Суданд өнгөрсөн бямба гарагт эхэлсэн мөргөлдөөн ширүүсч, тус улсын арми болон “Шуурхай дэмжлэгийн хүчин” цэргийн бүлэглэлийн хоорондын зэвсэгт тулалдаан үргэлжилж байна. Ням гарагт шилжих шөнө дор хаяж 56 хүн амь үрэгдэж, 600 гаруй хүн шархаджээ. “Reuters” агентлаг Суданы эмч нарын холбооноос эш татан мэдээлснээр, амь үрэгдсэн хүмүүс бүгдээрээ энгийн иргэд аж. Харин хэчнээн тооны цэрэг алагдсан нь тодорхойгүй бөгөөд сэтгүүлчид олон цэрэг амь үрэгдсэн байж магадгүй гэв. Армийнхан “Шуурхай дэмжлэгийн хүчин” бүлэглэлийн Хартум хотын ойролцоохь баазад агаараас цохилт өгчээ. Орон нутгийн иргэд, нийслэл Хартум болон ойролцоохь суурин газруудад хүнд их бууны чимээ сонсогдсон гэж мэдээлжээ.
Судан армийн Ерөнхий командлагч, генерал Абдел Фаттах аль-Бурхан "Аль-Жазира" телевизд өгсөн ярилцлагандаа, “Шуурхай дэмжлэгийн хүчин” бүлэглэлтэй хэлэлцээр хийхэд бэлэн гээд, хэрэв зэвсгээ хаяхгүй бол Хартумд бусад бүс нутгаас цэрэг оруулахаа мэдэгдсэн байна. Харин “Шуурхай дэмжлэгийн хүчин” бүлэглэлийн тэргүүн, генерал Мухаммед Хамдан Дагало болохоор аль-Бурханыг “худалч, гэмт хэрэгтэн” хэмээн буруутгаж, түүнийг баривчлан шүүхэд өгөх, эсвэл “нохой шиг үхэх болно” гэжээ. Тэрбээр Суданы байнгын армийн баазыг булаан эзлэх хүртэл дайтах болно гэдгээ мэдэгдсэн байна.
“Saudia” агаарын тээврийн компани Хартумын нисэх онгоцны буудал руу мөн цохилтод өртсөнийг, нэг онгоц гэмтсэн гэдгийг мэдээлжээ. Ихэнх агаарын тээврийн компаниуд Хартум руу хийх нислэгээ зогсоогоод байна. Чад улс Судантай залгаа хилээ хаажээ.
“Шуурхай дэмжлэгийн хүчин” бүлэглэл нь Судын байнгын армийн бүрэлдэхүүнд ордоггүй, Батлан хамгаалах яамнаас хараат бус цэргийн бүтэц. 2019 онд цэргийн эргэлтийг дэмжиж, үүний үр дүнд дарангуйлагч Ерөнхийлөгч Омар аль-Башир төрийн эрхийг авсан. 2021 онд эгнээндээ 100 мянган хүнтэй бүлэглэл хоёр дахь удаагаа цэргийн эргэлтийг дэмжсэн. Энэ удаа тэд дахин цэргийн эргэлт хийхээр Суданы Ерөнхийлөгчийн ордон болон бусад хэд хэдэн байгууламж руу довтолж байгаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 5 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14