Үндэсний баялаг-оюуны үнэт зүйлийг бүтээн дэлгэрүүлэгч та бүхэнд баярын мэнд хүргэе

Admin | 1 Жилийн өмнө


Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монголын оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан үндэсний баялаг-оюуны үнэт зүйлийг бүтээн дэлгэрүүлэх, хамгаалах их үйлсэд мэдлэг, чадвараа зориулан ажиллаж байгаа шилдэг зохион бүтээгчид, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдэд чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Оюуны өмч нь бидний амьдралын чанарыг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц болох инноваци, бүтээлч байдлыг дэмжиж байдаг онцлогтой.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас энэ жил зохион бүтээл туурвигч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, идэвхжүүлэх зорилгоор “Та чадна”, “Эмэгтэйчүүд ба оюуны өмч: эмэгтэйчүүдийн инноваци, бүтээл туурвих үйл ажиллагааг идэвхжүүлэх нь” уриан доор Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа онцлогтой.

Тус байгууллагаас гаргасан статистик мэдээгээр Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргасан олон улсын патентын нийт мэдүүлэгт хамаарах зохион бүтээгчдийн 17 хувийг эмэгтэй зохион бүтээгчид эзэлдэг байна.

Монгол Улсын хувьд нийт патентын мэдүүлэгт хамаарах зохион бүтээгчдийн 30 хувь нь эмэгтэй зохион бүтээгчид байгаа төдийгүй БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1986 оны 283 дугаар тогтоолоор “Шилдэг зохион бүтээгч” цол тэмдгийг бий болгосноос хойш нийтдээ шилдэг 115 зохион бүтээгч тодорсны 28 нь эмэгтэй зохион бүтээгч байдаг.

Цаашид оюуны өмчийн байгууллагаас оюуны өмчийн тогтолцоогоор дамжуулан жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оюуны өмчийг хамгаалах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засаг, нийгэмд өөрчлөлт гаргах орчин үеийн технологи, шийдлүүдийг хөгжүүлэх чадавхыг бэхжүүлэх талаар тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд байна.

Улс орны эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн зохион бүтээгчид, соёл урлаг, аж үйлдвэрийн идэвхтэн эмэгтэйчүүд, оюуны өмчийн байгууллагын нийт албан хаагчид, ахмад ажилтнууд Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)