Үндэсний АЛТАН ЦОМ-ыг аль аймгийн баг хүртэх вэ

Admin | 2023-04-26


Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа “Үндэсний Алтан цом” тэмцээн өндөрлөхөд нэг тойргийн барилдаан үлдээд байгаа. 2022 оны аравдугаар сараас эхэлсэн “Үндэсний Алтан цом” ирэх зургаадугаар сард өндөрлөнө. “Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хотын болон Тува улсын гээд нийт 32 баг өрсөлдсөн. Эхний хоёр шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдаж, шалгарсан найман баг тойргоор барилдаж аваргаа тодруулна. Наймд Булган, Архангай, Өвөрхангай, Увс, Төв, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн багууд үлдээд буй.  

Дөрөв, тав, зургадугаар шатны барилдаан дөрөвдүгээр сарын 3-14-нд болж өндөрлөсөн. Шилдэг найман багийн хооронд тойргийн барилдаанууд болж, одоогийн байдлаар Булган, Архангай аймгийн багууд хүснэгтийг хошуучилж байгаа бол Өвөрхангай аймгийн баг гуравдугаар байрт бичигдэж буй. Хамгийн сүүлийн долдугаар тойргийн барилдаанууд ирэх зургадугаар сард эхэлнэ.

“Үндэсний Алтан цом”-ын нийт шагналын сан 650.000.000 төгрөг байна.

Үүнээс,

Түрүүлсэн баг 200.000.000 төгрөг, шилжин явах “Алтан цом”, хоёрдугаар байрт шалгарсан баг 50.000.000 төгрөгийн шагнал авна. Мөн түрүүлсэн багийн хамгийн олон даваа авсан бөх “Шилдэг бөх”-ийн “Алтан цом” гардана. Түүнчлэн багийн барилдаанд ялсан баг тус бүр барилдаан бүрийн дараа 5.000.000 төгрөг авч байгаа. Барилдааны нэг давааг 100.000 төгрөгөөр тооцож урамшуулал олгодог.

Зургаан тойргийн дараах байдлаарх зарим мэдээллийг хүргэе.

Төв аймгийн багийн гишүүн, улсын начин Д.Хүдэрбулга шигшээ барилдаан эхэлснээс хойш хамгийн олон даваа авсан амжилтыг үзүүлээд байна. Тэрбээр зургадугаар тойрогт Булган аймгийн багийн эсрэг уналгүй тав давсан. Ингэснээр тэрбээр 34 даваатайгаар хамгийн олон давсан бөхийн жагсаалтыг тэргүүлсэн. Түүний араас Улсын харцага Ц.Бямба-Отгон, Улсын начин Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар тус бүр 30 даваатай удаалж байна.

Зургадугаар тойрогт Баянхонгор-Өвөрхангай аймгийн багийн барилдаанд хонгор нутгийн залуу начин Э.Батмагнаы Алтан цомын түүхэнд шинэ, давтагдахааргүй амжилт үзүүллээ. Тэрбээр Өвөрхангай аймгийн арслан Т.Довчинсэмбээтэй өрж эхлэнгүүтээ давхар хамах мэхээр даваа авснаар нэг секундэд ялсан амжилтыг үзүүллээ.

Алтан цомын төлөөх өрсөлдөөний сүүлийн шатанд нэгдүгээр байрын төлөө өрсөлдөх Архангай, Булган аймгийн багууд адил зургаан ялалттай байна. Гэвч Архангай аймгийн баг шигшээ барилдаан эхэлснээс хойш нийтдээ 93 даваа авч нэгдүгээр байрт бичигдэж байгаа бол Булган аймгийн баг 92 даваатай хоёрдугаар байрт бичигдэж байна. Тэгвэл хамгийн бага даваа авсан аймаг бол Баян-Өлгий. Тус аймгийн бөхчүүд 57 даваа аваад байгаа аж.

Түрүүлсэн баг 0.6 метр өндөртэй, 43 кг жинтэй “АЛТАН ЦОМ”-ыг гардана

Үндэсний Алтан цомын загварыг уран барималч, зураач МУСТА Ж.Түмэнчулуун гаргасан бол уран дархан Б.Алтангэрэл хагас жилийн хугацаанд бүтээн туурвисан байна. Үнэт чулуун суурин дээр Их Юань гүрний үеийн Алтан хундагыг байрлуулж, Идэр залуу дөрвөн аваргаар түшүүлсэн энэхүү Алтан цом нь 0.6 метр өндөр, 43 кг жинтэй бүтээгджээ.

Алтан цомын суурийг хар ногоон өнгийн үнэт чулуугаар хийсэн нь Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ үүрд оршихыг бэлгэдсэн бөгөөд найман талт суурь нь Монгол орны дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдсэн байна. Мөн чулуун суурийн 3 давхар үе нь Монгол бөхийн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеийн бэлгэдэж, бүхий л цаг үед Монгол бөхийн дэвжээ хад чулуу мэт бат оршин байхын илэрхийлэл юм. Найман тал, 3 үетэй энэхүү чулуун суурин дээр нийт 24 ширхэг мөнгөн хавтанг байрлуулсан бөгөөд тал тус бүр дээр энэхүү Алтан цомын барилдаанд түрүүлсэн багуудын нэрийг сийлж, мөнхлөн үлдээх учиртай.

Архангай VS Булган

Ирэх зургадугаар сард Архангай аймгийн хүчтэнүүд Булган аймгийн бужигнасан хурдтай барилдаантай зургаан начинтай тулж үзнэ. Тэдний дундаас мөн гал гаргасан барилдаанууд гарах нь тодорхой. Булганыхан зургаа дахь ялалтаа авсан байгаа. Булганы зургаан начин бие жижиг ч хурд хүч авахаалж нь Архангайнхаас илүү байж мэднэ. Гэхдээ эргэлзээтэй. Архангайн хүчтэнүүд бол арал чац сайтай өндөр өндөр хүчтэнүүд байгаа юм.

Алтан цомын төлөөх шигшээ барилдаан ийнхүү өндөрлөж, найман багаас нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай, Булган аймгуудын баг зургаадугаар сард хүчийг үзэн барилдаж, ялсан баг нь хамгийн өндөр шагналын сантай “АЛТАН ЦОМ”-ын эзнээр тодрох юм. Бөхчүүд болон бөх сонирхогчид бөхийн талаар судалгаа хийдэг хүмүүс Алтан цомыг Архангай хүчтэнүүд баараггүй авна хэмээн таамаглаж байна. Гэхдээ Булганы зургаан начинг басаж болохгүй юм.

Дашрамд дуулгахад, Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар Улсын гарди Д.Рагчаа, Улсын начин Ч.Ганзориг ажиллаж байгаа. Харин Булганы багийн дасгалжуулагчаар Улсын заан Д.Баасандорж,  М.Өсөхбаяр нар ажиллаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)