Герман улсад ажиллаж байсан сүүлчийн гурван атомын цахилгаан станцыг (АЦС) энэ сарын 16-нд шилжих шөнө бүрэн унтрааж, ажилаагааг зогсоосон байна. 2011 онд Японы “Фукушима-1” АЦС-д болсон ослын дараа Герман улс цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзсан аж. Уг асуудал өнөөдрийг хүртэл Германы нийгэмд ширүүн маргаантай хэвээр байгаа. Германд анхны АЦС 1961 оноос ажиллаж эхэлсэн. 2000-гаад онд тус улсад 19 АЦС ажилладаг байсан бөгөөд цахилгаан эрчим хүчний гуравны нэгийг үйлдвэрлэдэг байжээ. Фукушимагийн ослын дараа тухайн үед Канцлерь байсан Ангела Меркелийн Засгийн газар цөмийн эрчим хүч маш аюултай салбар гэж мэдэгдээд, үе шаттайгаар татгалзана гэдгээ зарласан.
Хамгийн том гурван реактор болох Бавари дахь “Исар-2”, Баден-Вюртемберг дахь “Некарвестхайм 2”, Доод Саксонийн “Эмсланд”-ын АЦС-ыг өнгөрсөн оны сүүлээр хаахаар төлөвлөсөн. Гэсэн хэдий ч Европын холбооноос тавьсан хоригийн улмаас ОХУ Германд эрчим хүчний түүхий эд нийлүүлэхээ зогсоосноос хойш АЦС-ыг ашиглах хугацааг сунгасан аж.
Өнгөрсөн бямба, нам гарагт Германы АЦС-ыг дэмжигчид болон эсэргүүцэгчид нэгэн зэрэг цуглаан зохион байгуулав. Харин улстөрчдийн дотор дээрх сэдвээр нэгдсэн ойлголт байхгүй. Ногоонтны намын гишүүн, Байгаль орчны сайд Штеффи Лемке “Цөмийн эрчим хүчний аюулыг хянах боломжгүй, харин үүнээс татгалзсанаар ногоон эрчим хүчинд шилжих үйл явцыг түргэтгэнэ” гэж үздэг. Чөлөөт ардчилсан намн төлөөлөгчид, түүний дотор Сангийн сайд Кристиан Линднер АЦС-аас татгалзсаны дараа тус улсад цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэнэ гэсэн. Түүний ярьж буйгаар, бүх АЦС-ын ажиллагааг зогсоосон ч, Герман улс цөмийн эрчим хүчний салбарын судалгааг зогсоож болохгүй, эрдэмтэд энэ чиглэлээр аюулгүй байдлын шийдлийг олно.
“YouGov” олон нийтийн судалгааны хүрээлэнгийн явуулсан санал асуулгаар германчуудын гуравны хоёр нь “цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор” ашиглахаас татгалзахыг дэмжихгүй буйгаа илэрхийлжээ. Оршин суугчдын 32 хувь нь АЦС-ын ажиллагааг тодорхой хугацаанд дахин сунгах, 33 хувь нь хугацаагүй сунгахыг дэмжсэн байна. Харин санал асуулгад оролцогчдын 26 хувь нь Герман дахь үлдсэн АЦС-ыг нэн даруй унтраахыг хүсчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14