Казахстаны Ерөнхий сайд асан К.Масимовт 18 жилийн хорих ял оноов

Admin | 2023-04-25


2022 оны нэгдүгээр сард Казахстанд болсон үймээний дараа “эх орноосоо урвасан” хэргээр баривчлагдсан тус улсын Ерөнхий сайд асан, тухайн үед Үндэсний аюулгүйн хорооны даргаар ажиллаж байсан Карим Масимов болон түүний гурван орлогчид Астана хотын шүүхээс ял оноосон байна. Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс К.Масимовт 18 жилийн хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэрээр, К.Масимовын хөрөнгийг хурааж, бүх насаар нь төрийн албанд ажиллахыг хориглосон байна. Түүнийг “эх орноосоо урвасан”, “төрийн эрхийг хүчээр булааж авахыг оролдсон”, “албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн буруутгажээ.   

К.Масимоваас гадна түүний орлогчид болох Ануар Садыкуловт 16, Даулет Ергожинд 15, Марат Осиповт гурван жилийн хорих ял тус тус оноож, төрийн албанд ажиллахыг хориглосон байна. Түүнчлэн ял авсан дөрвөн албан тушаалтны цэргийн генерал цол болон төрийн одон медалийг хураахаар шийдвэрлэжээ. Мөн хэрэгтнүүд улсад 10 тэрбум тенге (76 орчим тэрбум төгрөг) болон 24 сая ам.доллар төлөхөөр болсон байна.

Карим Масимов нь Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үед өндөр албан тушаал хашиж байсан. 2007-2012, 2014-2016 онуудад хоёр удаа Казахстан улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан улстөрч. 2022 оны нэгдүгээр сарын эхэнд Казахстаны Алматы болон хэд хэдэн томоохон хотод бослого үймээн дэгдэж 250 гаруй хүн амь үрэгдсэн. Уг бослого үймээнийг зохион байгуулсан гол буруутан гэж К.Масимовыг баривчлан хорьсон. Мөрдөн шалгах үйл ажиллагаа жил гаруйн хугацаанд үргэлжилж, өчигдөр шүүх хурал нь болсон байна.         

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)