Хиймэл оюун ухааны эринд нэн шаардлагатай таван мэргэжил

Admin | 1 Жилийн өмнө


Хиймэл оюун буюу “AI - Artificial Intelligence” 300 сая ажлын байрыг орлох болно. “AI” цаашид улам боловсронгуй болж хөгжсөөр байвал доорх таван мэргэжлийг эрэлттэй болгоно. “Хиймэл оюун ухаан одоо ирээдүйн технологи биш, өнөөдрийн бодит байдал болоод байна. 2030 он гэхэд 15.7 их наяд ам.доллароор үнэлэгдэх энэхүү технологи дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөдөлгөгч хүч болно” хэмээн судлаачид үзэж байна. 

Хиймэл оюун ухаан ирээдүйд ажил мэргэжилд хэрхэн нөлөөлөх тухай тоймлон хүргэе. Ойрын хугацаанд хиймэл оюун ухаан хөдөө аж ахуйгаас эрчим хүч, батлан хамгаалахаас боловсрол хүртэл гээд бүх салбарт нэвтэрнэ. Хөрөнгө оруулалтын “Goldman Sachs банкнаас гаргасан судалгааны тайланд “Хиймэл оюун ухаан 300 сая ажлын байрыг орлож чадна. Түүнчлэн шинэ ажлын байр бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгоно” хэмээн онцолжээ. Мөн дэлхийн эдийн засгийн чуулганы тооцоолсноор, 2025 он гэхэд хиймэл оюун ухаан 85 сая ажлын байрыг устгаж, оронд нь шинээр 97 сая шинэ ажлын байр нээнэ гэсэн таамаг дэвшүүлсэн байна.  

Хиймэл оюун ухааны хөгжлөөр эхэлсэн технологийн шинэчлэл зарим мэргэжлийг устгаж, бусад нэг хэсгийг шинээр төрөлжүүлэх нь тодорхой. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 2025 оноос хойш хиймэл оюун ухаан хууль, анагаах ухаан, архитектур, улс төр болон мэргэжлийн үйлчилгээний салбарт хүнтэй өрсөлдөж давамгайлах болно. Хиймэл оюун ухаан ирээдүйд доорх таван мэргэжлийг хөгжүүлнэ.    

1. Deepfake” буюу хуурамч мэдээлэл илрүүлэх мэргэжилтэн

Энэ нь итгэхийн аргагүй худал мэдээллийг илрүүлэх мэргэжил. “Deepfake” нь хиймэл оюун ухааныг ашиглах чиглэлийн нэг бөгөөд технологийн тусламжтайгаар хуурамч дүрийг бодит мэт бүтээдэг. Одоо ч гэсэн хиймэл оюун ухааны технологиор хуурамч дүр бүтээж, хүний нүүрний хувирал, дуу хоолой, ярианы хэв маягийг өөрчилж байна. Хүн хэзээ ч хэлж байгаагүй, хийж байгаагүй зүйлээ хэлж, хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд ийм контентыг бүтээдэг. Энэхүү технологи нь ойрын ирээдүйд хамгийн том аюул заналхийллийн нэг болно. Тийм учраас үнэн ба худлыг тодорхойлох технологи болон мэргэжилтний эрэлт нэмэгдэнэ.

2. Сансрын аялал жуулчлалын хөтөч

Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр эрэлт нь нэмэгдэх бас нэг мэргэжил бол сансрын аялал жуулчлалын хөтөч. Сансар огторгуй манай гарагийн хүн төрөлхтөний сонирхлыг гойд татдаг. Сүүлийн үед сансрын тухай яриа бүр ч ихэссэн. “Gateway” сан 2027 онд сансарт зочид буудал байгуулах тухай мэдэгдсэн нь энэхүү сэдвийг огт өөр чиглэлд эргүүллээ.     

Сансарт амьдрал өрнөж, зочид буудал баригдаад эхэлбэл маш олон хэрэгцээг хангах шаардлага гарч ирнэ. Хүн төрөлхтөн сансар руу аялаад эхэлбэл сансрын шинжээч болон хөтөчийн мэргэжлийн эрэлт нэмэгдэх нь тодорхой. Ойрын ирээдүйд сансар огторгуйг эзэмших салбарт илүү олон ахиц дэвшил гарах тул сансартай холбоотой аливаа ажил мэргэжил тэргүүлэх ач холбогдолтой болох аж.     

3. Уур амьсгалын технологийн мэргэжилтэн

Ойрын ирээдүйд хийгдэх хамгийн чухал үүрэг зорилгын нэг бол цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажил. Өдөр ирэх өнгөрөх тусам цаг уурын өөрчлөлт, дулаарлаас болж олон асуудал гарч буй. Энэ нь ирээдүйд хүн төрөлхтөний хувьд том сорилт болох учир энэ чиглэлийн судалгааны ажил ид явагдаж байгаа. Цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх, үүнийг аюулгүй хадгалж түгээх зэрэг процессын явцад ялгарах хүлэмжийн хийг багасгах хиймэл оюун ухааны технологи гарч ирснээр үр ашгийг нэмэгдүүлнэ. Хиймэл оюун ухааны тусламжаар асуудлыг шийдвэрлэж чаддаг уур амьсгалын технологийн мэргэжилтний эрэлт маш ихээр нэмэгдэнэ гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүллээ.

4. ChatGPT шинжээч

Ирээдүйд өрнөх өөрчлөлтийн хүрээнд эрэлт шаардлага нь эрс нэмэгдэх бас нэг мэргэжлийн нэг бол ChatGPT шинжээч. Боловсролын салбарыг өөрчилж эхлээд буй уг чат-ботыг ухаалаг дэмжлэг үзүүлдэг дижитал туслах гэж нэрлэж болно. Сүүлийн үед гарсан ChatGPT-4-ийн тусламжаар та асуултынхаа хариуг олж, вэб сайтын агуулгыг бүтээж, түүнчлэн нийтлэл ч бичиж болно. Ийм нөхцөлд ChatGPT шинжээчид төрийн байгууллага, хувийн хэвшил, эдийн засаг, эрдэм шинжилгээний салбарт маш их эрэлт хэрэгцээтэй байх болно.    

5. Мета ертөнцийн цагдаа

Хиймэл оюуны ухааны технологийн хөгжлийн ачаар хамгийн эрэлттэй мэргэжлээр мета ертөнцийн цагдаа тодрох нь. Мета ертөнц (Метаверс) гэх нэршил сүүлийн үед хамгийн их сонсогддог болсон нь маргаангүй. Энэхүү өвөрмөц, онцгой ойлголт одоогоос 31 жилийн өмнө буюу 1992 онд Америкийн зөгнөлт зохиолч Нил Стивенсоны “Цасан нуранги” романд дурдагдсан байдаг.

2021 оны аравдугаар сард “Facebook” компани нэрээ “Мета” болгож өөрчилсөн. Компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг уг шийдвэрийг гэнэт гаргаж байв. Хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралд нэгэнт ороод ирсэн “Метаверс” хэмээх ойлголттой хамт цахим ертөнцөд дарамт, кибер дээрэлхэлт, луйвар залилан, мөнгө угаах гээд олон төрлийн гэмт хэргийн жагсаалт олшрох нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, ойрын ирээдүйд цахим гэмт хэрэгт хяналт тавьж, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг цагдаагийн ажилтны мэргэжил онцгой ач холбогдолтой байж магадгүй юм.   

Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар ойрын 20 жилд маш олон ажлын байрыг автоматжуулах бөгөөд тэнд ажиллаж байсан мэргэжилтний эрэлт хэрэгцээ шаардлага буурах эсвэл бүрмөсөн устана. Хиймэл оюун ухааны нөлөөгөөр хэрэглэгчдэд үйлчлэх, худалдагч, кассчин болон банкны ажилтан, үл хөдлөх хөрөнгийн агент, хүргэлтийн ажилтан зэрэг ажил мэргэжил яваандаа устаж алга болно. Маш хурдтай хөгжиж буй хиймэл оюун ухаан болон түүнийг дагаж хөгжих технологиуд хүн төрөлхтөний амьдралын хэв маягийг өөрчлөхийн цацуу аюул, сорилтыг ч бас авчирна. М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)