Т.Тулга Астанагийн дэвжээнээс мөнгөн медаль зүүлээ

Admin | 2023-04-14


Казахстаны нийслэл Астана хотод болж буй чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртлээ.  

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн наймд 23 хүртэлх насны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 4:0-ээр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловыг 5:2-оор тус тус ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхий болон Азийн аварга, бөхийн орон Ираны залуу од Рахман Амузадтай барилдаж 1:3-аар ялагдлаа. Ийнхүү Т.Тулга Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 41 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.

Өчигдөр дэвжээнд гарсан манай бусад бөхчүүдийн хувьд 57 кг-ын жинд "Белград-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Занданбудын Занабазар хүрэл медалийн төлөөх барилдаанд тун харамсалтай ялагдаж медалиас мултарлаа. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд эзэн орны Рахат Калжантай зодоглож 4:1-ээр илүүрхэж яваад эцсийн шүгэл дуугарахын өмнө хутгуулж 4 оноо алдаж ялагдал хүлээв. З.Занабазар ийнхүү сүүлийн хоёр удаагийн Азийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд эцсийн мөчид ялагдаж медальгүй хоцорлоо. 70 кг-д Ганхуягийн Ханбүргэд Японы Аояги Ёшиносүкэд 9:19-ээр ялагдав. 79 кг-д хүч үзсэн Бат-Эрдэнийн Бямбадорж эхний тойрогт Хятадын бөхийг ялсан ч, дараа нь Энэтхэгийн Деепакт 1:4-ийн харьцаагаар хожигдов. 97 кг-д Баасанцогтын Өлзийсайхан эхний учраа Ираны Можтаба Голейдид 0:12-ын харьцаагаар оноогоор цэвэр ялагдав.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын бөхчүүд дэвжээнд гарна.  

Манайхаас 61 кг жинд Түмэнбилэгийн Түвшинтулга

74 кг жинд Олонбаярын Сүлдхүү

86 кг жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

92 кг жинд Ганбаатарын Ганхуяг

125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл нар тус тус барилдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)