”-д нутаглаж байсан өндөр настай нагац эгчийндээ орж золгожээ. Тэр үед нагац нь “Овоо доо миний хүү манай удам улсын цолтой бөхтэй боллоо. Өвөг дээдсийнхээ нутгаар овоглуулж төрийн наадамд тав давлаа” гээд их баярлаж суужээ. Тэр үед чинь гар утас байх биш сумаас 30-аад км зайтай “Уушгийн хөтөл” гэдэг газар сумын даргын машин, найз нөхдүүд гээд бараг л сумаараа хүлээж байсан гэдэг. Дөнгөж гэртээ орж эмээ, ээж хоёртоо үнэсүүлээд сумын хүндэтгэлийн гэрт хүлээн авч эхэлсэн баярын үйл ажиллагаа бараг 10-аад хоног үргэлжилжээ.
Тамирчин хүн алдар цолонд хүрэхэд өөрийнх нь хүч хөдөлмөр авьяас чадвар байхаас гадна их спортын замд ороход нь нөлөөлсөн нутгийн ахан дүүс, уралдаан тэмцээнд оролцуулахад ивээн тэтгэж байсан байгууллага, хүмүүс, бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоог бүрдүүлж өгдөг хамт олон, найз нөхөд, багш гээд олон хүний сэтгэлийн үр өгөөж. Аавын сайхан хүүд зөвлөж, дасгалжуулж явсан Монгол улсын начин Ц.Дуламсүрэн, аймгийн заан Ш.Баянзул, Д.Оргодол, Я.Дорж, Ц.Дамдин, сумын заан, аймгийн хүндэт засуул Ж.Өсөннэмэх болон нэгэн үед цуг бэлтгэл сургуулилалт хийж байсан бөхчүүдийнхээ хүчээр энэ цолонд хүрсэн гэж Ю.Алтансүх ярих дуртай.
Дэлгэр сайхан цагийн зүлэг ногоон дэвжээнээ нутаг орноороо гал болон бэлтгэлд гардаг нь үе үеийн бөхчүүдийн тогтсон жишиг. Бөхийн гал ярихаар сэтгэлд хамгийн түрүүнд “Гарьд магнай” кино санаанд буудагсан. Тэгвэл улсын начин Ю.Алтансүхийн улсын баяр наадамд зодоглох анхны жилийн барилдаан тэр жилийн бэлтгэл энэ киноны үйл явдлаас дутахааргүй байсан гэдэг. 1991 оны зун Төв аймгийн бөхчүүд Сэргэлэн сумын нутаг “Гүн бүрд” гэдэг газар наадмын бэлтгэлээ базаах болж Тод манлай уяач улсын начин Ц.Дуламсүрэн, аймгийн Спорт хорооноос аймгийн заан Д. Оргодол нар ахлан гэр, майхан барьж гарчээ. Бөхчүүдийн бие загсаж, хүч тамир тэнцэж бэлтгэл дууссаны дараа Монгол улсын начин М.Загдсүрэн, Ц. Дуламсүрэн, Аймгийн заан Д.Оргодол нар Ардын хувьсгалын 70 жилийн ойн улсын их баяр наадамд Ю.Алтансүхийг авч явсан юм билээ.
Тухайн жил тэгш ойтой мөртлөө 512 бөх барилдаж, Ю.Алтансүх аймгийн арслан цолтой байсан үе. Анх удаа төрийнхөө их баяр наадамд зодоглож хоёрын даваанд оноолтоор Монгол улсын начин Л.Энхбаяртай таарч, гурвын даваанд Монгол улсын заан З.Дүвчин, дөрвийн даваанд Монгол улсын заан Д.Амгаа, тавын даваанд улсын заан С.Хүрэлбаатар нарт амлуулан барилдаж БНМАУ-ын начин цолыг хүртжээ. Түүнийг дөрвийн даваанд Монгол Улсын заан Д.Амгаатай барилдаж давчихаад сууж байтал Д. Оргодол, З.Баянзул багш нь, хадам аавтай нь гэртээ зурагт үзэж сууснаа хаячхаад бараг л гүйхээрээ төв цэнгэлдэхээр орж ирсэн гэдэг. Ёстой өөрийнхөө хүчээр барилдаж дөрөв давчихаад суугаа хүүгээ улсын цолонд хүргэх “найраа” хийх юм болж. Нөгөө хэд нь одоо заавал тав давах хэрэгтэй байна гэж ярилцаж. Ингээд дархан аварга Ж.Мөнхбаттай уулзахаар явцгаасан байна. Удалгүй “За тавын даваанд Мөөеө аварга авах боллоо” гээд бөөн баяр ирцгээж. Энэ үгийг сонссон Ю.Алтансүх тайвширчихсан начин болох нь тодорхой хэмээн наадмын хуушуур идэж, тайван сууж байтал тавын давааны бөхчүүд ам авч эхэлжээ. Д.Дамдин аваргын араас Ж.Мөнхбат аварга ам авахдаа өөр хүн амлачихав. Ингээд өнөөх найраа хийсэн горьдлого талаар болж багш нар нь жаахан сандарчээ. Гэтэл Улсын заан С.Хүрэлбаатар мань хүнийг амлав. Тэрүүхэн хооронд Ю.Алтансүх хямраад авсан гэдэг.
Ингээд бөхчүүд зүүн баруун талд гарахаар зогсож байтал Ю.Алтансүхийг хоёр багш нь дуудаад за миний хүү Б.Бат-Эрдэнэ аваргын хажууд очоод зогсоодох гэж. Очоод зогстол даллаж байна гэнэ, эргээд гүйгээд очлоо. Тэгсэн “Чи Б.Бат- Эрдэнэ аваргаас том харагдаж байна. Миний хүү өнгөтэй сайхан харагдаж байна шүү, зоригтой сайхан барилдаарай” гэж захисан нь ташуур болсон гэнэ. Ю.Алтансүх өмнө нь Улсын баяр наадамд зодоглож үзээгүй. Тиймээс бөхчүүд тэр болгон барилдааныг нь мэдэхгүй. Өөрөө ч улсын цолтой бөхчүүдийг хэрхэн барилддагийг харж байгаагүй. Улсын начин Дуламсүрэн гол зөвлөгч байсан гэдэг. Уг нь Дуламсүрэн начин өөрөө морь уяад ирчихсэн. Морьд нь уралдаж байгаа. Гэтэл морьдоо мартчихсан Ю.Алтансүхийн дээлийн захыг мушгиж, хазайхад нь тэгшилж сууж. Эр хүний чанар, бөх хүний жудаг энэ байх.
Зүггүй ангийн дэггүй хүү
“Би ер нь багаасаа барилдах дуртай байсан. Бага ангидаа Завхан аймгийн спорт хорооны бөхийн дугуйланд бүртгүүлэх гээд очтол нас бага гээд бүртгэж аваагүй. Дунд ангид байхад тухайн үед сумын МХЗЭ-ийн хорооны дарга аймгийн заан Ш.Баянзул багшийн секцэд орж бөхийн анхны А үсгийг заалгаж эхэлсэн. Тэр үед чинь САА-н хүн ам дандаа идэр залуучууд. Баянхангай сумын барилддаг ах нар хүүхэд залуучуудад их юм зааж сургадаг, сайхан барилддаг хүмүүс байсан, тэд нарын нөлөө их туссан. Үе тэнгийнхэнтэйгээ дээлээ урагдтал барилдаж ноцолдож өссөн.
Энэ бол улсын начин Ю.Алтансүхийн хүүхэд ахуйн амьдралын эхлэл. Би гэрийнхээ хаалгыг хагас онгойлгочхоод хургалсан хонь ачиж ирдэг шар алаг трактор хүлээдэг хүүхэд байлаа. Тэр хавар манайх сангийн аж ахуйн мал төллөх баазад, хонио төллүүлэх гээд буучихсан байсан. Төллөх бааз уг нь хүүхдийн гэр цэцэрлэгтэй. Сумын сургуулийн наймдугаар ангийн ах, эгч нар туслах төлчнөөр айл айлд хуваарилагдсан байсан юм. Шар алаг трактороос нэг ах бууж ирнэ. Тэр ах айл айлын хашаанд хургатай хонийг нь буулгаж өгнө. Хөгшид их сайн. Миний хүү, Алтансүхээ гээд дуудна. Ийнхүү сумынхаа төллөх баазад туслах төлчин хийгээд хүн, хүний сэтгэлээс урмын үг сонсож явсан хүү бол Завхан аймгийн Ургамал сумын уугуул Монгол улсын начин Ю.Алтансүх юм. Завхан аймгийн Улиастай хотод төрсөн тэрбээр Отгонтэнгэр хайрханаас эх авсан Богдын гол, Чигэстэйн голын хөвөөнд үе тэнгийнхэнтэйгээ усанд шумбан, загас жараахайтай хөөцөлдөн барилдаж ноцолдон, тоглож, Зөөхий нуурыг тойрон морь унаж, хурга ишигтэй хөөцөлдөж өссөн нэгэн.
Ургамал сум руу эмээтэйгээ хамт нагацындаа очно. Сумын төвийн дундуур Хүнгүйн гол урсана. 11 нас хүртлээ хангай, говийг хослуулан өссөн хүү 1978 онд 12 настайдаа Төв аймгийн Баянхангай сум буюу Атарын сангийн аж ахуйд илгээлтийн эзний үнэмлэх өвөртөлөн ээжтэйгээ хамт шилжиж иржээ. Тухайн үед шинэхэн байгуулагдаж буй сангийн аж ахуй болохоор байшин барилга байхгүй, сургууль нь гэрт хичээллэдэг байв. Анги нь 42 хүүхэдтэй сургуульдаа тэргүүлдэг анги байж. Сурагч насны гэнэн цагаахан нөхөрлөл одоо үргэлжилсээр 40 жилийн нүүр үзжээ. Тухайн үеийн хүүхдүүд сагс тоглож, бөх барилдаж хөл бөмбөг тоглоно.
Алтансүх зуны амралтаар сангийн аж ахуйн ажилд туслалцаж цалин хөлс аваад хичээл сургуулийнхаа ном дэвтэр хувцас хунараа бэлдчихнэ. Тухайн үед Алтансүхийн ангийнхан сурлага болон зүйгүйгээрээ алдартай байсан гэдэг. Ийм л зүггүй ангийн дэггүй хүүгийн нэг нь Ю.Алтансүх. Ямар сайндаа Алтансүх начны гэргий 1995 оны үед сумын сургуульд багшаар ажиллаж. Хичээл ордог анги нь нэлээн сахилгагүйтээд байхаар нь ахмад багшдаа хэлтэл “Танай нөхрийн ангийнхантай харьцуулахад наад анги чинь томоотой анги” гээд тоогоогүй гэнэ. Тухайн үед эрэгтэй хүүхдүүд бүгдээрээ жолооч болно гэж мөрөөддөг, залуухан жолооч ах нарыг дагаад машин тэргийг нь арчиж, хаа нэг жолоо бариулахаар нь бөөн баяр болдог байсан гэдэг.
Хүүхэд насны тэр нандин үерхэл одоо хэвээрээ. Ю.Алтансүх 1981 онд Төв аймгийн аварга шалгаруулах барилдаанд гуравдугаар байрт шалгарч ногоон өнгийн цомтой диплом, мөнгөн шагналаар шагнуулж бөөн баяр болж ангиараа хөөрч, дэрвэж. Амьдралын зовлон жаргалыг хамтдаа үүрч нэг нэгнийхээ төлөө гэх сэтгэлтэй ангийнхандаа тэрээр үргэлж баярлаж явдаг ажээ. Үнэндээ хүүхэд насандаа ижилссэн нэг ангийнхан гэдэг үүрд нэгэн сэтгэлийн гэр бүл байдаг билээ.
Аймгийн цолоо трактороор мялаалгаж машин өргөсөн түүх
Ажлынхаа гарааг авто засварын газар слесариар эхэлж гурван жил ажилласан жаахан хүү нэг мэдэхэд цэргийн албанд мордох болжээ. Ю. Алтансүх цэргийн албыг гурван жил хааж ирээд 1988 оноос тракторын жолоочоор ажиллахын зэрэгцээ 1988 онд аймгийн начин, 1989 онд аймгийн заан, 1990 онд аймгийн арслан, 1991 онд улсын начин цол хүртжээ. Тухайн үед 20-иод хоног наадмын бэлтгэлд гарч бусад үед нь ажлаа хийдэг аж. Тариаланч гэдэг чинь хавар намартаа цаг зав муутай төлөвлөгөө нормтой цаг хугацаатай уралдсан, стратегийн чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарын ажилчин хүн шүү дээ. 1989 онд аймгийн заан цолтой ирэхэд жил гаруйхан явсан шинэ “ЮМЗ” трактор хуваарилж урам зориг өгч байлаа. 1990 онд цолоо ахиулаад ирэхэд багш Ж.Өсөннэмэх өөрийнхөө барьж байсан “МТЗ-82” трактораа хуучин трактороор нь сольж байсан түүх түүнд бас бий.
Сэтгэл бүхэн сайхан. Тухайн үед чинь “МТЗ-82” трактор гэдэг нь САА-д цөөн байдаг, чухал унаанд ордог байв. Ийнхүү их тариалангийн талбайд хавар, намрын улиралд өнждөг байсан энэ залуу орон нутгаа хөгжүүлэх их үйлд чамгүй олон жил зүтгэсэн. Тухайлбал, Баянхангай сумын арван жилийн төгсөгчид дундаас төрсөн анхны Засаг дарга, Төв аймгийн ОБЕГ-ын дарга зэрэг албан тушаалууд хашиж байсан. Аймгийн гал унтраах ангийн хуучин орхигдсон граж, конторын барилгыг сэргээн засварлаж, шинэ хамт олныг бий болгон ажил үйлчилгээг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламжийн засвар үйлчилгээ, тохижилт, засвар ажлыг хийхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэн бүрэн тохижуулж, Төв аймагт 3-4 салбартай анги болтол нь өргөжихөд салбарын дарга, ангийн захирагчаар нь ажиллаж байсан.
Сум орон нутагтаа ч ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилгоор Хустайн байгалийн цогцолбор газрын олон улсын хөнгөлөлттэй зээл, тусламж, “Аз жаргалтай гэр бүл”, “Сити” банк бус байгууллагуудын хүү багатай, хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрүүдийг сумын иргэдэд олгож, арилжааны банкны өндөр шалгууртай зээл, хүүгийн дарамтаас чөлөөлж, цаашид сумын иргэд хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй эрхлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, таатай нөхцөлийг бий болгож ажлын байрыг нэмэгдүүлэх гээд үр дүнтэй чамгүй олон ажлын ард гарсан нэгэн.
Тэрбээр онцгой байдлын албанаас 2020 онд дэд хурандаа цолтой гавьяаны амралтад гарсан. Мөн Аймгийн биеийн тамир спорт хороонд 1998-2004 онд бөхийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч багшаар зургаан жил, аймгийн үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн даргаар 15 жил ажилласан. Энэ хугацаанд манай аймгийн баг тамирчид Говь-Алтай, Дорнод аймагт болсон идэрчүүдийн УАШ тэмцээнээс мөнгө хүрэл медаль, Үндэсний спортын анхдугаар наадмаас алтан медаль авч, Аварга дээд сургууль, Баянмөнх аваргын сургуулиудтай эхний медальт байруудыг хуваалцсан амжилтыг баг тамирчдыг бүрдүүлсэн.
Тухайлбал, гавьяат тамирчин Г.Үүрцолмонгийн нэрэмжит самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг болжээ. Анх удаа эмэгтэйчүүдийг Төв аймгийн бөхийн дэвжээнд барилдуулж аваргаа шалгаруулсан нь 20 гаруй жил уламжлал болон зохион байгуулагдаж байна. 2009 онд Төв аймгийн бөхчүүдийг нэг дор бэлтгэл сургуулилалт хийх нөхцөл бололцоогоор бүрдүүлэх зорилгоор “Дүнжингарав” дэвжээн дээр бэлтгэлийн бааз байгуулах ажлыг тухайн үеийн аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Батсайханы хамт санаачлан эхлүүлж ИТХ-ын дарга Ж.Батжаргал, аймгийн дарга Ц.Энхбат нарт хүсэлт тавьж хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдаг.
Энэ хугацаанд Дүнжингарав бөхийн дэвжээний бэлтгэлийн бааз бэхжиж, бэлтгэл сургуулилалт хийх нөхцөл бололцоог бүрдүүлснээр Монгол Улсын заан, өсөх идэр начин гээд цолтонгууд төрөн гарч Төв аймгийн бөхчүүд, төрийн наадамд найман удаа шөвгөрсөн сайхан амжилт үзүүлжээ.
Ю.Алтансүхийн гэргийг Ю.Байгалмаа гэдэг. Дулааны инженер мэргэжилтэй. Хоёр охин, хоёр хүү дөрвөн хүүхэдтэй гурван зээтэй эгэл нэгэн сайхан гэр бүл бол эднийх. Идэр 27 настайдаа их сорилгод барилдаж байгаад гараа гэмтээчихснээс хойш бяр хүч шаардсан ажил хийх, барилдаан тэмцээн хориотой болжээ. Түүнд машин өргөж байсан түүх хүртэл бий. Бяр байна гэдэг сайхан. Тухайн үед өмднийх нь хоёр гуя задарчихсан байсан гэдэг. Бэртлээс болоод үүнээс өөр юм өргөөгүй ч 1992 онд шинэ Үндсэн хууль баталсны ойд зориулсан барилдаан Төв аймагт болж Улсын арслан Б.Ганбаатартай үзүүр түрүүнд үлдэж түрүүлж байжээ. Уул шиг нөмөртэй өвгөдийн дэргэд өссөн хүү ухааны нөмөртэй байдаг. Энэ эгэл амьдралын цагаан харгуйд Монгол Улсын начин Ю.Алтансүхийн бөхийн барилдааны даваа бүхэн үнэ цэнэтэй, нэр хүндтэй байх үед өөрийнхөө хүчээр олж авсан алдар цуутай начин хэмээдэг. Түүний туулсан эгэл амьдралын тухай цухасхан дэлгэхэд ийм байна. Элэг зүрхнийхээ гүнээс ээж, эмээгээ дурсан хуучлах энэ хүү энгийн нэгэн сайхан аав. Сайхан амьдралын түшиг тулгуур болсон хань. Сайн өвөө. Өнөө цагийн урсгалд хүндлэгдэх хүн сэтгэлийн дээж билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэ...
tentsver.mn | 2025-05-07










Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29





