83/17 тооны учир тайлагдав

Admin | 2023-04-07



Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд хотын хаа сайгүй, Дэнжийн мянгаас эхлээд Зайсан толгой хүртэлх газарт 83/17 гэсэн тоо байршсан нь олон ч таамгийг нийгэмд төрүүлээд байлаа. Энэ тоо юуг илэрхийлж байгаа, нөлөөллийн аян уу, эсвэл нийгэмд өгөх гэсэн мессеж үү гэсэн таамаг олон талаар өрнөсөн. Нийт нийгмийн 83 хувь ядуу, 17 хувь баян гэсэн тоог илтгэв үү, эсвэл парламентын гишүүдийн тоо 100 болж өөрчлөгдөх гэж байгаа юм болов уу гэх мэтээр өрнөсөн таамгийн учгийг өнөөдөр Соёлын төв өргөөний үүдэнд тайлав. Тодруулбал, энэ тоог нийгмийн анхааралд оруулах аяныг санаачлагчид болон иргэний нийгмийн төлөөллийнхөн тооны учгийг хэвлэл мэдээллийнхэнд тайлбарлаж өгсөн юм. “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”, “Сонгогчдын боловсрол төв”, “Монфенмент”, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”, “Бүтэн бүлээн”, “Нийгэм улс төрийн боловсрол”, “Мэргэжлийн социологчдын холбоо” зэрэг ТББ-ын төлөөллүүд хэвлэлийн хуралд оролцов. Шийдвэр гаргах түвшинд буюу УИХ-ын гишүүдийн 83 хувь нь эрчүүд, 17 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийн 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байгааг энэхүү тоогоор илэрхийлжээ. Энэ хувь хэмжээ нь азийн дунджаас ч бага үзүүлэлт бөгөөд нэг хүйс хэт давамгайлсан, тэр дотроо нийгмийн бүлгүүдийн оролцоог ч хангаж чадаагүй хууль, эрхзүйн орчноо шинэчлэх ёстой хэмээн уг нөлөөллийн аяныг санаачилсан гэдгээ мэдэгдлээ. 
Тухайлбал, “Бүтэн бүлээн” ТББ-ын тэргүүн Э.Энэрэл хэлэхдээ “Хүмүүсийн дунд нэлээдгүй таамаг өрнүүлсэн 83/17 тооны учрыг та бүхэнд тайлбарлая. Сошиал орчинд хүн болгон өөр, өөрийнхөөрөө тайлбарлаж, байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ олон хүний санал нэгдсэн зүйл нь тэгш бус, тэнцвэртэй бус нэг зүйл байна аа гэдэг санаа. Энэ тоо бол улс төрийн шийдвэр гаргах түвшинд буй хүйсийн харьцааг өгүүлсэн тоо юм. УИХ-д байгаа 76 гишүүний 83 хувь нь нэг хүйс буюу эрчүүд, 17 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй учраас төрийн бодлогод зөв зүйтэй шийдвэр гарах эсэх нь эргэлзээ дагуулж буй юм” хэмээлээ.
 Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа бид “...улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй байна” хэмээн тунхаглаж, 30 гаруй жил өнгөрсөн ч шийдвэр гаргах түвшинд ердөө 65 эмэгтэй УИХ-ын гишүүнээр ажилласан нь нэг удаа сонгогддог 76 гишүүний тоотой ч тэнцэхгүй байгааг тэд онцолж байлаа. 
Тус хэвлэлийн хуралд оролцсон Иргэний нийгмийн төлөөллийн байр суурийг уншигч та бүхэнд хүргэе.

 

Б.Золзаяа: Хүний хөгжлийн индекс нь жендэрийн эрх тэгш байдалтайгаа салшгүй уялдаатай байдаг
“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын зөвлөх Б.Золзаяа 
-Аль ч салбарт тэгш бус байдал давамгайлсан гэдгийг л энэ тоо харуулж буй юм. Ядуурал, өрх толгойлох, гэр бүл салалт гээд олон зүйл дээр тэгш бус байдал алдагдсан учраас хүн бүхэн энэ тоог өөр өөрийн өнцгөөр ойлгож, тайлбарласан байх. Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэрт байдал хангалтгүй байгаа, олон улсын түвшнээс ч доогуур байна. Дэлхийн дундаж 25%, Азийн дундаж 20% байдаг атал Монгол Улс 17% байгаа нь сүүл мушгиж байгаа тоо юм. Эмэгтэйчүүд улс төрд орж ирснээр хүнд ээлтэй бодлогын хууль батлуулж чаддаг. Тухайлбал, улс төрд хамгийн олон эмэгтэйчүүд сонгогдож, эмэгтэйчүүдийн бүлэг байгуулж ажиллаж байхад бидний өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэгтэй байгаа Архи, Тамхины тухай хуулийн төслийг батлуулж байлаа. Хүүхэд хамгааллын багц хуулийг ч мөн батлуулж байсан. Одоо хэлэлцэж буй Сонгуулийн тухай хуульд намын жагсаалт болон тойрогт эмэгтэйчүүдийн квотыг хамгийн багадаа 40 хувиар тогтоож өгөх нь хамгийн ээлтэй тогтолцоо болно. Зөвхөн намын жагсаалт гэх байдлаар хуурч болохгүй. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг “Жендэрийн тэгш байдлын индекс”-ээр бид бүх үзүүлэлтээрээ 60 дугаар байрт жагсдаг бол Улс төр эрх мэдлийн оролцоогоор 146 орноос 113 дугаарт эрэмбэлэгдэж байна. Жендэрийн асуудлаа маш их анхаарах ёстой юм. Сонгуулийн хууль хэлэлцэж буй энэ цагт хэвлэл мэдээлэл, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж тэгш оролцоо буюу холимог тогтолцоонд хүйсийн тэгш байдал, нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангахад бид анхаарал хандуулахыг уриалж энэхүү аяныг зохион байгуулсан. Тухайн улс орны хүний хөгжлийн индекс нь жендэрийн эрх тэгш байдалтайгаа салшгүй уялдаатай байдаг. Охид, хөвгүүд зорилгынхоо төлөө зоригтой зогсдог, аль ч салбарт оргилд нь хүрч чадна гэсэн итгэл нэмэгддэг учраас хүйсийн тэгш байдлыг хангах асуудал дэлхий дахины анхаардаг сэдэв байдаг юм. Квот зөвхөн улс төрийн оролцоо биш юм шүү гэдгийг хэлье. 
Б.Пүрэвсүрэн: Эмэгтэйчүүдийн оролцоог хамгийн доод түвшинд хуульчлах нь гарц биш 
/Хуульч/
-Монгол Улс 1924 оны Үндсэн хуулиараа эмэгтэйчүүд сонгуульд тэгш эрхтэй оролцохыг хуульчилсан. Үүнээс хойш 99 жилийн хугацаа өнгөрчээ. Бид хөгжлийн үе шатандаа нэг алхам урагшлах зүй ёсны шаардлага байна. Жендэрийн хувьд эмэгтэйчүүдийн оролцоог хамгийн доод түвшинд хуульчлах нь гарц шийдэл биш. Оролцоо, сонгох, сонгогдох эрх дээр маш олон асуудлыг ярих ёстой. 2021 оны Дэлхийн эдийн засгийн форум дээр “Жендэрийн ялгаатай байдлыг арилгах хүртэл дэлхий дахинд дахиад 99 жилийн хугацаа шаардлагатай” гэх мэдээлэл хийсэн байдаг. Тэгэхээр 99 жилийн хугацааг урагшлуулахын тулд дан ганц эрхзүйн орчин гэлтгүй олон өөрчлөлт хэрэгтэй байна. Сонгуулийн хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Үүнд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх буюу квотыг анхаарцгаая. 83/17 гэх хэт зөрүүтэй харилцааг тэнцвэртэй болгохын төлөө хуулийн төслийг хэлэлцэх явцад саналаа хэлж, оролцоогоо хангацгаая. 
Б.Анхзаяа: Өндөр боловсролтой эмэгтэйчүүдээ бүрэн дүүрэн дайчилж чадаагүй нь бидний хамгийн том алдаа байх талтай
/Жендэр активист/
Энэ аяны гол зорилго нь хэн нэгэнд давуу эрх олгох тухай асуудлыг хөндөхийг зориогүй анхан шатны хүний эрхийн асуудлыг л хөндөхийг хүссэн. Монгол Улсын хувьд хүн ам цөөтэй улс бөгөөд хүйсийн харьцааг нь харвал бараг зөрүүгүй буюу 49 хувь нь эрэгтэйчүүд, 51 хувь эмэгтэйчүүд. Дээд боловсрол эзэмшилтийн харьцааг харвал эмэгтэйчүүдийн хувь харьцангуй өндөр. Гэтэл улс орны хөгжлийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хүн амын талаас илүү хувийг бүрдүүлэгч, өндөр боловсролтой эмэгтэйчүүдээ бүрэн дүүрэн дайчилж чадаагүй нь бидний хамгийн том алдаа байх талтай. Ийм том хүний нөөцөө бүрэн дүүрэн дайчилж чадсан улс орнууд л хөгжилд хүрдэг гэдгийг олон улсын туршлага харуулж байна иймээс бид бусдын алдааг давтахгүйгээр суралцаж хамтдаа хөгжих цаг нь ирлээ гэдгийг л шийдвэр гаргагч, хийгээд олон нийтэд сануулахыг энэхүү аян зорьсон. 

Э.Энэрэл: Сонгуулийн хуульд хүйсийн харилцааг хэрхэн хангахыг анхаарцгаая 
/”Бүтэн бүлээн” ТББ-ын тэргүүн/

Сонгуулийн тухай хуулийн төсөл ид яригдаж байна. Улс төрийн намын тухай хуулийг тун удахгүй Ерөнхийлөгч өргөн барихыг олон нийт хүлээж байгаа. Сонгуулийн тухай хуульд жагсаалтад хүйсийн харьцааг 50/50 хувиар хангана гэсэн заалт орж ирсэн нь дэвшилтэт алхам болсон. Нөгөө талаас квотыг 30-40 хувьд ярьж байгаа нь үнэндээ тэгш оролцоогоо бүрэн хангана гэвэл үгүй.
Гэхдээ бүгд яригдаж байгаа энэ заалтаараа батлагдах эсэх нь эргэлзээтэй учраас олон нийт, хэвлэлийнхэн та бүхэн маань анхаарч өгөөрэй. Жагсаалтаар оруулж ирэх лист хөдөлгөөнтэй лист буюу нам болоод хүнийг харж сонгохоор байвал тэгш оролцоог хангах зарчим хангагдахгүй байх магадлалтай. Дэлхийн хөгжингүй орнууд хүйсийн тэгш байдлын асуудлыг шийдэхдээ сонгуулийн хуульдаа нарийн суулгаж өгсөн байдаг. БНСУ гэхэд л сондгой тоон дээр эмэгтэй нэр дэвшигчийг жагсаадаг. Швед, Франц улс орнууд 1/1 гэсэн зарчмаар явдаг. Энэ бол эмэгтэйчүүдийг эрх мэдэлтэй болгох тухай яриад байгаа асуудал биш ээ. Тэгш төлөөлөл, тэнцвэртэй оролцоо нийгмийн хөгжлийг авчрах талаар хэлээд байгаа юм. Тиймээс одоо хэлэлцэгдэж байгаа энэ хуулиудыг олон нийт анхааран харж, хэт тэнцвэргүй болсон 83/17 гэсэн үзүүлэлтийг тэнцвэртэй болгоцгооё.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)