Л.НАРАНБААТАР: Аудитын тайлангийн зарим дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тул гомдол гаргана

Admin | 2023-04-10


“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "2022 онд Цемент шохойн үйлдвэр 405 мянган тонн цемент үйлдвэрлэв. Үйлдвэр 2015 онд ашиглалтад ороод, 1 сая тонны хүчин чадалтай гэж улс тооцоолж байсан. Бидний хувьд БНХАУ-ын Барилгын ассоциацаар хөндлөнгийн аудит хийлгүүлсэн. Гэтэл үйлдвэрийн хүчин чадал нь 400 мянган тонн болох нь техникийн тайлангаар ил болсон. Түүнчлэн сүүлийн үед гарсан мэдээлэлд тайлбар өгье. Манай үйлдвэрийн хувьд тухайн жилийн үйл явцаа даатгаж, Амарбаясгалант хийдэд удирдлагууд нь очиж ёсчилдог ёс жаягийг 40 жилийн турш хийж байгаа юм билээ. Амарбаясгалант хийдэд 5.9 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ захирал миний бие очиж чадаагүй. Архи согтууруулах ундааны хувьд 60 мянган төгрөгт шар айраг авч уусан асуудал байсан. Гэхдээ хэн авч уусан нь мэдэгдээгүй. Шар айраг уусан мөнгийг нь төлүүлсэн" гэв.

Хэвлэлийн хурлын дараа “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч та гарын үсэг зурсан юм биш үү?

-Аудитын дүгнэлтийн тайланг уншихаар 400 тэрбум төгрөгийн зөрчилтэй гэж харагдаад байгаа. Санхүүгийн аудитаар зөрчил гэдгийг шууд гэмт хэрэг, залилан гэж ойлгож болдоггүй. Мэргэжлийн ойлголтоор аудит хийж байхад байгууллага мэдээллээ дутуу өгөх, дүгнэлт гаргах мэдээлэл нь дутвал зөрчил гэж үздэг юм байна. Тэгэхээр аудит 70 тэрбум төгрөгийн зөрчил гэж үзсэн. Үүнийг шууд Л.Наранбаатар 70 тэрбум төгрөгийн хулгай хийсэн гэж ойлгоод байна. Аудит тайлангаа гаргаад ТУЗ-д дөрөвдүгээр сарын 5-нд хүлээлгэн өгсөн. Аудитын тайлангийн дүгнэлтийн заримыг нь хүлээн зөвшөөрнө. Харин заримтай нь санал нийлэхгүй тул гомдол гаргана. Аудитын тайлан гаргахад хүндрэлтэй байсан байх. Яагаад гэвэл үйлдвэрийн өмнөх удирдлагуудын эсрэг гаргасан шүүхийн маргаан үргэлжилж байгаа. Миний хувьд аудитын тайланг хүлээн зөвшөөрсөн гээд гарын үсэг зурсан биш хүлээн авлаа гэдгээ батлан, гарын үсэг зурсан юм.

-Таны эсрэг ажилласан ТУЗ-ийн гишүүдээ зарлана гэсэн. Тэдгээрийг нэрлэж чадах уу?

-Аудитын тайлан хүлээн авсан манай үйлдвэрийн нэр бүхий ТУЗ-ийн гишүүд сахал Д.Эрдэнэбилэгтэй холбоотой байсныг өнөөдөр мэдлээ. Тэдгээр хүн цахим орчинд цацаад, хэвлэлүүд тараасан. Улмаар Д.Эрдэнэбилэгийн гар хөл болсон сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Отгон болон Мэргэн нараар сэвүүлсэн. Аудитын зөвхөн Л.Наранбаатартай холбоотой хэсгийг түүж аваад, айхтар хулгай луйвар хийсэн мэт болгоод сэвсэн.

Би ТУЗ-ийн гишүүдэд харамсаж байна. Уг нь бол буруу, зөрүү мэдээллээс бол манай компанийн удирдах зөвлөлийн гишүүд хамгаалах ёстой. Надтай байгуулсан онцгой нөхцөл байдлын гэрээ байдаг. Хэрвээ гүйцэтгэх захирлыг ямар нэгэн байдлаар гүтгэн доромжлох үйл ажиллагаа явуулсан бол хамгаалах үүрэгтэй. Гэтэл тэд үүргээ умартсан. Тэдгээр хүмүүс Л.Наранбаатарт дургүй байж болно. Гэхдээ тэд Засгийн газрын бодлогыг эсрэг ажиллаж байгаа гэсэн үг. ТУЗ-ийн гишүүдийн ашиг сонирхлыг биелүүлээгүйн төлөө би өнөөдөр балбуулаад сууж байна. Тэд миний тэр хүнийг ажилд авчих гээд намайг шахдаг. Би тэдний хүслийг биелүүлээгүй.

Одоо аудитын хорооны гишүүн, Сэлэнгэ аймгийнх гэж ярьдаг Аудитын хорооны дарга Б.Буянхишиг байна. Энэ хүн Аудитын хороог жил гаруй удирдаж байна. Байгаль орчны мэргэжилтэй. Гэхдээ Аудитын хороог удирдах хүн өндөр ур чадвартай, санхүүгийн  мэргэжилтэй хүн байх ёстой. Яагаад гэвэл тоон дээр ажиллана. ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороог өөрөө томилно. Санхүүгийн мэдлэг байхгүй, хувийн ашиг сонирхлоор ханддаг. Энэ хүн компанийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахын тулд Засгийн газрын “Шүгэл” ажиллагаанд “Хөтөл цемент” компаниас өртөөд байгаа хүмүүсийг хамгаалж, өмгөөлөөд ТУЗ-ийн нөлөөгөөр гүйцэтгэх захирлыг шахаж ажилладаг. Үүний улмаас өнөөдөр үйлдвэрлэл эхлэх үеэр маш эрсдэлтэй зүйлийг бий болгоод байна. Үйлдвэрт маш их засвар хийж, үйлдвэрлэл жигд эхлэх гэж байгаа энэ үед хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг. Хэн хийж байгааг би мэдэж байна. Жишээлбэл, үйлдвэрийн бутлуурт аваачаад төмрийн хог хаягдал хийчихдэг.

Дараагийн хүн бол ТУЗ-ийн гишүүн З.Энхболд. ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооны дарга байсан. Энэ хүн өнөөдөр Хууль зүйн яаманд ажилладаг. Надад шахалт үзүүлсэн. Шахалт үзүүлсэн нэг баримтыг дурдвал, намайг ажлаа аваад удаагүй байхад үйлдвэрт маск шахсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гээд дандаа эсрэг юм ярина. Тухайлбал, шохойн үйлдвэр барья гэхэд, тэрүүгээр яах юм гэдэг. Шинэ үйлдвэр хэрэггүй, хуучнаараа яв гэдэг. 40 жил болсон, хоцорсон технологитой үйлдвэр яаж ашигтай ажиллах вэ. Ийм хүмүүс төрийн албанаас зайлах хэрэгтэй.

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Агар гэдэг хүн байна. Төрийн өмчийн хорооноос тавигдсан. Энэ хүнийг компанийн дотоод хяналтын хэлтсийн даргаар тавьсан. Маш хариуцлагагүй ажилласан.

Мөн ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнийг бас хэлмээр байна. Бас л ашиг сонирхлын зөрчилтэй. Өнөөдөр бүх анхаарлыг гүйцэтгэх захирал хэмээн над руу хандуулж байна. Үнэнийг хэлэхэд ТУЗ гэж компанийн бүх төлөвлөгөө, тооцоог баталдаг. Хэрэв батлахгүй удаавал бид худалдан авах ажиллагаа хийж чадахгүй. Тэгвэл компанийн сэлбэг материал, түлш шатахуун гээд бүгд тасарч, үйлдвэрлэл зогсоно. Үйлдвэрлэл зогсвол цемент байхгүй, Дарханы зам зэрэг бүтээн байгуулалтын ажил ч дагаад зогсоход хүрнэ.

Надад тохиолдсон зүйлээс харах юм бол төрийн өмчит компаниудын ТУЗ гэдэг бол бүтэхгүй нөхдүүд байдаг юм. Хувийн ашиг сонирхлоо хангахын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүс байна.  “Шүүр ажиллагааг” эдгээр хүмүүсээс эхлэх ёстой. Зөвхөн надад тохиолдсон зүйл гэхэд ийм байна ш дээ. Энэ нь юунд хортой байна гэхээр үйлдвэрийг зогсооход хүргэнэ. Зөвхөн “Цемент шохой” биш бусад төрийн өмчит компанид байгаа ТУЗ-ийг байхгүй болгох шаардлагатай аж. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоог цөөлж байгаа Засгийн газрын бодлогыг би дэмжиж байна. Үнэхээр хийх цаг нь болчихож. 

-Компанийг ямар зохион байгуулалтаар ажиллуулбал ашигтай ажиллах вэ?

-“Цемент шохой” компани цаашид ийм зохион байгуулалттай явж болохгүй. Энэ жилээс олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ард түмэн 30 хувь, хөрөнгө оруулагчид 30 хувь, Засгийн газар 30 хувь гэдэг ч юм уу нээлттэй хувьцаат компани болох ёстой. Үүний төлөө явах хэрэгтэй.

-Аудитын тайланд 546 сая төгрөгийн үнэтэй байшин кран биетээр байхгүй байна гэсэн дүгнэлт байна?

-546 сая төгрөгийн үнэтэй байхгүй краныг Л.Наранбаатар мөнгийг нь аваад идчихсэн юм шиг хүмүүс ойлгосон. Үнэндээ бол өмнөх ХХК байсан үед өрөндөө авсан байшин кран юм билээ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэрт биетээр байсан. Манай удирдлагын баг краныг “Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс” Хөтөл рүү тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж байх үед аудит орсон. Энэ кран бол биетээр байгаа, би худалдан авалт хийгээгүй, өмнөх удирдлагын үед хийгдсэн ажил.

Дараагийн нэг зүйл бол 819 сая төгрөгийн хэрэгцээ шаардлагагүй бараа материал гэж байгаа. Манай компани сардаа 4-5 тэрбум төгрөгийн эргэлт хийдэг. Хэрвээ нөөц байхгүй бол үйлдвэр таг зогсоно. Манайх аж үйлдвэрийн том цогцолбор. Уул уурхайтай, эрчим хүчтэй, дулааны станцтай, төмөр замтай, шохойн, цементийн, чулуунцарын үйлдвэртэй. Тэгэхээр манайх дор хаяж 2-3 тэрбум төгрөгийн бараа материал, сэлбэгийн нөөцтэй байх ёстой. Харин ч 819 сая төгрөг гэдэг аюултай түвшинд байгаа гэсэн үг. Энэ 819 саяас 40 орчим хувь нь өмнөх компаниас шилжиж ирсэн зүйл байгаа.

-21 тэрбум төгрөг шамшигдуулсан болон хууль зүйн үйлчилгээний 214 саяын тухай хариулт өгөөч?

-21 тэрбум төгрөг шамшигдуулж, 214 саяын өмгөөллийн хөлс төлсөн гэх мэдээлэл худлаа. Тийм зүйл байхгүй. Өмгөөллийн үйлчилгээний 214 сая төгрөгийн хувьд “Хөтөл” болон “Цемент шохой” компани, Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гээд олон байгууллагатай холбоотой нийт дүнгээр 60 орчим том, жижиг хуулийн маргаан бий. Эдгээр хуулийн маргаанд төлж байгаа гэрээт хууль зүйн үйлчилгээний төлбөр. Хэрвээ бид өөрсдөө компани дээрээ хуульчдын баг бүрдүүлээд хийнэ гэвэл хүрэлцэхгүй. Тийм учраас аутсорсингийн үйлчилгээ авч, тэрний хөлсөнд өгч байгаа төлбөр.

Бас нэг зүйлийг нэмж дурдахад, “35 сая төгрөгийн авлагыг цуглуулахын тулд 37.5 сая төгрөгийн зарлага гаргасан” гэсэн мэдээлэл цацагдсан. Ийм зүйл огт байхгүй. Аудит хийсэн компанийн захиралд хандаж хэлэхэд, “тийм гэрээ байвал та үзүүлээрэй, тэгж чадахгүй бол надаас болон “Цемент шохой” компанийн бүх ажилчдаас уучлалт гуйгаарай гэмээр байна. 

Эцэст нь хэлэхэд, “Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанид аудит хийсэн нь маш сайн хэрэг. Учир нь компанид олон жилийн турш хуримтлагдсан санхүүгийн асуудал ил гарч ирсэн. 2012-2022 он буюу сүүлийн 10 жилийн хугацаанд компанид учирсан 370 орчим тэрбум төгрөгийн хохирлын асуудал байгаа.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)