Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа бүрэн шийдсэн “Санзай Солархаус” төсөл захиалга авч эхэллээ

Admin | 2023-04-19


Нэг хэсэг паалантай жор­лон, паартай орон сууцанд амьд­рах нь монголчуудын бараг мөрөөдөл байлаа. Өнөөдөр ч энэ мөрөөдөл бүдгэрээгүй. Харин чиглэлээ өөрчилж ха­шаандаа, зусландаа, ер нь хүссэн газраа дулаан, цахилгаан нь шийдэгдсэн амины орон сууцанд тайван амьдрахыг хүмүүс илүүд үзэх болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт яг энэ боломжийг бүрэн хангах “Санзай Солархаус” төслийг танил­цуулсан нь олны сонирхлыг нэлээд татав. “Бьюлдингс Тех­ноложи” компани Германы дэв­шилтэт буюу хамгийн сүү­лийн үеийн ногоон барилга барих технологийг эх орондоо нэвтрүүлсэн байна. Ингэхдээ нэвтрүүлж буй технологийнхоо дагуу амины орон сууц барьж “Санзай Солархаус” төс­лийн туршилтыг амжилттай хэрэг­жүүлж эхлүүлээд байна. Тухайн амины орон сууц буюу байшинг хотоос зайдуу зусланд барьжээ. Энэхүү байшин нь нарны эрчим хүч ашиглан цахилгаан, дулаанаа бүрэн шийдээд зогсохгүй эрчим хүч нөөцөлдөг гэдгээрээ онц­лог­той аж. Үүнээс гадна энэхүү технологийн шийдэл нь бүрэн смарт системээр холбогдох бөгөөд та байшингаа нарны эрчим хүчний хэдэн хувийг ашиглаж, хэдэн хувийг нөөцөлж байгааг дэлгэцээр бүрэн хянах боломжтой. Бүр жилдээ хэдэн кВт цахилгаан, дулаан ашиглахаа ч ухаалаг системийн тусламжтайгаар мэдчихнэ.

Энэхүү танилцуулгын үеэр Монгол Улсын Тогтвортой санхүүгийн холбооны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч М.Болд “Эрчим хүчний хэм­нэлттэй А+ стандартад нийцсэн технологийг Монголд нэвтрүүлж байгаа нь өөрөө гайхамшиг. Монголын бүх айл өрхийг ийм байшинтай болгох юмсан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. Харин төслийн танилцуулах арга хэм­жээний модератор Т.Бат-Оргил “Монголын барилгын салбарыг орвонгоор нь өөрчлөх төсөл болжээ гэж харж байна. Яагаад гэвэл манайхан одоо болтол дулааны шугам сүл­жээгээ дагаж бөөгнөрдөг. Энэ асуудлыг нэг тийш нь ший­дэх боломж харагдлаа. Дээр нь эдийн засгийн хувьд маш хэм­нэлттэй технологиор бай­шин­гаа хүссэн газраа барьж болох нь. Дэлхийн шилдэг тех­нологийг Монголд амжилттай хэрэгжүүлж нутагшуулах, үүнд түшиглэн манай томоо­хон компаниуд өөрсдийн тех­нологийг бас давхар туршиж үзэж байгаа нь маш том давуу тал юм. Мэдлэг чадвартай хүн гэр хороололд ч арчаатай амьдрах бүрэн боломжтой. Ядуурал гэдэг чинь нийгмийн хам шинж. Бид аливааг жижгээр сэт­гэмээргүй байна. Үгүй наад зах нь аялал жуулчлалын сал­барт энэ шийдэл үсрэнгүй бо­ломжийг нээж өгч болохоор байна. Заавал Улаанбаатарт шахалдаад байхгүй алслагдсан хөдөөд аялал жуулчлал кемпэд энэ технологийг ашиглаж болох­гүй гэж. Тэгвэл заавал  төвийн  шу­гам  гэлтгүй  хаана ч  өөрийнхөө  биз­несийг хөгжүүлээд амьд­ралаа залгуулаад аваад явж болохоор байна шүү дээ” хэмээн онцолсон юм.

Ингэж хэлэх нь аргагүй юм. Учир нь тухайн байшин нар­ны тусламжтайгаар эрчим хүч өөрөө үйлдвэрлэж, илүү гарснаа төвийн сүлжээнд хол­богдсон бол улсад нийлүүлнэ гэдэг нь Монголын хувьд дэв­шилтэт алхам юм. Манай улсын хувьд эрчим хүчний хэрэг­лээгээ дийлэнхийг нь гад­наас авч, цөөн хувийг Монголдоо шинээр ямар нэг станц барьж нэмэрлэдэг. Үүний 20 хүрэхгүй хувийг сэр­гээгдэх эрчим хүч эзэлдэг. Тэгвэл иргэдийг тохилог орон сууц­тай болгохын сацуу маш төд ар­гаар өрх бүр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломж бий гэдгийг “Бьлюдингс Техноложи” компанийн “Санзай Солархаус” төсөл нотолж харууллаа.

Ингээд “Бьюлдингс Техноложи” компанийн Ерөнхий захирал, Монгол Улсын Дулаан хангамжийн зөвлөх инженер Н.Доржоос “Санзай Солархаус” төслийн талаар тодруулж ярилцлаа.

-“Санзай Солархаус” төс­лийн хувьд бусад ногоон гэг­дэх  барилгуудаас юугаараа онцлогтой вэ?

-Монгол орон жилийн 300 гаруй хоногт нь нартай байдаг. Үүнийг монголчууд бидний хувьд боломж гэж харж “Санзай Солархаус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.  Архитектур төлөвлөлтийн оновчтой шийдлээр нарны цахилгаан, нарны дулаан, дулааны насос, дулааны нөөцлүүр ашиглан өөрийн цахилгаан дулааныг бүрэн шийдсэн байшин. Барилга хийцийн хувьд халуун сав шиг хоёр давхар учраас дулаан алдагдал маш бага. Өнөөдрийн нормоор хангагдаж байгаа барилга, байшин бол эрчим хүчний С ангилалд багтдаг. Манай энэ барилга А+ ангиллынх гэдгээрээ гол онцлогтой. А+ ангилал гэдэг маань дээд зэргийн эко барилга гэсэн үг.

-Сэргээгдэх эрчим хүчийг тухайн  төсөлд  хэрхэн  ашиглаж байгаагаас хамаарч эдийн засгийн ямар боломжуудыг бий болгож байна вэ?

-Нарны эрчим хүчээр бай­шин ахуйн цахилгаан хэрэгс­лүүдээ хангахаас гадна халаалт, халуун усны дулаанаа бүрэн хангах боломжтой. Төвийн сүл­жээнд холбогдсон байшин бол өвлийн улирлын 12-2 дугаар сард буюу нар багатай үед сүл­жээнээс арай илүү цахилгаан авах байх. Харин бусад сард нарны эрчим хүчээр өөрийнхөө цахилгааныг бүрэн хангаад зогсохгүй илүүдэл нөөцөлсөн буюу үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлчхэж байгаа юм. Өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаад илүүг нь төвийн сүлжээнд өгнө гэдэг чинь ерөө­сөө л цахилгаан ашиглалтын зардалгүй болчихож байгаа юм. Төвийн сүлжээнд холбогдсон байшинд сүлжээнээс цахилгаан авч байгаа тоолууртай, илүү гарснаа мөн өгч байгаа тоо­лууртайгаар зохицуулсан. Онлайн системээр энэ бүхнээ өөрөө хянах бүрэн боломжтой. Хэрэглээ 3-11 дүгээр сарын хооронд байнга илүү буюу нэмэхтэй гарна. Илүү гарсан эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүллээ гээд төлбөр авах­гүй ч тухайн байшинд амьд­рахад ямар ч ашиглалтын зардал төлөхгүй болж байгаа нь хамгийн том давуу тал. Цахилгаан, ду­лааны мөнгө төлөхгүй амьд­рах боломжтой дээр нь төвийн сүлжээнд эрчим хүч үйлдвэрлэж өгч байна шүү дээ. Хэрэв тухайн айл цахилгаан ма­шинтай бол машинаа цэнэглэх боломжтой. Гараашад зориу­лалтын цахил­гаан төхөө­рөмж суу­рилуулж өгсөн байгаа. Ингээд яриад байвал эдийн засгийн үр ашиг маш их шингээсэн шийдэл.

-“Санзай Солархаус” төслийг манай улсын хувьд амины орон сууцнаас өөр ямар хэлбэр гэдэг юм уу, эсвэл салбарт нэвтрүүлэх шаардлагатай вэ?

-Одоо барьсан байшин маань харьцангуй том байшинд орно. Хэмжээ нь 260 метр квадрат, 3.5 метр өндөр. Төвийн сүлжээнд холбогдсон. Нар бага тусах өвлийн улиралд төвийн сүлжээнээс нэмэлт эрчим хүч авч байгаа юм. Ердийн хашаа байшинд амьдардаг айл шиг л эрчим хүч авна. Яг одоо баригдсан загвар хэмжээний хувьд том ч нарны эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангаад жилдээ илүү үйлдвэрлэсэн 3700 кВт эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлж байна. Тэгэ­хээр байшинг ямар ч хэм­жээгээр барьж болно. Тухайн технологийн шийдлээр ямар ч хэлбэр, хэмжээтэй байшин барих боломжтой. Одоо манайх сургалтын төвийн загварын зураг төсөл дээр ажиллаж байна. Ер нь энэхүү технологийн шийдлийг аль ч салбарт ашиглах бүрэн боломжтой. Ялангуяа, манай аялал жуулчлал, амралтын га­зрууд энэ технологийн шийд­лийг их сонирхож байна. Төвийн шугам, сүлжээгүй газар тохилог сууц барих нь эдийн засгийн хувьд олон хэмнэлт, бүтээмжийг бий болгохоор байна гэж харж байна.

-Тухайн технологийн дагуу байшин, барилга барихад ер нь өртөг хэр өндөр вэ?

-Мэдээж технологийн хувьд 100 хувь эко буюу А зэрэг­лэлийн ногоон барилга учраас анх­ны зардал зах зээлийн үнээс 15 орчим хувиар өндөр. Гэхдээ ямар ч барилгын анхны өртөг зардал биш хөрөнгө оруу­лалт шүү дээ. Маш нарийн тех­нологийн дагуу стандартыг хан­гасан тоног, төхөөрөмж суу­рилуулна. Мөн энэхүү тоног төхөөрөмжийг бүрэн удирдах “Smart house” ухаалаг систем ашиглана гээд анхны байшин барих зардал магадгүй үнэтэй санагдаж болно. Гэхдээ тухайн барилгыг барьснаас хойш өдөр тутмын цахилгаан, дулаандаа ямар ч төлбөр төлөхгүй буюу ашиглалтын зардалгүй болох нь чухал юм. Учир нь өнөөдөр манайхан зусландаа амины орон сууц, хаус барихдаа дий­лэнх нь төвийн сүлжээнд холбогдож цахилгаанаар ду­лаанаа шийддэг. Энэ шийдэл хэрэглээний хувьд урсгал зар­дал маш өндөр гардаг. Энэ бол анхны бүтээн байгуулалтын ажлаас илүү тулгамдсан асуу­дал. Тиймээс бид үүнийг л уг технологийн шийдлээр ший­дэж чадах юм. Нэг талаараа манай улс цахилгаан, дулааны ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед бүгд төвийн сүлжээнд холбогдохгүйгээр асуудлыг ший­дээд харин ч улсад эрчим хүч үйлдвэрлэж өгөх боломж байна. Дээд зэргийн ЭКО шийдэл. Нөгөө талаараа нарны эрчим хүчийг ашиглана гэдэг нэг ч гэсэн  яндангийн утааг багасгаж байна. Хэдий олон айл, өрх энэ төрлийн байшинтай болно төдий чинээ утаа алга болж, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулна. Агаарын бохирдол монголчуудын эрүүл мэндэд ямар хор нөлөө үзүүлж байгааг  бид  эмч нарын ярианаас өдөр бүр л сонсож байна шүү дээ.

-Тухайн төсөлд төр, хувийн хэвшлээс хамтарч ажиллах боломж хэр нээлттэй вэ?

-Нээлттэй. Манай “Бьюлдингс Техноложи” компани “Сан­зай Солархаус” төслийн хү­рээнд зураг төсөл гаргахаас эхлээд түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөл­тэйгөөр захиалга авч байна.

Харин төрийн зүгээс гэвэл Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх нь ногоон барилгын хувьд хамгийн том дэмжлэг болно. Одоогийн байдлаар тоног, төхөөрөмжийн 20 хувийг гаалийн татвараас чөлөөлдөг. Тэгэхээр төр засгаас гаалийн татварыг хөнгөлөх юм бол ногоон барилга энэ хэрээр хүрээгээ тэлэх болно. Дэлхий нийтийн хөгжлийг байгаль орчин даахаа больсон. Хүссэн хүсээгүй бид өөр шийдэл рүү явахаас аргагүй энэ үед хууль эрхзүйн орчноо ч гэсэн уялдуулах шаардлага үүсэж байна.

 

Д.ЦЭВЭЛМАА: Манай улсад эрчим хүчний хэмнэлттэй барилгыг урамшуулдаг систем хэрэгтэй байна

“Санзай Солархаус” төс­лийн танилцуулгын үеэр барилгын салбарынхан ту­хайн барилгын хийц, сэр­гээг­дэх эрчим хүч үйлдвэрлэх тех­­нологийн шийдлийг ихэд сонирхож байсан юм. Тий­мээс барилгын салбарын тө­лөөл­лүүдээс төслийн та­лаарх сэтгэгдлийг хүргэж байна.

 

Зөвлөх архитектур Д.Цэвэлмаа: Монголын барил­гын зураг төслийн холбооны ерөнхийлөгчөөр найман жил ажиллаж байсан Доржийн маш олон жил ажил хэрэг болгох гэж бодож санаж, ярьж, зүтгэж явсан ажил сая биеллээ олж байгааг харах сайхан байна. Дорж анх Улаанбаатарт ду­лаан, эрчим хүч хэмнэх техно­логитой барилга барих төсөл санаачлаад, гаднын зөвлөх ком­панитай хамтарч зураг төсөл боловсруулсан. Энэ бол Доржийн мөрөөдөл. Зөвхөн Доржийнх ч биш Монголын мөрөөдөл. Харин тэр Монгол Улс эрчим хүчний хэмнэлтийг ойлгоосой, хэрэгжүүлээсэй, хэмнэх боломж байна шүү гэд­гийг бодитоор хийж үзүүлэхээр зүтгэсэн. Өнөөдөр үр дүнгээ танилцууллаа. Тэр зорьсондоо хүрч чаджээ. Амины орон суу­цыг барихдаа маш олон дэв­шилтэт технологийг хэрэглэсэн байна. Эрчим хүчний хэмнэлт, материалын хэмнэлт, ус бохи­рыг шийдэх, байгальд ээлтэй гээд олон давуу талыг олж харлаа. Цахилгаан эрчим хү­чийг хэмнэх, хэмнээд зог­сохгүй хэрэгцээнээсээ илүү үйлдвэрлээд төвийн сүлжээнд нийлүүлэх гээд маш олон давуу талын мундаг шийдлүүдийг гаргасан байна. Бүх төрлийн хэмнэлтийг төгс харуулсан төсөл байна. Ер нь эрчим хүч­­ний хэмнэлттэй барилгыг урам­шуулдаг систем манай улсад хэрэгтэй байна. Урам­шуул­лын тогтолцоо нь өөрөө энэ сал­барыг хурдацтай хөгжүүлэх гол хөшүүрэг болдог. Үүнийг да­гаад өнөө бидний санаа зов­дог утааны асуудал, байгаль дэлхийн дулаарлын асуудал ший­дэгдэнэ. Ногоон барилгад амьдарч буй иргэдийн орчин нөхцөл, эрүүл мэнд, эдийн засгийн байдал ч сайжирна.

 

Г.БАТНАМ: Дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулна, хүлэмжийн хийг багасна гэсэн Ерөнхийлөгчийн амлалтыг хэрэгжүүлэх нэг хувилбар бол ногоон барилга

 

Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны гүйцэтгэх захирал Г.Батнам: Дэлхий нийт байгальд ээл­тэй ногоон барилга руу анхаар­лаа хандуулах болсон. Тий­мээс манай улсад ч гэсэн но­гоон барилгын ийм сайхан технологи, шийд­лийг оруулж ирж байхад наад зах нь тоног төхөөрөмж оруулж ирэхэд нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Байгаль дэлхийгээ хайрлах боломж олгож байгаа эдгээр ком­па­ниудыг харин ч урамшуулж татварын дарамтгүй байлгах нь зүйтэй гэж бодож байна. Ногоон барилга барих анхны зардал мэдээж үнэтэй. Гэхдээ нэг барьсан байхад цаашдаа дандаа хэмнэлт яригддаг тех­нологи гэдгийг хүмүүс ч ойлгох цаг болсон. Тиймээс ногоон барилгын хүртээмжийг өргөн болгохыг зорьж байгаа бол анхны хөрөнгө оруулалт дээр төр дэмжлэг үзүүлэх нь зайлшгүй чухал. Ногоон зээл, тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт, ногоон барилга ба­рих газрын асуудлыг наад зах нь шийдээд өгвөл технологи бол аль хэдийн манайд орж ирчхээд байна. Дэлхийн ду­лаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулна, хүлэмжийн хийг багасна гээд манай Ерөн­хийлөгч олон улсад амла­чихаад ирсэн шүү дээ. Тэр ам­л­алтыг хэрэгжүүлэх нэг хувил­бар бол иймэрхүү ногоон барилгыг хоёр гараа өргөөд бүхий л талаар дэмжиж, аль болох хүртээмжтэй өргөнөөр нэвтрүүлэх чухал байна. Төр засаг ч гэлтгүй мэргэжлийн бай­гууллагууд ч хамтарч ажил­лах хэрэгтэй. Яг энэ чиглэлээр Монголын барилгын зураг тө­сөл зохиогчдын холбоо түлхүү анхаарч ажилладаг. Холбооны түлхүүр хоёр бодлогын нэг­дүгээрт нь эрчим хүчний хэм­нэлт, хоёрдугаарт барилгын заг­варч­лал. Барилга угсралтын байгууллагууд энэ хоёр бод­логыг л бүгд баримтлаад явчих­вал бүх юм цахимжаад маш их хэмнэлтийг дагуулна.

 

Л.БАТАА: “Санзай Солархаус” шийдлийг ямар ч барилгад ашиглах боломжтой

 

“Ган харш” ХХК-ийн захи­рал Л.Батаа: Барилгын дотор хийцийн зарчим нь халуун сав шиг. Халуун сав шиг гэхээр хүмүүс их сонирхоод байна л даа. Товчхон тайлбарлавал ба­рилга нь хоёр давхар. Дээшээ биш шүү. Ингэхдээ гадна ха­на, до­тор хана гэж бий. Энэ хоо­ронд 10 см зайтай. Барилгын урд хэсэгт шилэн хорго буюу хаалт­тай. Шилэн хорго өдөр нараар халаад хуримтлагдсан дулаан агаараа  хоосон орон зайд дамжуулах юм. Тиймээс дулаан алдагдал маш багатай. Дулаан алдагдал багатай гэдэг чинь хэрэг­лэх халаалтын энерги бага зарцуулна. Дулаан алдагдлыг хам­гийн сайн шийдсэн шийдэл гэж би хэлнэ.  Энэ  шийдлийг  ямар ч барилгад ашиглах боломж­той. Төслийн гол зарчим нь ямар ч цахилгаан, дулааны төвийн шугам сүлжээгүй газар барилга барих боломжтой боллоо гэдгээрээ онцлогтой. Барилгын хана, хучилт, суурь, дээвэр гээд бүгд дотоодын үйлдвэрийн материалууд орсон.

 

ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ:

Утас: 89896005, 88009136

И-мэйл хаяг: tganbat@buildtech.mn   nandia@buildtech.mn

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)