Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно

Admin | 2023-04-13


   Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Хурлын эхэнд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцуулав.

 

Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын 2019 оны тогтоолоор Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн баталсан. Уг тогтоолд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулсан байдаг. Харин Багануур, Багахангай, Налайх дүүрэг хамаардаггүй.

Сүүлийн жилүүдэд тохижилт, ногоон байгууламжийн бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа ч суурьшлын бүсэд мал малладаг иргэд малаа хариулгагүй явуулснаас ногоон байгууламж гэх мэт хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудыг эвдэн сүйтгэх зөрчил гарах болжээ. Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймд дээрх дүүргүүдийн Засаг дарга, Тамгын газраас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг батлах  хүсэлт ирүүлсэн тул ийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

 

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва дээрх дүүргүүдэд малтай иргэд хэр олон байдгийг тодруулсан юм.

Налайхын хориглолт тогтоохоор төлөвлөж байгаа бүсэд 104 өрх 2500 толгой малтай. Багахангай дүүргийн хувьд хоёр хороотой. Мал малладаг 102 өрх байдаг. Жилийн эцсээр  26 мянга гаруй мал тоологджээ. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээ дүүргийн төвөөр тогтоохоор төлөвлөсөн байна. Зөвлөлийн гишүүд дээрх асуудлыг тус хурлаар шийдэх шаардлагатай эсэхийг тодруулж, дүүргийн удирдлагууд зарим асуудлыг эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг хэлж байв.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барихаар боллоо.

                        “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 1000 гаруй тамирчин оролцоно

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав.

 

Тус наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулна. Зохион байгуулах хорооноос баталсан таван бүлэг, 61 зүйл, 291 ажлын хүрээнд бэлтгэлийг хангаж буй юм. Наадамд Зүүн Азийн есөн Үндэсний Олимпын хороо оролцохоос одоогийн байдлаар албан ёсоор Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Хонконг, Макао, Тайвань Улс оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд 1000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 430 орчим зочин оролцохоор байна. Мөн тэмцээн зохион байгуулах есөн байгууламжаас наймтай нь хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

 

Наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэн, хаалтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэмцээний төрөл тус бүрд тамирчдад анхан шатны тусламж үзүүлэх эмч, эмнэлгийн ажилтны баг, үзэгчдэд эмнэлгийн тусламж үзүүлэх олон нийтийн эмч, байгууламж бүрийн гадна талд түргэн тусламжийн үйлчилгээний баг ажиллана. Мөн допингийн дүрэм ёсоор тамирчдаас 200-250 допингийн шинжилгээ авах бөгөөд 106 хүн хянагчаар ажиллах юм. Сайн дурын ажилтнаар дотоодын 2650, гадаадын 157 хүн бүртгүүлж, сонгон шалгаруулалтыг эхэлжээ. Тус наадам нь бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд оролцогчид нь 18 хүртэлх насны хүүхдүүд учраас аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг ч зохион байгуулагчид хэлж байлаа. 

Мөн төсвийн асуудал хүндрэлтэй байгааг хэлж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Энэ бол улсын нүүр царай болох том арга хэмжээ. Мөн эх орноо сурталчлах гэх мэт давуу тал үүснэ. Тамирчдыг дагаж жуулчид ирдэг” гэдгийг онцлоод дээрх асуудлыг шийдэхэд анхаарч ажиллах шаардлагатайг хэлсэн юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, төсвийн асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)