Аливаа тусгаар улсын хөгжил эрчим хүчний тусгаар тогтнол, бие даасан байдал, эх үүсвэр нийлүүлэлтээс шууд хамааралтай байдаг нь эдийн засгийн хууль юм. Бид хөгжихийн тулд эрчим хүчний өөрийн эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг бүгд мэддэг боловч өнгөрсөн түүхийг харж байхад ямар нэгэн байдлаар эрчим хүчний томоохон эх үүсвэр шинэ цахилгаан станц (Тавантолгой цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, Бөөрөлжүүт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт) баригдах боломж гарах болгонд, яг л гэрээ байгуулагдахын өмнөхөн нэгэн “үл үзэгдэгч гар” зогсоодог болсоор 20-иод жилийг үдлээ.
Монгол Улсын эдийн засгийг тэтгэгч уул уурхайн бүс нутаг болох өмнийн бүсийн Тавантолгой цахилгаан станцыг барихаар сүүлийн 10 гаруй жил Монгол Улсын засгийн газар хичээж зүтгэж байгаа боловч өнөөх л “үл үзэгдэгч гар” гацааж зогсоосоор л байна. Хамгийн сүүлд дээрх эх үүсвэрийг барихаар зарласан тендер яагаад сураггүй алга болсныг судалж үзэхэд мөнөөх л “үл үзэгдэгч гар” ажилдаа орсон байж ч магадгүй л болоод байна.
Учир нь 2023 оны зургаадугаар сарын 12-нд 45 хоногийн хугацаатай зарлан, долоодугаар сарын 27 өдөр нээлтээ хийсэн. Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх, гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах, тендер яагаад өнөөдрийг хүртэл таг байгаа талаар, ямар компаниуд оролцоод байгааг судлан сурвалжилж үзлээ. Энэхүү тендерт дараах 2 оролцогч саналаа ирүүлсэн буй юм байна.
China Western Power Industrial Co., Ltd (БНХАУ), Beijing Beizhong Steam Turbine Generator Co., Ltd (БНХАУ) болон Майнс Ап ХХК-ын (Монгол улс) түншлэл 676 сая ам.долларын төсвөөр барихаар саналаа ирүүлсэн бол MiTime International Co.,Ltd (Камбуж) компани дангаараа оролцох санал ирүүлсэн бөгөөд нийт 698 сая ам.долларын төсөвт өртөгөөр барихаар саналаа ирүүлээд байгаа юм байна.
Эдгээр нь ямар компаниуд болохыг бид интернэт цахим орчинд болон зарим нэгэн эх сурвалжуудаар судалж үзээд, дараах үр дүн илэрцийг судлан гаргалаа.
Нэг. Эхний оролцогч түншлэлийн гишүүн China Western Power Industrial Co., Ltd (CWPC) нь 1983 онд Сычуань мужийн Зигонг хотод үүсгэн байгуулагдсан. 2011 оны 11-р сарын 11-нд Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэгдэн гарсан хувьцаат компани юм. http://www.cwpc.com.cn/Home_en/index.html байгуулагдсан цагаасаа эхлэн 40 гаруй жилийн туршид эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулсаар тухайн салбарт зөвхөн БНХАУ-аар тогтохгүй дэлхийн 50 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсад танигдсан нэр хүндтэй.
Түүнээс гадна зах зээлийн өнөөгийн үнэлгээ 100 тэрбум юань буюу 13 тэрбум ам.доллар даваад байгаа БНХАУ-ын эрчим хүчний салбарын хөрөнгийн зах зээл дээр гарсан тэргүүлэх хувийн копаниудыг нэг юм байна. Мөн энэхүү компани банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулан, Zigong Bank болон Zigong Rural Commercial Bank-д стратегийн хөрөнгө оруулалт хийж, Zigong банкны хамгийн том хувьцаа эзэмшигч, Мөн цаашлаад Хэйхэй Хөдөөгийн арилжааны банк, Бээжингийн Хуаши хөрөнгө оруулалтын сангуудад хувь, хувьцаа эзэмшдэг нь веб сайтаас нь харагдаж байна.
Мөн түншлэлийн гишүүн БНХАУ-ын Beijing Beizhong Steam Turbine Generator Co., Ltd нь 1958 онд байгуулагдахдаа Бээжингийн хүнд цахилгаан машин механизмын үйлдвэр гэж нэрлэгдсэн бөгөөд 2000 онд Бээжингийн BEIZHONG уурын турбин генератор ХХК болон нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компани болох нь веб сайт (http://www.bzd.com.cn)-аас нь харагдаж байна.
Энэхүү компани АНУ-ын General Electric олон Францын Alston-ийн технологиор Хятад дахь уурын турбин, генераторын томоохон үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд дэлхийн жишигт нийцсэн импульсийн болон урвалын төрлийн турбинуудын цорын ганц үйлдвэрлэгч юм. BSTG нь хамгийн дээд зэрэглэлийн үйлдвэрлэлийн гэрчилгээтэй 700 нэгж уурын турбин, генераторыг нийлүүлсэн туршлагатай гэх зэрэг мэдээллүүдийг вебсайтаас нь харж болж байна.
Энэхүү түншлэлийн Монгол талын хамтрагч нь МайнсАп ХХК нь 25 жилийн түүхтэй Моннис группын охин компани бөгөөд 2009 онд үүсгэн байгуулагдан сүүлийн 14 жилийн хугацаанд уул уурхай, барилга, дэд бүтцийн төслүүдийг дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байгаа 2023 онд Монгол улсын топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан байна. http://minesup.mn/
Хоёр. Тендерт оролцохоор саналаа өгсөн хоёр дахь оролцогч нь Mitime International Co.,Ltd. Тус компани дангаар оролцож бөгөөд интернэтээс хайж үзэхэд өөрийн гэсэн веб сайтгүйгээр үл барам зөвхөн Mitime (Cambodia) Co.,Ltd гэсэн л хайлтын илэрц гарч ирж байна. Mitime Cambodia Co.,Ltd 2018 онд байгуулагдсан, БНХАУ-ын иргэн Tian Haoming гэх захиралтай компани гарч ирж байгаа юм. Энэ нь 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол Улсад байгуулагдсан Tian Haoming гэх захиралтай Митайм Монголиа компантай мэдээлэл давхцаж байна.
Мөн MITIME Beijing Construction Co., Ltd-ийг (MITIME Beijing) нь 2020 онд байгууласан байдаг бөгөөд одоогоор 4-хөн ажилтан бүхий жижиг компани болох нь эх сурвалжуудаас батлагдаж байгаа юм. MITIME эрчим хүчний салбарт хараахан танигдаж мэдэгдээгүй, мөн өмнөх туршлага мэдээлэл зэргийг хайж үзсэн боловч өөрийн веб сайтгүй тул цахим орчинд ямар ч мэдээлэл авах боломжгүй байна.
Дээрх эх сурвалжуудын мэдээлэл дээр үндэслээд харахад MiTime International Co.,Ltd гэх компани тендерт оролцогчдод тавигдаж байгаа наад захын техник, санхүүгийн болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангах эсэхэд эргэлзээ үүсэж байна.
Хэрэв Монгол Улсад стратегийн онцгой ач холбогдолтой, эрчим хүчний салбарт томоохон дэвшил авчрах энэхүү төслийг дээрх Mitime international Co.,Ltd гэх энэ мэт тамганаас өөр зүйлгүй, хийсэн бүтээсэн бодит тэмдэглэгдэх туршлагагүй, хаана оршин буй нь ч тодорхойгүй ийм компанид хариуцуулвал энэхүү төсөл амжилтгүй болох маш өндөр эрсдэлтэй.
Цаашилвал уул уурхайн гол бүс нутагт хэрэгжиж буй Оюутолгой, Тавантолгой зэрэг Монголын эдийн засагт онцгой ач холбогдол бүхий уул уурхайн томоохон төслүүд ч удаашрах, цаашлаад Монгол Улсын эдийн засагт маш том хохирол учрах аюул нүүрлээд байгааг ажил хариуцсан эрхмүүд эрх биш гадарлаж байгаа байлгүй.
Дахин зарласан тохиолдолд дор хаяж 5-6 сарыг үр дүнгүй зарцуулж, эрчим хүчний хараат байдлаас гарахад онцгой ач холбогдолтой энэхүү төслийн зөвхөн эхлэх хугацаа л гэхэд бүтэн нэг жилээр хойшлох, цаашлаад хэрэгжиж чадаагүй унасан бусад эрчим хүчний төслүүдийн (Багануур, Бөөрөлжүүт, Шивээ Овоогийн нүүрсний цахилгаан станцууд, Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС г.м) араас орох нөхцөл байдал үүсэж болзошгүй.
Монгол улсын хөгжил дэвшлийн түлхүүр болсон эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг зогсоодог өнөөх “үл үзэгдэгч гар” ажилдаа орсон ч байж магадгүй байгааг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, салбарын сайд нар анхааралдаа авсан гэж найдаж байна.
Э.ТЭРГЭЛ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 14 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14