НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгууллаа. Форумаар Нийслэл хотын эдийн засгийг эрчимжүүлэх, хотын томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, илтгэлийг танилцуулсан юм. Мөн нийслэл хотын зүгээс хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хүрээнд НЗДТГ Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Форумын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт-Улаанбаатар” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр “Асуудлыг ил тод, нээлттэй, шилэн, олон улсын стандартад нийцүүлсэн, тогтвортой байдлаар шийдэх ёстойг өнгөрсөн 30 жилийн түүхээс бид харлаа. Бид нүүрс, зэс дээр тогтдог эдийн засагтай. Энэ агуулгаараа түүхий эдийн үнэ бидний амьдралд, эдийн засагт шууд нөлөөлдөг. Нөгөө талаараа бид хөгжлөө урт хугацаанд төлөвлөхөд ч сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ энэ тогтворгүй, гадаад хүчин зүйлээс хамааралтай асуудлыг бид цахим технологи, ухаалаг шийдлээр давж гарах эхлэлийг тавьж байна.
Монгол Улсыг нэг айл гэж авч үзвэл, урсгал зардал 80 хувийг, хөрөнгө оруулалт 20 хувийг л эзэлж байна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд ч адил. Тиймээс бид урсгал зардлаа хэрхэн багасгах вэ, хөрөнгө оруулалтаа хэрхэн нэмэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Ингэхийн тулд төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх, төрийн хийж чадахгүй байгааг хувийн хэвшил хийх боломжийг бүрдүүлэх нь бидний гарц. Улаанбаатар хотын хувьд ч томоохон бүтээн байгуулалт, асуудлыг шийдэх төсөл дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулах, хамтдаа шийдэх, миний чиний бус, бидний гарц гэж харж байж шинээр сэргэнэ” хэмээн онцоллоо.
Д.Сумъяабазар: Дижитал хот төслийн хүрээнд үндэсний тэргүүлэгч 70 гаруй технологийн компани, 1000 орчим инженертэй хамтран ажиллаж байна
Үүний дараа “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл” сэдвээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт хотын хүн амын өсөлт, төвлөрөлтэй уялдаагүйгээс асуудлыг шийдвэрлэх хэмжээнд бус, бага багаар торгоох, нөхөх хэмжээнд л байна. Улаанбаатар хотын хүн ам улсын нийт хүн амын 47 хувийг эзэлж байгаа бөгөөд хотод жил бүр шинээр хийж байгаа хөрөнгө оруулалт энэ хэмжээнд хүрэхгүй байна. Иймээс хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотын хувьд төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор татвар, төлбөр, хураамжийг өсгөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад дарамт учруулахгүй байхыг зорьж байна. Үүний тулд санхүүжилтийн өөр, бусад эх үүсвэрийг эрэлхийлж, энэ чиглэлээр эрх зүйн шинэлэг зохицуулалтуудыг санаачлан дэмжүүлж, хууль тогтоомжид тусгуулсан. Өнгөрсөн хугацаанд бидний хийж бүтээсэн гол ажил бол Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, УИХ-ын түвшинд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо, Засгийн газрын түвшинд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулсан. Ингэснээр нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг өргөн хүрээнд, цогц байдлаар шийдвэрлэх боломж бүрдсэн. Мөн үнэт цаас гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах зэрэг шинэ механизмуудыг ашиглах боломжийг бүрдүүллээ. Нийслэлийн Засаг даргын хувьд хөгжлийн төсөл, хөтөлбөр бүрийг аль болох төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэх бодлого баримталж, үүнд гадаад орнуудын сайн туршлагыг судалж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн зүгээс хэд хэдэн томоохон мега төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, хөрөнгө оруулагчдад санал тавьж, хамтран ажиллахаар төлөвлөлөө. Эдгээр нь хотын урт хугацааны хөгжилд онцгой хувь нэмэр үзүүлэх төслүүд юм” гэв.
Түүнчлэн үргэлжлүүлэн Хотын хөгжлийг хязгаарлаж буй бас нэгэн хүчин зүйл нь авто замын түгжрэл гэдгийг илтгэлдээ дурдан “Улаанбаатар хотын хувьд авто замын төлөвлөлтийг зайлшгүй өөрчлөн, босоо чиглэлд холбоос авто замыг барих, хотыг хоёр хувааж байгаа төмөр зам доогуур нүхэн гарц, дээгүүр гүүрэн гарц барих, хүн амын зорчилтыг зохистой харилцаанд хүргэх, ачаа тээврийг хотын нутаг дэвсгэрээс тойруулах зорилгоор тойрог замын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулж, үйлчилгээний шат дарааллыг багасган, хүртээмжийг сайжруулах зорилт тавьж, цахим засаглалыг хөгжүүлнэ. Энэ хүрээнд дижитал хот төслийг хэрэгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай, аюулгүй, ухаалаг хот байгуулахад шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг бий болгох юм. Энэ хүрээнд бид үндэсний тэргүүлэгч 70 гаруй технологийн компани 1000 гаруй инженертэй хамтран ажиллаж байна” гэсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14