Ч.Отгонтуяа Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Admin | 2023-04-12


Казахстаны нийслэл Астана хотод бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэй чөлөөт бөхийн 50, 55, 59, 68, 76 кг-ын тамирчид медалийн төлөө өрсөлдлөө. 55 кг-д хүч үзсэн Монголын шигшээ багийн тамирчин Чинболдын Отгонтуяа мөнгөн медаль хүртлээ. Ч.Отгонтуяа эхний учраа Вьетнамын Нгуен Ти Май Транг ялж, хагас шигшээд Казахстаны Марина Седневаг 10:0 харьцаагаар ялж финалд шалгарсан юм. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Хятадын Пан Чианюүд 6:2-ын харьцаагаар ялагдсанаар Азийн аваргаас анх удаа мөнгөн медаль хүртлээ.

Манай бусад бөхчүүдийн 50 кг жинд Цогт-Очирын Намуунцэцэг эхний шатанд Японы Рэмина Ёшимотод 10:0 харьцаагаар, дагахад Хятадын Зичи Фенд 8:0-ээр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. 59 кг жинд Хүрэлхүүгийн Болортуяа Энэтхэгийн Саритад 4:1, Хятадын Жуомалагад 6:4, Японы Юи Саканод 7:2 харьцаагаар ялагджээ. 68 кг жинд Энхсайханы Дэлгэрмаа Энэтхэгийн Нишатай 10:10 харьцаагаар тэнцсэн ч бүхэл оноогоор хожигдож дагасан бөгөөд хүрэл медалийн төлөө Хятадын Фен Жуотой барилдан 7:2-оор ялагдаж тавдугаар байр эзлэв. 76 кг жинд Ганбатын Ариунжаргал Японы Мизүки Нагашимад 4:3 харьцаагаар ялагдаж тэмцээнээ эрт дуусгав.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын тамирчид дэвжээнд гарна.

Монголын багаас:

72 кг жинд Энх-Амарын Даваанасан Хятадын Чиан Жиантай

65 кг жинд Баатаржавын Шоовдор Энэтхэгийн Маниша, Хятадын Жио Лон, Узбекистаны Ариухан Жумабаева нартай

62 кг жинд Пүрэвдоржийн Орхон Энэтхэгийн Сонамтай

57 кг жинд Бат-Эрдэнийн Эрдэнэсувд Вьетнамын Ти Ан Трантай

53 кг жинд Бат-Очирын Болортуяа Өмнөд Солонгос болон Вьетнамын бөхчүүдийн ялсантай барилдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)