Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2022 онд 12 хувьд хүрэв

Admin | 2023-04-14


“Ember”-ээс гаргадаг “Дэлхийн эрчим хүчний тайлан”-д дурдсанаар өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 12 хувьд хүрч дээд түвшин тогтоосон байна. Ийнхүү манай гараг ногоон ирээдүй рүү нэг алхам ойртсоор. Уг тайлан нь дөрөв дэх жилдээ гарч байгаа бөгөөд 2022 оны тухайд дэлхийн эрчим хүчний эрэлтийн 93 хувийг бүрдүүлдэг 78 орны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг онцолсон юм.

Орос-Украины дайны хөлд дэлхийн эрчим хүчний салбар хямарч, нүүрсний хэрэглээ бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн. Улмаар улс орнууд уламжлалт эрчим хүчний үүсгэврээс хэт хамааралтай байгааг багасгах арга сүвэгчлэх болсон юм. Үр дүнд нь өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүч дэлхийн эрчим хүчний 12 хувийг бүрдүүлж түүхэн дээд түвшинд хүрэв.

Эрэлт & Нийлүүлэлт: Дэлхийн эрчим хүчний эрэлт 2022 онд 2.5 хувь өссөн ба үүний 93 хувийг Хятад, Америк, Энэтхэг зэрэг орнууд дангаар бүрдүүлдэг. Харин эсрэгээрээ, Европын холбооны улсуудын эрэлт 3 хувь буурсан.

Нар болон салхины эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчний нийт эрэлтийн 80 хувийг хангажээ. Улмаар нарны эрчим хүч үйлдвэрлэл 24, салхиных 17 хувь тус тус өссөн аж. Мэдээж нүүрсний хэрэглээ өндөр хэвээ багаа бөгөөд дэлхийн нийт эрчим хүчний 36 хувийг хангаж, эрчим хүчний томоохон үүсгэврийн байр сууриа хадгалсан юм.

Ногоон зорилт

Эрчим хүчний салбар нь дэлхийн томоохон хүлэмжийн хий ялгаруулагчийн нэг бөгөөд зайлшгүй ногоорох хэрэгтэй салбар. Түүнчлэн томоохон хүлэмжийн хий ялгаруулагч улс орнууд ч 2030 он гэхэд ногоон эрчим хүчинд тодорхой хэмжээнд шилжихээ амлаад байгаа. Өнгөрсөн жил гэхэд цахилгаан автомашины үйлдвэрлэл болон хэрэглээ нэлээдгүй эрчимжсэн. Ер нь л ирээдүйд нүүрсний хэрэглээ багасах нь тодорхой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)