А.ТҮВШИНТӨГС: Гэр бүлийн эсхүл ойр дотны хүнээ хүчирхийлэх нь хамгийн жигшим үйлдэл

Admin | 2024-03-08


-Таны хувьд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа сэтгэл санааны хохирлын асуудлаар судалгаа хийсэн. Өнөөдөр бид энэ сэдвийг хөндөж, судалгааны үр дүнг олон нийт мэдээсэй гэж хүсч байна?

-Би Өмгөөллийн Прайм партнерс хуулийн фирмд өмгөөлөгчөөр ажиллаж байна. Үүний хажуугаар гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл санааны хохирол, гэр бүлийн дагнасан шүүхийн асуудлаар сургалт, судалгаа хийдэг.

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын хүйсийн харьцаа ямар байдаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил болдог. Энэхүү хүний эрхийн зөрчилд дийлэнхдээ эмэгтэйчүүд, хүүхдүүд өртөж байна. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагын 2020 оны мэдээллээс харахад дэлхий дээр өмнөх 12 сарын хугацаанд 15-49 насны 243 сая охид, эмэгтэйчүүд нөхөр, хамтрагчийн зүгээс бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн Үндэсний статистикийн хороо болон цагдаагийн ерөнхий газрын хамтран гаргасан статистикийн тойм судалгаанаас харахад 2020 оны 1 улирлын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчилд 1813 иргэн өртөж, хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 72.8 (764) хувиар өссөн байна. Тэдний 92.7 (1681) хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Харин сүүл оны мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 96.6 хувь нь эмэгтэй хүн байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл ямар хэлбэртэйгээр үйлдэгддэг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталсан. Энэхүү хуулиар гэр бүлийн хүчирхийллийг сэтгэл санааны, бие махбодийн, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэрийг зааж өгсөн. Тэгэхээр энэ 4 хэлбэрээр үйлдэгддэг гэсэн үг юм. Тоон мэдээлэл бүхий судалгаанаас харахад, 2022 онд бие махбодийн хүчирхийлэлд 4888 хүн, сэтгэл санааны хүчирхийлэлд 129, бэлгийн хүчирхийлэлд 301, эдийн засгийн хүчирхийлэлд 19 хүн өртсөн. Энэхүү статистикаас харахад  МУ-д гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүдээс хамгийн их үйлдэгдэж байгаа хэлбэр нь бие махбодийн хүчирхийлэл байна. Иргэдийн хувьд харьцангуй бие махбодийн хүчирхийлэл өртсөнөө мэдсэн байдаг. Харин сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн хэлбэрүүдийг танин мэдэх, хүчирхийлэлд өртөж байгаа талаараа дуудлага өгөх нь бие махбодийн хүчирхийллийн хэлбэртэй харьцуулахад бага байгаа юм.

-Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр их илэрдэг гэсэн судалгаа байсан.

-Гэр бүлийн хүчирхийлэл нь бусад гэмт хэрэг, зөрчилтэй харьцуулахад харьцангуй ахуйн, далд хэлбэрээр илэрдэг. Мөн энэ талын мэдээлэл дутмаг, далд хэлбэртэй байдгаас гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад бэрхшээлтэй тулгардаг. Тухайлбал, хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн 40 хүрэхгүй хувь нь аливаа төрлийн тусламж хүсдэгээс 10 хүрэхгүй хувь нь цагдаад ханддаг гэсэн судалгаа байдаг. Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн статистик тоон мэдээлэл нь бидэнд ил гарч буй хувь нь харагдаж байгаа гэсэн үг. Харин далд хэлбэрээр түүнээс их хувиар үйлдэгдэж байгаа юм. Иймээс гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээллэх, хажуу айлын хөрш, найз, нөхдүүд нь мэдээллэх талаар зөрчлийн тухай хуульд тусгагдсан. Гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллэх үүргийг хуулиар бий болгосон. Тухайлбал: Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зохицуулалт бий. Энэхүү зохицуулалтыг зүй зохистой хэрэгжүүлэхийн тулд бодлогын хэмжээнд арга хэмжээ авч, хөршийн холбоог сайжруулах шаардлагатай гэж харж байна. Учир нь ихэнх гэр бүлийн хүчирхийлэл нь ахуйн хүрээн дэх архидалттай холбоотойгоор үүсч байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд гэр бүлийн хүчирхийллийн далд хэлбэрийг ил гаргаж ирэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд өөрсдийнхөө үүрэг, хариуцлагыг ухамсарлаж, оролцоотой байхыг уриалж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж буй хүмүүсийн боловсролын түвшин ямар байдаг вэ?

-Хүмүүсийн хувьд ихэнхдээ боловсролгүй хүмүүс гэмт хэрэг, зөрчил гаргадаг гэж боддог. Гэхдээ судалгаа, мэдээллүүдээс харахад ихэнхдээ боловсролтой хүмүүс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг үйлдсэн байна. Тухайлбал: Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2020 оны гэр бүлийн хүчирхийллийн статистикаас харахад 2020 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 27.9 хувь нь Дээд боловсролтой, 45.5 хувь нь Бүрэн дунд боловсролтой иргэд байсан байна. Үүнээс хархад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй үйлдэгчдийн ихэнх нь дээд болон бүрэн дунд боловсролтой иргэд байна. Харин насны хувьд 30-39 насны иргэд ихэнхдээ энэхүү гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч болсоор байна. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй цагийн хувьд шөнийн цаг буюу 22-6 цагийн хооронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байна гэсэн судалгаа гарсан. Аливаа хүчирхийлэл дундаас гэр бүлийн хүнээ эсхүл ойр дотны хүнээ хүчирхийлэх нь хамгийн жигшим үйлдэл байдаг. Иймээс улс орон бүр гэр бүлийн хүчирхийллийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоор зорилгоор хатуу шийтгэлийг ногдуулж байна.

-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хороо болон хорооны засаг дарга нар ямар арга хэмжээ авахаар хуульд заасан бэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн гомдол мэдээллийн ихэнх хувь нь нийслэлд буюу 73.1%-ийг эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэр бүлийн хүчирхийлэл их үйлдэгддэг. 2016 онд батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хороо болон Засаг дарга нь хэрхэн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох талаар зохицуулсан. Бүх шатны Засаг дарга нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай сургалт, арга хэмжээг зохион байгуулах, хууль сурталчлах, хамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг төсөвт тусгуулах санал гаргах зэргээр идэвхтэй ажиллаж болно. Мөн хорооны засаг даргын хувьд хамтарсан багийг ахалж ажиллана. Хамтарсан багийн хувьд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ авах анхан шатны бөгөөд урд шугамын нэгж юм. Тиймээс энэ нэгжээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг авна.

-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хөрш айл хэр нөлөөтэй вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн 5 хэрэг тутмын 4 нь орон гэрт үйлдэгддэг гэсэн судалгаа байдаг. Үүнээс харахад, гэр бүлийн хүчирхийлэл нь гэрт буюу өөрийн тухтай орчинд үйлдэгддэг гэдгийг харж болно. Манай улсын хувьд хөршийн мэдээлэх үүргийг хуульд зааж өгсөн. Монголчууд “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэж ярьдаг. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл гарч байгаа эсхүл болзошгүй нөхцөлд эр, эмийн хооронд илжиг ч болтугай жороолох үүрэгтэй байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй байна. 2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан мэдээлэл өгсөн этгээдийн талаархи мэдээллийг нууцлах үүрэгтэй, мөн холбогдох албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогч, гэрч, мэдээлэл өгсөн этгээдийн талаархи мэдээллийг задруулахыг хориглоно гэж заасан. Гэхдээ энэхүү заалт төдийлөн хэрэгжиж чадаагүй. Харин 2020 онд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн хэргийг холбогдогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчид танилцуулахдаа хохирогч, гэрчийн мэдүүлэг болон биеийн байцаалтыг нууцлах арга хэмжээг авна гэж нэмэлтийг оруулсан. Үүний дараа, хөрш болон мэдээлэгч нарын хувьд өөрсдийг нь хамгаалах бодит нөхцөл бүрдсэн талаар холбогдох албаны хүмүүс тайлбарладаг. Иймээс хөршийн холбоог сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж чадна.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)